Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл 237.5 сая ам.долларын ашигтай гарлаа DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны Бодлого, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагааны тархалтын хэлтсийн дарга Д.Баасан “2023 оны дөрөвдүгээр сард инфляцын түвшин 11.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх оны эцэстэй харьцуулахад 4.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Инфляц 11.3 хувьтай гарахад хүнсний бараа ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 17 хувь, согтууруулах ундаа тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь, хувцас бүс бараа гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь, орон сууц цахилгаан хийн болон бусад түлшний үнэ дүнгээрээ 6.7 хувь, гэр ахуйн тавилга бараааны бүлгийн үнэ дүнгээрээ 13 хувь, эм тариа эмнэлгийн үйлчилгээний үнэ дүнгээрээ 6.7 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4 хувь, зочид буудал нийтийн хоолны үнэ дүнгээрээ 24 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Мөн инфляцын 4.8 нэгж буюу 42.6 хувийг дангаараа импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Гадаад худалдааны мэдээллийг авч үзвэл, Монгол Улс эхний дөрвөн сарын байдлаар нийт 134 улстай бараа эргэлт хийсэн. Бараа эргэлтийн хэмжээ 7.7 тэрбум ам доллар болсон. Үүнд экспорт 5.1 тэрбум ам доллар, импорт 2.8 тэрбум ам доллар хүрсэн байна. Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум ам доллараар өссөн. Өсөхөд экспорт 2.3 тэрбум ам доллар, импорт 315.5 сая ам доллар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн.

Экспорт өмнөх оны мөн үеэс 81.8 хувиар өссөн. Өсөхөд нүүрсний экспорт 2 тэрбум ам.доллар, махан бүтээгдэхүүн 67 сая ам.доллар, жоншны хүдэр 41.5 сая ам доллараар өссөн нь гол нөлөөг үзүүлсэн. Харин импорт өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өссөн. Өсөхөд дизелийн түлш 127.7 сая ам доллар, ачааны автомашин 79 сая ам доллар, уул уурхайн салбарын хүнд машин механизм 28.1 сая ам доллар, тээврийн хэрэгсэл 21.7 сая ам доллар, шинэ дугуй 21.2 сая ам доллар өссөн нь голлон нөлөөлсөн.

Төлбөрийн тэнцлийн 2022 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 753.4 сая ам долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны хувьд 237.5 сая ам долларын ашигтай гарсан. Ашигтай гарахад барааны худалдааны экспорт нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлсэн. Төлбөрийн тэнцэл 79.6 сая ам долларын ашигтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс нэг тэрбум ам.доллар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо энэ оны дөрөвдүгээр сард 484 мянга болж өмнөх оны мөн үеэс 17 мянга буюу 3.6 хувиар нэмэгдсэн.

Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний дөрвөн сард давхардсан тоогоор 2.2 сая хүнд 648.7 тэрбум тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийг олгосон. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 45.6 мянга буюу 2.1 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ хөнгөлөлтийн хэмжээ 28.9 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 78 мянга буюу 68.5 хувь нь ажилгүй хүн байна. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 25.6 мянга буюу 24.5 хувиар буурч, өмнөх улирлаас 22 хувиар өссөн. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс буурахад 15-44 болон 60 -64 насны бүлэгт ажилгүй хүн 1.1-7.1 мянгаар буурсан нь голлон нөлөөлсөн. Харин өмнөх улирлаас ажилгүй хүний тоо өсөхөд 15-24, 30-64 насны бүлгийн ажилгүй хүний тоо 0.4-4.4 мянгаар өссөн нь голлон нөлөөлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *