Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт, Академич, Мэдрэлийн мэс засалч Жалелийн Хайрулла долдугаар сарын 31-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бурхны оронд заларчээ. Монгол Улсын 12 мянган эмчийн 11 мянгыг нь бэлтгэн гаргасан Төрийн шагналт, Ардын эмч Ж.Хайрулла агсан П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийг үүсгэн байгуулсан тул түүний нэрэмжит болгож байсан юм. Тэрээр мэдрэлийн анхны мэс заслыг Монголд нэвтрүүлж, 1966 онд тархины анхны мэс заслыг ганцаараа хийсэн түүхтэй.
Тэрээр 1930 онд Ховд аймгийн Булган суманд төрж, Жанжны нэрэмжит офицерийн сургууль, Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн ангийг төгсөж, БНСЧех Улсад тархины мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Ерөнхий боловсролын дунд сургуулийн тоо физикийн багш, МУИС-ийн Анагаах ухааны факультетийн багш, одоогийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч, зөвлөх эмчээр ажиллаж байсан. Мөн ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн зэрэг албан тушаалыг тасралтгүй хашиж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, шинэ үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, хүч чадлаа харамгүй зориулсан сайн эмч, удирдагч, багш, сурган хүмүүжүүлэгч байлаа.
Олон хүний амь насыг аварч, эрүүл энх амьдрахад нь эрхэм үүрэг гүйцэтгэсэн, Монголын анагаах ухааны салбарын ноён оргил Ж.Хайрулла агсны гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.