Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангийн гурван алба хаагч Ховд голд осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 27-28-нд шилжих шөнө гарсан. Тодруулбал, өнгөрсөн хаврын цэрэг татлагаар Увс аймгаас татагдан, тус цэргийн ангид хуваарилагдсан Б, Е, С нар байсан юм. “Цэргүүд усанд осолдлоо” гэх дуудлага энэ сарын 27-ны 19:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Харин аврагчид 28-ны өглөө 05 цагаас ослын газарт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ховд гол үерлэсэн, цэргүүд хадлан хадаж байсан. Хадланд 30 цэрэг, ахлагчийн хамт явсан бөгөөд цэргүүдийг усанд орох зөвшөөрлийг ахлагч өгсөн гэх мэдээлэл байсан. Энэ үнэн эсэхийг тус орон нутгийн хууль сахиулах байгууллага, онцгой байдлын албаныхнаас тодруулахад Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд, ЗХЖШ-ын даргын зөвшөөрлөөр ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад ийн осолдсон байна. Гэхдээ энэ хэргийн учир шалтгааныг нягтлахаар цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэнэ.
Хамгийн сүүлд Онцгой байдлын албанаас авсан мэдээллээр осолдсон гурван алба хаагчийн цогцсыг өчигдөр өдрийн 14:12-15:02 цагийн хооронд ослын газраас 80-200 метр зайтай, 3-5 метр гүнээс олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэв. Цогцсыг Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн усчин аврагч, ахлах ахлагч Ч.Анхбаяр, ахлагч С.Мөнхбат нар анх олжээ.
Амиа алдсан цэргүүд Увс аймгийн Өлгий сумын харъяат 19 настай С, мөн аймгийн Өндөрхангай сумын харъяат 22 настай Б, мөн сумын харъяат 19 настай Е нар байжээ.
Орон нутгийн эх сурвалжуудын ярьж буйгаар Ховд гол эртнээс нааш маш олон хүний амийг “авч одсон” гэнэ. Хүн живж амиа алддаггүй жил гэж байхгүй, жилдээ л гэхэд хэд хэдэн хүн заавал амиа алддаг маш догшин савдагтай гол. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг сануулав.