Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн тус

Төр бизнесийг дэмжих хамгийн сайн ач тус бол ерөөсөө оролцохгүй байх явдал гэдэг. Угаасаа төр муу менежер гэдгийг бид мэддэг, их ч ярьдаг. Гэтэл ерөөсөө хэрэгжүүлдэггүй. Төрийн гар хөл оролцоод ирэхээр л зах зээлийн зарчмаараа, бизнесийн шударга өрсөлдөөнөөр явах гэж байсан салбар унаад ирэх нь бий. Монголд төрийн өмчит болон өмчийн оролцоотой 100 гаруй компани байдаг гэх. Гэхдээ дийлэнх нь ашиггүй ажилладаг хэмээх статистик нэгийг сануулна. “Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хувийн хэвшил хөрөнгө оруулалтаа хийгээд менежментээ зөв зохион байгуулаад явж байхад төр дундуур нь орж саад болдог тохиолдол байна” хэмээн ТӨХ-ны удирдах албан тушаалтан хэвлэлд ярьжээ. Хамгийн сүүлд гэхэд л төрийн өмчийн оролцоотой махны чиглэлийн корпораци байгуулагдахаар болсон мэдээлэл хамгийн тэнэг хийгээд ухаангүй шийдвэрт тооцогдож байгаа. Энэ шийдвэр нь эрүүл зах зээлийг хүсэгч бүхэнд, үүнээс зөв үр дүн хүртэхийг хүсэгчдийг гуниглуулсан. Улс төрийн намууд нь ч үүнийг буруутгаж байгаа. Албан тушаалдаа дулдуйдан ашиг олох гэсэн эрх дархтнууд ичихгүйгээр энэ бизнест орж, хувийн хэвшлийнхнээ боомилж дуусаад дараагийнх руу шилжих байх л даа. Хувийн хэвшилд байсан болгоноо буцаад улсын мэдэлд шилжүүлснээр өнөөдөр Венесуэл улс дэлхийн доог болоод л явж байна. Үнэндээ төр аль болох бага оролцоотой байж, дангаараа хөгжих боломжийг бизнесийнхэндээ өгдөг нь олон улсад тогтсон ойлголт. Харин манайд энэ таг эсрэгээрээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд нийтийн тээврийн асуудалд төр гараа лавхан дүрснээс болж хүмүүс явгарлаа. Нийтийн тээврийн асуудал төрийн анхаарлаас гарч болохгүй чухал асуудал мөн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бодлогоор дэмжээд өгөхийн оронд хэрээс хэтэрч, голд нь хэт орж, дүрдээ итгэж тоглосноос өнөөдрийн байдал үүсчихээд байна.

Аравдугаар сарын 7-ны өглөө. Хүйтний ам нааш эргэснийг баталж, цас лавсан ороод хоножээ. Автобусны буудал дээр аргаа барж, эргэлдсэн хүмүүс битүү байсан. Яагаад ч юм автобуснууд явахгүй, учир начрыг нь мэдэхгүй хүмүүс нэгнээсээ лавласаар. Нийтийн тээвэрт үйлчилгээнд явдаг 1010 автобусны 600 гаруй нь эхний өдөр үйлчилгээнд гараагүй. Тэд бүгд хувийн хэвшлийн автобусууд. Төрийн мэдлийн автобусуудыг зарим чиглэлд нэмж гаргасан ч цөөхөн хэд нь юу ч болох билээ дээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн компаниудын захирлууд нь цуглаад “Ажил хаяж байгаа юм биш. Аргагүйн эрхэнд зогсолт хийхэд хүрлээ” гэсэн тайлбарыг өгсөн. Долдугаар сарын 29-нд смарт картын үйлчилгээнд шилжсэнээсээ хойш салбараараа 10 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Ажилчдынхаа цалинг өгч чадахгүй, түлшний мөнгөгүй болчихлоо гэж тэд ярьж байгаа юм. Тасалбар түгээгчтэй байхдаа нэг автобус цагт 34 мянган төгрөг олдог байсныг, шинэ тогтолцоонд шилжсэнээр 14800 төгрөгөөр тооцож санхүүжүүлсэн нь алдагдалтай явсаар ийм байдалд хүргэлээ гэж тэд тайлбарлаж байгаа юм.

Төрийн уурга нь урт, хуйв нь уужим байх тусмаа хувийнханд ирдэг асуудал энэ. Мэдээж, нийтийн тээвэрт шинэчлэл хийж, орчин үеийн техник технологийн хөгжил дэвшлийг нэвтрүүлэх гэснийг буруутгах аргагүй. Гэхдээ хийсэн нь илүү их яршиг түвэг, чирэгдэл учруулахаар бол шинэчлэл хэрэггүй. Цаг нь болоогүй шинэчлэл хөрсөн дээрээ бэхжиж чадахгүй нь үнэн юм. Өнгөрсөн найм, есдүгээр сарын турш хүмүүс нийтийн тээврээр явахад амаргүй байгаагаа гомдоллосон. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсээр л байсан. Хуучин нэг автобусаар хүрдэг байсан газраа хоёр, гурав дамжиж байна. Өдөрт 1000-2000 төгрөг зарцуулдаг байсан бол 2000-4000 төгрөг боллоо гэсэн шүүмжлэл ер тасраагүй. Одоо харин нийтийн тээвэрт явдаг хувийн хэвшлийнхэн зогсч, зогссон шалтгаанаа ийнхүү тайлбарлаж байна. Дээрээс нь ажилдаа очихдоо 500, харихдаа 500 нийлээд мянган төгрөгөөр харьчихдаг байсан нөхдүүд дамжихаас аргагүй болж, 2000 төгрөг төлөх болчихоороо төсөв нь хүндрээд эхэлчихэж байгаа юм. Тэгээд л баахан зуут шургуулж байгаа царайлаад нэг удаагаасаа 200 төгрөг хэмнэх маягаар мөнгөний зохицуулалтыг өөрсдийнхөө хэр хэрээр хийж эхэлнэ. Ядуу нийгмийн ядуу иргэдийн сэтгэлгээг хөгжингүй орны иргэдтэй харьцуулж шүүмжлээд ч яах билээ. Бас гараа болгон дээрээсээ жолооч тасалбар түгээгчидтэйгээ нийлж хэдэн цаас “гөвдөг” байдал нь хумигдаад ирсэн. Хайрцагт мөнгө хийлгэдэг болсны дараахан хайрцагнаасаа мөнгө авах гэж оролдож байгаа хоёр нөхрийн дүрс бичлэгийг цацаж, бид ч муу муухайг нь дуудаж байсан даа. Үнэндээ бидний байгаа л царай энэ. Ядуу хүмүүсийн хоногийн хоолондоо нэмэрлэхээр илүү харж, билүү долоодог зан.

Ийм хөрс суурьтай байж, тийм арга хэмжээ аваад ирэхээр аяндаа өнөөдрийн ийм нөхцөл байдал үүсч байгаа юм. Үр дүнд нь иргэд намрын жихүүнд хотоороо хөл дүүжлэх унаагүй үлдлээ. Аравдугаар сарын 7-ны өдөр ийм байсан. Аравдугаар сарын 8-ны өдөр бас тийм. Бүр дордсон нь дараагийн өдрөө үйлчилгээнд 300 хүрэхтэй үгүйтэй автобус л явсан. Үнэндээ төрд өөрийн данстай унаа нь 200 гаруйхан юм билээ. Үлдсэн 800-гаад нь хувийн хэвшлийнх. Гэтэл тэдэнтэйгээ ойлголцохгүй болоод ирэхээр дунд нь иргэд л хохирч байна. Төр засгийн томчууд маань тэднийг шалгана, барина гээд л уурлаж загнаад байгаа сурагтай. Үнэндээ төр аль болох буулгаа бага буулгаж, оролцоогоо хумьчихвал дээр байх биз ээ.

Хувийн хэвшлийнхнийг дэмжээд өгөхгүй мөртлөө шалгана, барина, хорино, данс хаана, бооно гэдэг нь эргээд л тэр зах зээлийг унагах шалтаг болж байдаг. Өнгөрсөн хавраас яригдсан илүү гүйлт тэмдэглүүлээд улсаас тэрбумаар нь шамшигдуулсан хэргийн талаар зарим хүн “Үнэндээ ганц хоёр суудлын машинд тавьж олсон илүү гүйлтийн мөнгөөр бусад зуун автобусаа ажиллуулах сэлбэг хэрэгслээ авч байдаг байхгүй юу. Бизнес хийхийн зовлонг мэдэхгүй хүмүүс барьж хорихоо юун түрүүнд бодох юм даа. Барьж хориод эхлэхээр ажиллах хүнгүй болж, тэр салбар унадаг юм даа” гэлцээд байсан билээ. Хууль бус үйлдлийг өөгшүүлэн дэвэргэх гэсэнгүй. Гэхдээ хувийн хэвшлийнхнээр төрийн ачаанаас татуулах гэж л байгаа бол савраа багахан дүр гэж хэлмээр байгаа юм.

Угаасаа төр хэзээ ч ухаалаг, сайн менежер байж чаддаггүйг дээр өгүүлсэн. Төрийн нэрээр хэн нэгний эрх ашиг үргэлж цухалзаж явдаг учраас салбараа татаад л унагачихдаг юм. Тиймээс ямар ч салбарыг өөрийнх нь жамаар явуулчихвал яаж ийгээд л зүй тогтлоо олоод явчихдаг билээ. Нийтийн тээврийн шинэчлэл, смарт карт гээд зунжин, намаржин л шуугилаа. Үр дүнд нь нийслэлийнхэн тэр аяараа гудамжны хүлээлгэнд орчихоод байна. Хүүхэд, хөгшдийн хувьд хамгийн эхний хохирогчид. Угаасаа автомашины хязгаарлалт хэвээрээ учир машинтай хүмүүс ч хохирогчдын тоонд багтана.

Тэртэй тэргүй амаргүй байгаа өнөөдрийн нөхцөлд дахиж битгий нэрвээд байгаасай гэж хүсэхээр байна. “Муу дээр муухай, улаан дээр улцан” гэгчээр чадан ядан яваа өнөөдрийн нөхцөлд төр хуруугаа боловч бага дүрээчээ. Нэрвээсэнд нь нэвт нидрүүлчих гээд байна шүү, муу сайн ард түмэн чинь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *