Categories
мэдээ нийгэм

Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслол эхэллээ

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд зориулан Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол эхэллээ.

Есөн хөлт цагаан тугийг Нийслэл хотын төв замаар бүтэн цагийн турш аялуулж, 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт залснаар наадмын нээлт албан ёсоор эхэлнэ.

Чингис хаан 1206 онд Их Монголын тулгар төрийг байгуулж, Их Цагаан тугийг босгон тахиснаас эхлэн манай өвөг дээдэс өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ. Их цагаан тугийг мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө бат барьж байхыг бэлгэджээ.

1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж тунхагласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай сүүлээр бүтээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *