Турк улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган саяхан сонгуульд ялсныхаа дараа өөрийн засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг зарласан юм.
Ингэхдээ тэр Туркийн төв банкны түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгчийг томилжээ.
Одоо 41 настай Хафиз Гэе Эркан нь АНУ-ын санхүүгийн ертөнцөд танигдсан нэгэн боловч эх орондоо төдийлөн олны танил бус.
1982 онд Истанбул хотод төрсөн тэрбээр инженер аав, математик, физикийн багш ээжтэй хүн юм байна. Туркийн шилдэг ерөнхий боловсролын сургуулиудын нэгийг төгссөн Эркан мөн улсынхаа нэр хүндтэй Богазичи их сургуулийг дүүргэжээ.
Дараа нь 2006 онд АНУ-ын Принстоны их сургуульд санхүүгийн инженерчлэлийн чиглэлээр докторантурт суралцсан байна.
Үүнийхээ дараа тэр 2015 онд Харвардын бизнесийн сургууль, 2016 онд Стэнфордын Бизнесийн сургуулийн хөтөлбөрүүдийг тус тус дүүргэжээ.
Ажлын туршлагын хувьд Эркан эхлээд 2005 онд хөрөнгө оруулалтын Голдмэн Сакс банканд туслах ажилтнаар орж, 2011 онд гүйцэтгэх удирдлага болж дэвшсэн байна.
Дараа нь 2014 онд First Republic банканд орж, 2021 онд гүйцэтгэх захирал нь болж байжээ.
2018 онд тэр Crain New York Business/San Francisco Business Times-ийн зарласан 40 хүрээгүй 40 шилдэг удирдагчийн нэгээр тодорч байв.
Тухайн үед Эрканыг АНУ-ын топ 100 банкны цорын ганц 40 хүрээгүй эмэгтэй гүйцэтгэх захирал хэмээн онцолж байжээ.
Хамгийн сүүлд 2022 оны зургаадугаар сард түүнийг Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн санхүүжилтийн Greystone компани гүйцэтгэх захирлаараа томилж байв.
Өнгөрсөн долоо хоногт Эрдоган бас эдийн засгийн уламжлалт бодлогыг баримтлагч Мехмет Шимшекийг сангийн сайдаар томилсон юм.
Эдгээр шинэ томилгоонуудаас харвал Эрдоган өмнөх уламжлалт бус бодлогоосоо татгалзаж, Туркийн эдийн засгийг сэргээхэд шинэ аргаар ажиллахаар шийдсэн бололтой байна.
Эх сурвалж: Aljazeera