Categories
мэдээ нийгэм

Цусны донорууд дугаарлахгүйгээр эмнэлэгт үзүүлэх боломжтой

Эмнэлгүүдийг цусан бү­тээг­дэхүүнээр хангах нь өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагаа байдаг. Зуны улиралд цусны эрэлт нэмэгддэг боловч цус өгөлт багасч нийлүүлэлт буурдаг гэж Цусны төвийнхөн онцолж байна. Үүнээс үүдэн эмнэлгүүдийн цусан бүтэгдээхүүний хэрэгцээг бүрэн хангах боломжгүй болж байгаа тухай “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн захирал Н.Эрдэнэбаяр ярьсан юм. Цусны донор болж цусаа өгөх нь сайн дурын үйл ажиллагаа ч гэлээ хөгжилтэй орнуудад иргэний үүрэг гэж заасан байдаг. Манай иргэдийн хувьд цусаа өгснөөр халдвар авах, даардаг болох, донор болоход цусны бүлэг хамаатай зэрэг буруу ойлголтууд байсаар байгаа гэнэ. Цусаа өгөх нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй, 17-60 насны өөрийгөө эрүүл гэж бодож буй хэн ч цусны донор байх боломжтой юм байна. Мөн донор өвдсөн тохиолдолд хоёр гуравдугаар шатны эмнэлэгт дугаар дараалалгүйгээр үзүүлэх, зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүйгээр өгөх эрх нээгджээ. 35-аас дээш удаа цусаа өгсөн бол улсын магадлан итгэмжлэгдсэн амралтанд нэг удаа үнэгүй амрах боломжтойг ч Н.Эрдэнэбаяр захирал хэлж байна. “Цус сэлбэлт судлалын үндэсний төв” нь ажлын өдрүүдэд 8.30-14.00 цагийн хооронд цус авдаг байна. Иргэн та цусаа хандивлахыг хүсвэл иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэхтэйгээ очиход хангалттай юм.

Б.ГАНЧӨДӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *