Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 126 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 2023 оны 12-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 28,494 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 126 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 54, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 4, Өмчлөх эрхийн эсрэг 36, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, бусад 4 хэрэг байна.

Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 27, сураггүй алга болсон хүн 59, шүүхээс даалгасан хүн 24, зөрчил үйлдсэн 9 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 57 иргэнд 17.100.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 119 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:

Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Л” нарын таван этгээд нь 2022 оны наймдугаар сараас 2023 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, хувь хүний цахим орчин дахь мэдээллийг өөрчилж, хохирогчдын цахим хаягт бүртгэлтэй найзуудаас зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мөнгө авч залилсан, мөн энэ хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон нийт 98 удаагийн үйлдлээр бусдад 39,6 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Дорноговь аймгийн Прокурорын газарт;

Мөн “Г”, “З” нар нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 03 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогчийн эмзэг байдлыг нь далимдуулж фэйсбүүк цахим орчинд “Санхүү авна” гэх зар байршуулан, ашиг олох зорилгоор бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулан дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт;

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 дугаар сард нэр бүхий иргэнээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлэн, айлган сүрдүүлж тээврийн хэрэгслийг нь авч явсан гэх үйлдэлд иргэн “О”-г  холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт тус тус хүргүүлсэн байна.

Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б” нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн орчимд Toyota маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай хэрүүл, маргаан үүсгэж, салаавч гарган танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас иргэн “Ц” нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус дүүргийн 4 дүгээр хороо, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан нөлөөлөхийг оролдсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус хүргүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн “С” нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болсон үндэсний бөхийн барилдааны үеэр иргэн “Т”-ийн биед халдаж, ёс зүй зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн “О”, “Б” нар нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна шатахуун авахаар дугаарлаж байх үедээ олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, иргэдийг үл хүндэтгэсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авхуулах саналыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогч тус бүрд 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *