Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой сонсгол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
УИХ-ын нэр бүхий 20 гишүүн хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Энэ дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томилсон. Тэрбээр сонсголын эхэнд “Өнөөдрийн сонсголын оролцогчдын санал зөвлөмжүүдийг үндэслэн ХЗБХ, Хүний эрхийн дэд хороо санал дүгнэлт гаргана. Улмаар энэхүү санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх, шаардлагатай тохиолдолд тогтоол гаргана. 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед гишүүд үг хэлэх явцдаа давхар байнгын хороонд ажиллаж байгаа. Үндсэн гурван илтгэл 10-15 минут үргэлжилнэ” хэмээв.
Тэгвэл сонсголд оролцож буй холбогдох албаныхан “Хүүхэд хамгааллын тогтолцоо, тулгамдсан асуудал” сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссоос илтгэл тавьж эхлээд байна. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Хамтарсан багийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах шаардлага байна. Түр хамгаалах байраар үйлчлүүлэх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Нийт 25.9 хувиар нэмэгдсэн. Хохирогчийг хамгаалах чадамж муу, хүчирхийлэл үйлдэгдэж байгаа орчноос хохирогчийг тусгаарлах байранд аргацаах зэргээр явуулж байна. Байрлаж байгаа байр нь буюу түр байр стандартын шаардлагад нийцэхгүй байна” хэмээн мэдээлэлдээ тодотголоо.
Харин хуульч Б.Буянжаргал “Өмгөөлөгчид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хуулийн дагуу зөвлөгөө өгөхөөр түр хамгаалах байранд аваачдаг ч 7-14 хоног л байдаг. Түүнээс цааш хугацаагаа сунгаж чаддаггүй. Удаан хугацаанд байсан ч нэг хүн түр хамгаалах байрны түлхүүрийг эзэмшиж байдаг. Тэр хүн зөвхөн түлхүүрийг л мэдэж байгаа болохоос биш өөр ямар арга хэмжээ авахаа мэддэггүй. Мөн тэнд сэтгэлзүйч байх ёстой байтал сэтгэлзүйчийн орон тоо байдаггүй” хэмээлээ.
2021 онд хийсэн судалгааны тайлангаас харахад хүүхдийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал төрийн бодлогын түвшинд анхаарахуйц байдалтай байна. Нийт 5-17 насны 852 мянган хүүхэд байгаагаас эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 5-17 насны хүүхэд 207 мянга, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд 138 мянга, түүнээс аюултай хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо 58183 байгаа юм. Үүнээс үзэхэд, таван хүүхэд тутмын хоёр нь аюултай хөдөлмөр эрхэлж буйг сонсголын үеэр онцоллоо.