Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөмийн бөмбөг дэлбэрвэл йод аминд ордог DNN.mn

Орос, Украины дайн хурцдаж байгаа энэ үед цөмийн зэвсгийн талаар дэлхий нийтээр ярьж байна. Оросын ерөнхийлөгч В.Путин цөмийн бөмбөг хэрэглэх талаар нэг бус удаа сануулж, Украин энэ аюулыг эхлүүлэхгүй байх талаас олон улсаас тусламж хүсч байна.

Нөгөө талаар хэрэв цөмийн зэвсэг хэрэглэвэл ямар хор уршиг үлдээх вэ. Цөмийн зэвсгийн цацрагийн аюулаас яаж сэргийлж болох талаар дэлхийн улс орнууд аль хэдийнэ анхааралдаа авч, алхам хийж эхлээд байна. Үүний нэг бол цацрагийн аюулаас хамгаалах йод нөөцлөх ажил юм. Цацрагийн аюул хүний биеийн эд эрхтэн дундаас бамбай булчирхайг хамгийн түрүүнд гэмтээдэг гэдэг. Тиймээс бамбай булчирхайн эмгэгүүдийн гол эмчилгээ нь йод гэж мэргэжлийн хүмүүс үздэг.


Н.Тэгшбаяр: Цөмийн цацрагт хордлогод йод хамгийн сайн


Энэ талаар Цөмийн энергийн газрын дарга асан, цөмийн физикч Н.Тэгшбаяраас цөөн асуултад хариулт авсан юм.


-Цөмийн цацрагийн аюулаас хамгаалахын тулд гадны улсууд йодыг их хэмжээгээр нөөцөлж байна. Цацрагийн хорыг йод тайлдаг гэсэн үг үү?

-Үнэн. Цөмийн цацрагт альфа, бета, гамма гэсэн гурван цацраг байдаг. Эдгээр нь нүдэнд үзэгдэхгүй, харагдахгүй, үнэртэхгүй, амтлагдахгүй. Ялангуяа альфа, бета хоёр нь хүний биеийг нэвт гарахдаа эсийн түвшинд гэмтэл үүсгэдэг. Цөмийн цацрагийн хордлогын үед хүний биеийн бамбай булчирхайн үйл ажиллагаа доголддог. Тодруулж хэлбэл, бамбай булчирхай бол аливаа цацраг туяанд маш мэдрэг эрхтэн. Үүнээс улбаалж йодын дутагдал үүсэх аюул бий болдог. Энэ эрсдэлээс сэргийлж, цацрагийн хордлогыг бууруулахын тулд йодыг хэрэглэдэг.

Йодын атом нь эерэг цэнэгтэй цөмөөс бүрддэг. Өөрөөр хэлбэл, дотор нь 53 протон, 74 нейтрон байдаг. Йодын атомын энэ шинж чанар нь эмчилгээнд хэрэг болдог гэсэн үг.

-Чернобылийн ослын дараа цацрагт хордсон иргэдэд йод өгч байсан мэдээлэл байдаг. Зөвхөн бамбай булчирхайг хамгаалах үүднээс хэрэглэдэг гэсэн үг үү?

-Бамбай булчирхайн өөрчлөлтөөс гадна сэтгэхүйд өөрчлөлт орох эрсдэлтэй гэж үздэг. Йодыг хэрэглэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй. Хүний биед нэн шаардлагатай. Тунгийн хувьд маш багаар шаардагддаг. Дангаар хэрэглэхээс гадна йоджуулсан давс, йодоор баяжуулсан хүнс хэрэглэж эрүүл мэндээ хамгаалж болдог.

Йодыг зөвхөн цөмийн цацрагийн хордлогоос гадна бусад хордлогын үед ч хэрэглэдэг шүү дээ. Олон улсад йод ихтэй устай газар, йод багатай устай газар гэж бий. Йод бага агуулагддаг устай газарт дээр хэлснээр энгийн үед ч хүнсэндээ нэмэлтээр хэрэглэх ёстой гэв.

Эмийнсангуудаарйод худалдаалахгүй байна

ОХУ, Украин хооронд өрнөж байгаа дайнтай холбоотойгоор хил залгаа бүс нутгуудад йодыг их хэмжээгээр цуглуулж, хадгалах болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа. Хамгийн сүүлд Польш улс Украины Запорожье атомын цахилгаан станцын эргэн тойронд өрнөж буй тулаантай холбоотойгоор цацраг идэвхт бодист өртсөн тохиолдолд хэрэглэх йодын шахмалыг бүс нутгийн гал унтраах ангиуддаа тараасан гэж REUTERS агентлаг мэдээлсэн билээ. Түүх сөхвөл 1986 оны Чернобылийн ослын дараа иргэдэд йодыг эмчилгээнд ихээр хэрэглэж байсан гэдэг. Үүнээс улбаалж цөмийн зэвсэгтэй улс орнуудад йодыг уух хэлбэрээр /шахмал/ эмийн сангуудаар чөлөөтэй худалдаалдаг болжээ.

Тэгвэл манай дотоодын эмийн сангууд, эм ханган нийлүүлэгч гол байгууллагуудад йод худалдаалдаг талаар тодруулсан юм.

“Ази фарм” компани йодыг нунтэг хэлбэрээр худалдаалж байгаад нэлээд эртнээс тасарсан. Тиймээс одоо худалдаалахаа больсон гэдэг мэдээллийг өглөө. “Хүрмэн” эмийн сангийнхан “Бодис нь тасарсан учраас үйлдвэрлэхээ аль эрт зогсоосон” гэв. “Монгол эм импекс” компаниас тодруулахад “Йодыг манай компани худалдаалдаггүй” гэж байна. Харин “Монос” компанийн хувьд йод агуулагдсан “Йодмарин” гэх эмийг л худалдаалдаг юм байна. Бамбай булчирхайн дутагдалтай хүмүүс энэ эмийг авч хэрэглэдэг аж. Тус эм нь цацрагийн аюулаас хамгаалах хэмжээний бүрэн йод агуулагдаагүй, бусад эмийн хольцтойгоор ийнхүү хэрэглээнд байдаг юм байна.

Дайны нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед энэ асуудал улс орны хэмжээнд яригдах ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яамнаас эхлээд Засгийн газар хүртэл энэ талаар ямар ч мэдээлэл, сэрэмж байхгүй хэвээр байна. Иргэдийн дунд ч мэдээлэл хомс, эмийн сангуудаар ч худалдаанд байдаггүй юм байна. Гэтэл олон улсад аль хэдийнэ албаны хэмжээнд болон хүн ардын хэмжээнд нөөцлөөд байгааг бид анхаарах учиртай. Цөмийн физикийн салбарын хүмүүс ч тодорхой хэлж тайлбарлаж байна. Тиймээс төр засгаасаа эхлээд эм ханган нийлүүлэгч компаниуд йодыг татан авах, дотооддоо боловсруулах ажилд анхаарах цаг болжээ.


Эмч Н.Бадамсүрэн: Хүүхдэд йод дутагдвал IQ чадамж нь 10-15 хувь буурдаг


Цацрагийн туяанд мэдрэг эрхтэн болох бамбай булчирхайн үйл ажиллагаа, эмгэгийн талаар дотоод шүүрлийн мэргэжлийн эмч Н.Бадамсүрэнгээс тодруулсан юм.


Тэрээр “Бамбай булчирхай бол хүзүүний урд байрладаг даавар ялгаруулдаг булчирхай. Түүний төв удирдлага нь өнчин тархинд байдаг. Нэг ёсондоо өнчин тархинаас бамбай булчирхайг удирдаж, зохицуулж байдаг гэсэн үг. Бамбай булчирхай даавар нь зүрх судас, тархи мэдрэл, хоол боловсруулах, яс булчингийн эрхтэн тогтолцоо, бодисын солилцоо гээд бүх зүйлийг зохицуулж байдаг чухал эрхтэн. Тиймээс дааврын өөрчлөлт гарахад л хүний биеийн бүх эрхтэн тогтолцоонд өөрчлөлт гардаг. Бамбайн булчирхайн өвчлөлийн хувьд төрөлхийн буюу олдмол дутагдал, мөн бамбай булчирхайн томролын эмгэгүүд байдаг. Дутагдлын үед эмчилгээнд йодыг хэрэглэх ёстой.

Бага насны хүүхдүүдэд бодисын солилцоо маш эрчимтэй явагддаг учраас йодын хэрэгцээ өндөр. Хэрэв йод дутагдвал IQ чадамж нь 10-15 хувь буурна гэсэн судалгаа бий. Насанд хүрсэн хүний биед 15-20 мг йод агуулагддаг бөгөөд түүний 70-80 хувь нь бамбай булчирхайд байдаг. Манай улс бол йодгүй бүс нутаг гэдгийг ДЭМБ зарлачихсан шүү дээ. Нийт газар нутгийн 80 хувь нь йодын дутагдлын бүсэд хамаардаг. Нэг ёсондоо бид уснаас, хөрснөөс йод авах боломжгүй. Тийм ч учраас йодын дутагдлын эмгэгт өртөх эрсдэлтэй гэсэн үг. Монгол Улс 1996 оноос хойш ард иргэдийн йодын хэрэглээгээ хангахын тулд давсыг йоджуулж хэрэглэдэг болсон. Монголчууд йодын хэрэгцээнийхээ 92 хувийг хүнснээс, найман хувийг агаар, уснаас авдаг. Сүүлийн үед бамбай булчирхайн эмгэгүүд дотроос дутагдалд орж байгаа нь дийлэнх байна” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *