Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өндөрлөж, Цэцийн даргаар Н.Чинбатыг нэр дэвшүүлэн олонхын санал авч, томилогдов. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа явагдсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байжээ. Монгол Улсын гавьяат хуульч цолтой.