Залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг өнөөдөр 17:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна.
Уг бүтээлийг тавихдаа Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийг оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчидзорьжээ. Бүтээлд Монголын өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох үнэнч хайр сэтгэлийн тухай хүүрнэх бөгөөд хайрын танго бүжгийг сонгодог балеттай хоршуулан дэглэсэн өвөрмөц тавилттай бүтээл аж.
Тайз нь өнөөгийн хотын амьдралыг харуулсан шийдэлтэй байна гэдгээрээ онцлогтой юм. Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан байна.