Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төмөр замын даргын томилгоонд улс төрийн нөлөө оруулахгүй байхыг хүсчээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргыг сонгох хурал өнөөдөр Москва хотноо болох гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийж, Ерөнхий сайдад захидлаар болон албан бичгээр хандаж буйгаа мэдэгдлээ.

Төмөр замын ТУЗ гэж хэлж болох УБТЗ-ын Ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг хэдхэн хоногийн өмнө шинэчлээд байгаа. Хувь нийлүүлэгчдийн хурлаас Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд нарыг чөлөөлж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг томилсон билээ.

Харин Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонынхон дээрх томилгоонд сэтгэл дундуур байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Тиймээс Ерөнхий сайдад албан бичгээр хандан уг томилгоог Оросын талтай зөвшилцөн эргэн харах боломж байгаа эсэхийг лавлажээ. Тэд Ерөнхий хорооны гишүүдийг төмөр замын ажлын туршлагатай, мэргэжлийн хүмүүс байх ёстой гэж үзэж байгаа аж. Ингээд зогсохгүй өнөөдөр Москва хотноо шийдэгдэх Төмөр замын даргын асуудалд улс төрийн нөлөө оруулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нараас хүсч буйгаа мэдэгдлээ.

УБТЗ-ын даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс дуулдах болсон. Эдэн дунд мэргэжлийн төмөр замчин нэг ч байхгүй бүгд улстөрч, тэдний гар хөл болсон хүмүүс гэдгийг ҮЭХ-ныхон онцолж байв. Ялангуяа УИХ-ын гишүүн асан Д.Загджав төмөр замын даргыг томилох асуудлыг хэлэлцэх багт багтаж ОХУ-рүү ниссэн нь УБТЗ-ын даргын томилгоо улс төртэй хутгалдаж буй тод жишээ гэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *