Categories
мэдээ цаг-үе

Төрийн хэргийг түвшин сайхан баривал…

Хүүхэд байхдаа уншиж байсан “Чойжид дагинын
тууж”-ийг саяхан нэг эргүүлэн уншлаа. “Болор судар” хэвлэлийн газраас эртний алдарт
зохиолууд болох “Оюунтүлхүүр”, “Цагийн жамыг тодруулагч “Цаасан шувуу” хэмээх сургаал”,
“Тоть шувууны сургаал”, “Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал”, “Орчлонгийн сав, шимийн
дууллаас”, “Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг”, “Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх
шастир оршвой”, “Чойжид дагинын тууж”, “Молон тойны эхдээ тус хүргэсэн нэрт судар
оршивай” хэмээх есөн бүтээлийг “Эртний сургаалын зохиолууд” болгон эмхэтгэсэн нь
хүүхэд залууст нэг дорын бүтээл болгон хүргэх гэснийх ажээ. Хүний энэ насандаа хураасан
буян, бүтээсэн бүхэн ирэх насны амар амгаланг бэлгэдэж, хийсэн нүгэл, муу үйл бүхэн
бас туулан өнгөрөх зовлон болдог гэдгийг эртний зохиол бүтээлд нягт нарийн өгүүлжээ.
36 насандаа нэр, нас андуурагдан эрлэгийн үүдийг татсан Чойжид бүсгүй 18 тамыг нэг
бүрчлэн үзэж, 18 тохиол учралыг нүдээр харж байгааг өгүүлдэг. Харин энэ дундаас
өнөөгийн төрийн түшмэдэд хэрэг болуужин хэмээн нэгийг нь ишилье. Хөх торгон дээлтэй
залуухан түшмэл Хятадын Сүн хааны дотоод яамнаа алба хашиж байгаад тэнд очжээ. Эрлэгийн
түшмэд түүний хийснийг толь данснаа үзээд хууль ёсыг сайн чандлан сахиж, муу нүглийг
хийсэнгүй. Хэрэг буруу шүүсэнгүй, ямагт зөв шийдэж ирсэн тул тэнгэрийн арван долоон
төрлийн дотроос зөв онолтой ариун тэнгэрийн орны хөвгүүнээр дахин төрүүлэхээр болдог.
Харин тэрхүү түшмэл цааш баярлан одохдоо “Ноёд түшмэдүүдэд төрийн хэргийг түвшин
сайхан барьж, үнэнч шударга шийдвэл жаргалыг эдлэх юм байна шүү хэмээн захиарай”
гэж байгааг өгүүлдэг. Тэгэхээр энэ насандаа чадаад байгаа, болоод байгаа юм шиг
бодож өөрийг илүүд бодож, өрөөлийг хохироогоод байхад дэнс нь цаанаа эргэж л байдаг
байх нь шүү. Бас төрийн хэргийг түвшин сайхан барихад ач тус нь энэ насанд үгүй
юм гэхэд ирэх насанд ирдэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *