Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны зөвлөлийн гадаад хамтын ажиллагаа өргөжиж байна

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо БНАЛАУ-ын Дотоод хэргийн яамны урилгаар 5 дугаар сарын 26-29-нд БНАЛАУ-д ажлын айлчлал хийв. 

Ажлын айлчлалын үеэр Б.Цогоо БНАЛАУ-ын Боловсон хүчний асуудал эрхэлсэн Намын төв хорооны дэд дарга Тонгчан Конфумхам, Засгийн газрын Шадар сайд ноён Асанг Лаоли, Дотоод хэргийн сайд Сайси Сантивонг болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр орны төрийн албаны байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар харилцан санал солилцож, цаашид энэ салбарт хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийллээ. 

  Улаанбаатар хотноо 2013 оны 9 дүгээр сард зохион байгуулсан “Төрийн албаны мерит тогтолцоо: туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын  ээлжит чуулга уулзалтын үеэр  санамж бичгийн төслүүдийг оролцогч орнуудад гардуулсан юм. 

Энэхүү айлчлалын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайд ноён Сайси Сантивонг нар хоёр улсын төрийн албаны төв байгууллагууд хамтран ажиллах тухай Санамж бичигт  гарын үсэг зурав. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайд Т.Жанабазар болон албаны бусад хүмүүс байлаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Санамж бичиг байгуулсан нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхний алхам болсон чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг дурдаад цаашид идэвхтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг цохон тэмдэглэв. Энэ үеэр Лаосын тал Монгол Улсын төрийн албаны бодлого, үйл ажиллагаа, туршлагаас судалж, суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.      

Түүнчлэн айлчлалын хүрээнд зохион байгуулсан “Төрийн албаны удирдлага, хоёр талын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, семинарын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо Монгол Улсын Төрийн албаны тогтолцоо, Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэг, төрийн албанд иргэдийг сонгон шалгаруулах журмын талаар танилцуулж, сонирхсон асуудлуудаар харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *