Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны шугамаар Арабын Нэгдсэн Эмират Улсад тав хоногийн хөтөлбөртэй яваад ирлээ. Гол зорилго маань цөлийг хэрхэн ойжуулсан, услалтын системээ яаж шийдсэн, аялал жуулчлал хэр хөгжсөн, сэргээгдэх эрчим хүч, Арабын ертөнц ямар байдгийг үзэж судлах, мөн өндөр хөгжсөн оронтой Монголоо бага зэрэг харьцуулалт хийх гэх мэт.
Эмират нь долоон муж улсаас бүрдсэн нэгдсэн улс аж. Олон үндэстнээс бүрдэнэ. Энэтхэг, Пакистан арай их хувь эзэлнэ, эмиратууд нь ердөө 12 хувь (уугуул арабууд). Энд арван хүн тутмын нэг нь араб хүн. Хаантай, сонгууль гэх мэт нь огт болохгүй. Эдгээр улс нь нэг нэгээрээ Английн колончлолоос гарсаар 1971 онд Арабын Нэгдсэн Эмират Улс бий болжээ. Саяхан арванхоёрдугаар сарын 2-нд 45 жилийн ойн баяраа нүсэр тэмдэглэх шиг болсон.
Нэг хүнд ноогдох ДНБ 38 мянган ам.доллар. Абу Даби нийслэлдээ хаан өөрөө сууна, хот байрлах газар нутаг нь нефтиэр асар баялаг. Энд нэг литр цэвэр ус нэг литр нефть хоёрын хооронд ердөө 30 центийн зөрүүтэй, мэдээж импортын брэнд цэвэр ус арай илүү үнэтэй. Ерөнхийдөө усны хэрэглээндээ их эмзэг ханддаг, ерөнхий боловсролын сургуульд нь усны зөв хэрэглээний талаар маш сайн зааж хүмүүжүүлдэг. Зундаа хэт их халдаг тул усны хэрэглээ 92 хувь хүртлээ огцом өсдөг гэнэ лээ.
Абу Даби бүхэлдээ ногоон байгууламж. Цөлд ой бий болгоод тэр ой дотроо бүгдээрээ сайхан амьдрах аж. Манайх шиг -30, -40 хүрч хөлдөөчихгүй, байнгын зунаараа байдаг болохоор өвөлд бэлдээд сүйд болоод байхгүй, зураг төслөө гаргаад, хаана нь зам байна, тэрний хажууд модоо тарьчихна.Тэгээд бүх модоо нэгдсэн услалтын системээр холбож байгаад нарны элч жаахан багасаад ирэхээр услаад эхэлнэ, хурц наранд услалтын 70-80 хувь агаарт ууршдаг болохоор аль болох шөнөөр дуслын систем ашиглаж усалдаг байна.
Орчуулагч нөхрийн ярьснаар бол Абу Даби, Дубай хоёрыг яаж ингэж ойжуулсан юм бэ гэж жуулчид их асуудаг гэнэ. Хариулт нь их энгийн. Хаан нэг өдөр таван сая мод тарь гэж зарлиг гаргаж, тэгээд л тариад эхэлсэн. Усалгааг далайн усыг цэвэрлэж саарал ус бий болгоод л шийдчихсэн гэж хээвнэг ярив.
Мэдээж шинжлэх ухаан талаасаа их судалгаа хийсэн байж таарна. Цөлд ургадаг модыг эр эмээр нь сөөлжилж тарина, байнгын арчилгаа шаардана, тэр их ажилчны цалин мөнгө гээд эдийн засаг талаасаа ч асар их хүчин зүйл орсон байж таарна. Манайх шиг зун болгон нэг мод тарьсан болоод хаяад явчихгүй, юу ч үзэгдэхгүй элсэн цөлийг 20 жилийн дотор ойжуулна гэдэг зөвхөн мөнгө, ажиллах хүчээс гадна улс эх орноо гэсэн сэтгэл тун чухал. Нийслэл Абу Дабид хүний гараар бүтсэн хамгийн том хиймэл арал бий. “Яас айланд” бол 25 км.кв хиймэл арал юм. Сингапур улсын Сентоза арлаас тав дахин том хиймэл арал руу эх газраасаа газар доогуур нэг км туннелиэр холбогдоно. Хиймэл арал дээр Феррари машины үйлдвэр, зургаан одтой зочид буудал, Формула-1 уралдаан болдог гээд ер нь байхгүй юм гэж алга. Удахгүй Америкийн кино компани болох “Варнер Брос” өөрсдийн студиэ хиймэл арал дээр нээнэ гэнэ. Лос-Анжелес хотод байдаг “Юниверсал студи Холливүүд” шиг жуулчдыг татах үзвэр нэгээр нэмэх юм байна. Хиймэл арал хийгээд тэр арлаа ойжуулаад, жуулчдыг татаад байгааг нь бодохоор арабууд чинь бүгд клашник буу бариад гүйлдээд байдаг хүмүүс биш бололтой. Сүүлийн үед холливүүдийннхэн кино зураг авалтаа энд ирж хийх болжээ. “Галзуу хурд 7”, Том Крүзийн тоглосон “Биелэгдэшгүй даалгавар” гэх мэт холливүүдийн алдартай киноны зураг авалтыг энд хийжээ. Тэр ч битгий хэл, алдарт Майкл Жексоныг амьд сэрүүн байх үед нь урьж тоглолтыг нь хийлгэх гэж байсан гэнэ. Даанч Саудын Арабын шахалтаар цуцлагдаж байсан гэж орчуулагч маань дурамжхан ярина лээ.
Персийн булангийн орнуудаас аялал жуулчлал хамгийн хөгжсөн нь Дубай. Хот ногоон байгууламжаас гадна бүхэлдээ уран барилга. Энд үл хөдлөх хөрөнгийн арилжаа их хөгжсөн. Рийл стэйт буюу үл хөдлөх хөрөнгийн бизнес нь хотын төсвийнхөө 65 хувийг босгодог гэнэ. Хотын ногоон байгууламж нь Абу Дабитайгаа адилхан арга техникээр шийдэгдсэн. Аялал ,жуулчлалын бүс гэсэндээ архи, пиво гэх мэт алкохолын төрлийн ундааг эндээс олно. Гэхдээ дэлгүүрт нь зарахгүй зөвхөн зөвшөөрөгдсөн газруудаар үйлчилдэг гэсэн. Энэ тал дээр хууль хатуу. Аялал, жуулчлал өндөр хөгжсөн нь олон хүчин зүйлээс хамаарна, Арабын ертөнцөөрөө үзвэрийн газар шиг биш, их хатуу дэг жаягтай болохоор араб ертөнцийг хамгийн аюулгүй түвшинд үзэхийг хүссэн хүмүүс бүгд энд цуглана. Илүү эрсдэлтэй аяллыг хүсвэл хажууханд Ирак, Иран гэх орнууд бий. Аялал жуулчлалын гол зарчим нь аюулгүй, үйлчилгээ сайн, ямар ч хулхи бүдүүлэг харьцаа байхгүй, соёлтой найрсаг гээд үйлчилгээ талдаа шаардлага өндөр.
Араб ертөнцөд эмэгтэй хүний эрх гэж байхгүй, эрэгтэйчүүд нь хэдэн ч эхнэртэй байж болдог гэж ойлгодог байсан үе саяхан, гэвч энд тийм биш юм. Яахав, Дубaйгаас бусад араб орнуудад очвол яадаг юм гэхээс. Энд араб эмэгтэйчүүд нь мини юбка өмсөөд тамхиа зуучихсан машин унаад хурдны замаар жирийлгэж явааг хараад нэг их гайхах хэрэггүй. Ганц нэг шейхүүд нь хоёр эхнэртэй. Ногоон хөгжил, аялал жуулчлал өндөр хөгжсөн шалтгаан нь нефтиэс олсон мөнгөө боловсролдоо ихээр зарцуулжээ. 2020 он гэхэд хамгийн тогтвортой хөгжилтэй улс болохыг зорьж байгаа аж. Үүний тулд эдийн засаг, байгаль орчин, хүний хөгжлөө илүү анхаарч байгаа гэнэ. Уугуул арабчууд хаанаасаа эхлээд дийлэнх нь Англид боловсорсон, Хаан өөрөө Оксфордыг төгссөн байна. Англи хэлгүй араб гэж бараг байхгүй ээ. Манайх шиг харийнхан зайл, харь хэл сурахгүй гэж орилолдвол толгойгүй болж мэднэ. Амьдралаа авч явахад бизнес хэрэгтэй, баруунтай бизнес хийхэд хэл хэрэгтэй. Харь хэл нь мөнгө олоход тусалж байвал тэр харь хэл биш, харин ч амь зуух хэл болж хувирна.
Дубайгаас цаг хэртэй давхиад элсэн Сафарид очлоо. Япончууд зөвхөн тэдний Сафарид зориулж “Middle East” ланд крүзер 200-г нийлүүлдэг байна. Араб хөгжмөө асааж байгаад дрифтийг элсэн дээр янзын үзүүлнэ. Манайхан наадмаар морио дагаад машинаар давхидаг ч үүний хажууд нь юу ч биш юм аа. Ялгаа нь, тэнд босох шороогүй, харин ланд крүзер машин л шороо шиг их юм. Элснээс тоос босдоггүй ажээ.
Амралтын өдрөөрөө хотоосоо гараад хурдны замынхаа хоёр талаар түүдэг гал асаан шийшаа тамхиа татаaд элсэн дээрээ хоночих юм. Бидэн шиг сүүлд суурин амьдралтай болсон болохоор ч тэр үү, их ойр дотно харагдсан. Зундаа Туул голоо дагаад гал асаагаад сууцгаадаг шиг дотнохон. Тэдний хувьд гол мөрөн байхгүй учир хурдны зам нь гол шиг үнэ цэнэтэй шахуу.
Эмират аялал, жуулчлалын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөгөөр 2021 онд гадаад, дотоодын аялагчдын тоог 45 саяд хүргэнэ гэж үзжээ. Тиймээс “Ecotourism” буюу ‘эко-аялал, жуулчлал”-ыг хөгжүүлэх шаардлагатай болсон гэнэ. Энэ их хүний хөлд далайн эргээсээ эхлээд, агаарын бохирдол нөгөө хэдэн тарьсан мод, цэцэг нь сүйд болно.
Эко аялал жуулчлал нь эдийн засаг талаасаа ч ач холбогдол өндөр, ажлын байр илүү ихээр бий болгож, ганц нефтиэсээ хамааралгүй солонгорсон эдийн засгийг бий болгоно. Улсын төсвийн хориод хувь нь аялал жуулчлалын салбараас бүрддэг. Эко аялал жуулчлал нь үндэсний өв соёлоо хадгалж үлдэхэд нь чухал нөлөөтэй.
Абу Даби нарны эрчим хүч, салхины эрчим хүч гэх мэт сэргээгдэх эрчим хүчээр удахгүй дэлхийд цойлох бололтой. Тэнд амьдрах үлгэр жишээ эко хотыг бий болгоно гэнэ. Абу Дабигийн онгоцны буудлаас холгүй Масдар гэх жижиг ханан хотыг британичуудтай нийлж барьж байгаа. Энэхүү төсөл хот нь 2025 он гэхэд 50 мянган оршин суугчтай эко хот болохоор төлөвлөгдсөн юм байна. 600 га газарт бий болох хот гэхээсээ илүү нарны эрчим хүчний судалгааны төв бололтой. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэснээр нүүрсхүчлийн хийг багасч, агаарын бохирдол буурна. Энэ хот нь эрчим хүчний эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр солих эхлэл нь гэнэ.
Энэ төсөл дээрээ америкчуудаас дэмжлэг авч байгаа юм байна. Саяхан Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний агентлаг гэдэг байгууллагыг эмиратчууд бий болгожээ. Байгууллагын зорилго нь дэлхийд сэргээгдэх эрчим хүч болон түүнийг хэрхэн зохистой хэрэглэхийг сурталчлах. Манайх сэргээгдэх эрчим хүч ашиглавал Улаанбаатар хотынхоо утааг багасгах боломжтой санагдсан. Улаанбаатар хотод 4,704 км.кв талбайд нэг сая гурван зуун мянган хүн амьдардаг бол Дубай хотод 4,114 км.кв талбайд хоёр сая зургаан зуун мянган хүн, жуулчин гийчинтэйгээ нийлээд гурван саяулаа нээх айхтар машин замын түгжрэлгүй амьдрах юм. Энэ хоёр хотоор явж байхад Монголд сонгуулийн үеэр яваа мэт санагдана. Учир нь хэд алхаад хааныхаа хөрөг зургийг байшин болгон дээрээ залсан байх юм.
Эцэст нь дүгнэхэд, Арабын Нэгдсэн Эмират Улс элсэн цөлд сарнай ургуулж, алтанд умбан амьдарч байгаа мэт харагдана. Энэ амьдралыг сүүлийн хорьхон жилд бий болгосон гэж амтай бүхэн нь шагшрах юм. Ялангуяа манай орон өөртэйгөө харьцуулаад…
Тэгэхдээ хаант засагтай ийм оронд монголчууд бид л лав амьдарч чадахгүй байх. Хэн яаж амьдрахыг эцсийн эцэст хаан л шийднэ шүү дээ. Хаант засаглалтай байх нь ардчилсан нийгэмд өсч хүмүүжсэн бидний үеийнхний ухаан санаанд багтамгүй санагдах юм билээ.
М.БАЯНБУЛАГ