Categories
мэдээ цаг-үе

Цэндийн Доржготов: Мухар сүсэг дэлгэрсэн газарт хуурамч хувилгаад олширдог

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, шог зураач Цэндийн Доржготовтой уулзаж хөөрөлдлөө.

-Таны “Хашаатын өгүүллэгүүд” гэсэн ном байдаг. Тиймээс уншигчид таныг Архангайн Хашаат сумынх гэдгийг бүгд мэдэж таараа. Хүүхэд насныхаа талаар аль хэр олон зохиол бүтээл туурвисан байх юм бэ?

-Би тэр нутаг уснаас төрсөн юм болохоор манай нутгийнхны яриа хөөрөө минийхтэй их төстэй. Бага насныхаа дурсамжуудаар “Гашууны голын хүү” гэдэг номондоо долоо найман өгүүллэг бичиж оруулсан. Би багын жаахан хөөрүү. Энэ зангаа анзаарч ажигласнаа бичсэн. Тэр маань ч зугаатай болсон. Алдсан морио олоод ирэхэд аав маань намайг магтаад “Миний хүү ч өдрийн од шиг ховорхон хүү дээ” гэхэд би “Аав аа, өдөр од байдаг юм уу” гэхэд ээж, нутгийн өвгөн хоёр “Өдрийн од их азтай хүнд харагддаг юм гэнэ лээ” гэж байгаа юм. Амьдрал дээр ч яг тийм юм болоогүй л дээ. Тэгсэн би “Өдрийн од харлаа” гэж тэнгэр өөд заагаад, улсууд “Хаа байна, хаа байна” гэж шуугилдаж байгаа юм. Ах минь хожим “Миний дүү ч багадаа өдрийн од харсан хүн дээ” гэхээр их ичдэг гэж байгаа. Ортой нь ортой дурсамж л даа. Иймэрхүү маягийн өгүүллэгүүдээс бүтсэн “Гашууны голын хүү” номд миний арваад насны амьдрал гардаг юм.

-Өдрийн од гэснээс хэдхэн хоногийн өмнө тэнгэрт өдрөөр нар, сар, од гурав чандмаллаа гээд сүйд болцгоосон. Та ер нь өдрийн од олж харав уу?

-Би өдрийн од хараагүй. Гэрэлтэй байхад угаасаа харагдахгүй байлгүй. Улсууд тэрийг харлаа гэдэг ч юу л бол. Монголчууд маань өнөөдөр хориннэгдүгээр зуунд аж төрж байгаа. Техник, технологи хөгжчихсөн үе шүү дээ. Барьж байгаа утсаа, үздэг зурагтаа хар, агаараар явдаг онгоцоо бод. Өндөр хөгжилтэй орноор аялж байгаа даяаршлаа харьцуул. Тэгэхэд л манайхан азтай хүнд өдрийн од харагдана гэхээр л тэр рүү хуйлраад байдаг. Аливаа зүйлд шинжлэх ухааны үүднээс л хандах хэрэгтэй. Буриадад нэг ламыг хөлдүү цэвдэг газарт оршуулж. Тэгэхэд л манайхан Итгэлт хамба амьд бурхан гээд сүйд болоод байх юм. Сая манай Архангайн хойд талын нутаг Цахираас нэг шарил олоод л. Тэгдэг нь зөв ч юм уу, буруу ч юм уу, ямартай ч үзэмжгүй эвгүй байна лээ ш дээ. Амьддаа нутгийнхандаа амьд бурхан гэж хүндлэгдэж байсан, сайхан энергитэй, хэчнээн ухаантай, сайхан хүн байгаа бол. Одоо бөхийж хатчихаад байгаа нь минийхээр бол хүүр юм даа. Эд нар ямар юм ч гэнэв сайхнаар нэрлээд байгаа. Тэрийг шүтээд сүйд болох нь ээ. Цахирын тэр шарилыг манай лам нар, тэр дундаа бурханч лам Пүрэвбат, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц нар өндөрт мандуулаад шүтүүлэх нь гэж би хардаж байна. Лам хүнийг хардаж болох эсэхийг би мэдэхгүй ч мөнгө олох гээд байна гэж бодоод байгаа. Итгэлт хамба гээд сүйд болтол сурталчлаад байгаа чинь мөнгө олох л хэрэгсэл байхгүй юу. Мөнгө олох гэж сэдсэн улсыг буруутгаад хэрэггүй. Тэрэнд нь хууртаад мөнгөө үрж байгаа хүмүүсийг л буруутгах учиртай.

-Тээр жил би Буриадад очихдоо тэр сүйд болоод байгаа Итгэлт хамбын шарилыг үзсэн л дээ. Гурван настай хүүхэд шиг жижигхэн болтлоо бөгтийгөөд хатчихсан борц л байдаг юм билээ. Тэгэхэд манайхан амьд гээд л мөргөөд, тийш очихгүй л бол хүн биш болчих юм шиг хамаг мөнгөө гадагш цацаад байгаа нь дэндүү эмгэнэлтэй санагддаг юм…

-Чи бид хоёрын санаа сайхан нийлж байна. Сэтгүүлч, уран бүтээлч хүний хувьд энэ эмгэнэлийг ард түмэндээ таниулах бидний үүрэг. Манай зохиолч, сэтгүүлчид бид мухар сүсэгтнүүдийг гэгээрүүлье. Мухар сүсэг хаана байна, тэнд хуурамч хувилгаад, үзмэрчид олширдог. Ийм л хуурамч амьтдаас гэнэн ард түмнээ бид аварна шүү. Миний уран бүтээлийн нэг гол зарчим энэ байгаа юм. Би өөрөө нэг их шалихгүй мөртлөө соён гэгээрүүлэх том санаатай хүн байгаа юм.

Зүүн гараас Болгарын шог зураач
Карандаш, Египетийн зураач, Оросын яруу найрагч Кравченко, алдарт шог зураач
Херлуп Бидструп, Монголын шог зураач Ц.Доржготов, Оросын шог зураач Долгоруков
нар. 1970-аад он

Ард түмнээ ухаантай байгаасай, Япон, Герман зэрэг өндөр соёлтой улсын гэр орондоо аж төрөх хэв маяг, хот талбайдаа цэвэрхэн сайхан амьдрах соёл, хүн хүнтэйгээ харьцах найрсаг дулаан харилцааны хэлбэр улам сайхан болоосой гэж залбирч явдаг. Бид япончууд, германчуудаас бяр чадал, ухаан билгээрээ дутаад байгаа улс биш, буруу зуршлаараа л бид тэднээс давчихаад байгаа юм. Герман, Япон биднээс илүү төрчихсөндөө түрүүлээд тийм сайхан нийгэм байгуулчихаад байгаа юм биш. Тэд манайх шиг олон зуун жил заваарч байж, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж өвчин тахалдаа баригдаж, мөнгөө мөнгө болгож чадаагүйн горыг эдлээд, хуримтлал хурааж чадаагүйн золиосыг амсаж, дайн хийснийхээ горыг амсаад одоо л нэг улс шиг улс болоод байгаа юм. Монголоо Япон, Герман шиг болгоход чи бидний л соён гэгээрүүлэх үйлс хэрэгтэй.

-Олон түмнийг соён гэгээрүүлэх гэсэн бодол чинь мухардалд орж ягтаад байгаа юм биш үү?

-Соён гэгээрүүлэх үйлс яагаад үр дүнгүй болоод байна вэ гэвэл хориннэгдүгээр зууны мэдээлэлд ханасан үзэгдэл юм. Өнөө цагийн хүнд дуулаагүй юм ч гэж байхаа больчихсон. Би өнөөдөр нэг зохиол бичье гэхэд санаа нь аль эрт гарчихсан л байгаа. Чи нэг шүлэг бичээд хүний сэтгэлийг хөдөлгөөдөхье гэхэд бас л урьд нь бичигдчихсэн байх жишээтэй. Мэдээлэлд ханачихаар цаад талын үнэтэй юм үнэгүй болчихоод байна. Аливаа юм ховорхон үедээ үнэтэй байх шиг байгаа юм. Манийг багад Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, Донровын Намдагийн “Цаг төрийн үймээн” романууд хэвлэгдэж, “Сэрэлт”, “Ардын элч” кинонууд дэлгэцнээ гарлаа. Энэ дөрөв байхад л бид чинь хэд дахин үзчихсэн, радиогоор хэдэнтээ нэвтрүүлчихсэн учраас зохиолын баатруудын үг яриаг цээжилчихсэн байдаг байлаа. Лодойдамба гуай, Намдаг гуай хоёр үнэхээр азтай зохиолчид. Тэр романуудыг Монголын бүх хүн уншчихсан, хэлсэн ярьсныг нь үнэлж нандигнаж үздэг байсан. Одоо тэр хоёрын хярааны зохиол гараад л байгаа шүү дээ. Гэхдээ л тоохгүй байгаа. Энэ бол хариулахын аргагүй хэцүү асуулт. Зөвхөн Монголд биш хүн төрөлхтөнд ийм хэцүү асуудал тулгарч байгаа байх. Ер нь хүн төрөлхтөн бурхандаа ч итгэхээ байсан, шинжлэх ухаандаа ч итгэхээ байсан. Гэхдээ гарц байгаа л гэж итгэж байна.

-Та “Мухар сүсэгт баригдахын цагт хуурамч хувилгаан гэгээд олширдог” гэлээ. Танай Архангайн Зая гэгээн, манай Баянхонгорын Ламын гэгээний хойт дүрүүдийг Далай лам батламжлаад байгаа нь хуурамч хутагт хувилгаадад тооцогдоно гэсэн үг үү?

-Би аливаа зүйлд шинжлэх ухаанчаар ханддаг материалист үзэлтэй хүн. Тамгатай хутагтуудын цол хэргэмийг Манжийн хаан Монголыг эрхшээж байх гэж л авлигаар шахуу өгч байсан. Тамгатай хутагтууд хүн л болсон хойно өнгөрөхөөр хойт дүрийг нь тодруулдаг уламжлал явж ирж. Энэ бол хүн төрөлхтний л явдал. Хүн төрөлхтөн чинь хүй нэгдлийн үеэс өнөөг хүртэл жигтэйхэн гэнэн явж ирсэн юм. Нэг хувилгаан үхэхэд сүнс нь дахиад нэг газраас гараад ирдэг. Гарч ирсэн сүнсийг олдог, сунтагшуулах гэж нэг юм болдог. Одоо энийг давтана гэдэг эмгэнэлтэй бөгөөд инээдэмтэй санагддаг. Яахав, урьд дүр нь ямар их эрдэм гэгээрлээр эх орон, ард түмнээ гийгүүлэв гэдгийг судлаад, цааш нь үргэлжлүүлээд явахыг бид нар хүлээн зөвшөөрч болно. Ер биш, хүн биш болгоод сүсэлж дээдлээд явбал утгагүй. Далай лам л зөвшөөрчихвөл бид тэр хүнийг хүн биш бурхан болгоод явчихаж байгаа шүү дээ. Энэ чинь л жинхэнэ мухар сүсэг. Бид шашин, мухар сүсэг хоёрыг одоо л ялгаж сурах хэрэгтэй.

-Хоёулаа ч шашин, мухар сүсэг гэж баахан хадуурах шив. Хашаатынхаа сургуулийг төгсөөд шуудхан хотод ирэв үү?

-Би 1949 онд Хашаатынхаа сургуульд орж, 1953 онд дөрөвдүгээр ангиа төгслөө. Нэг л их шагнуулсан амьтан онц сурна. Багаасаа тоондоо их сайн байсан. Одоо чинь хүн болгон л онц сурсан гэх юм. Миний сурч байх үед ангид хоёр гуравхан хүүхэд онц сурдаг байлаа. Би тэр онцчуулын нэг байснаа нуухгүй. Дөрөвдүгээр ангиа төгсөөд л Хашаатын сургуулийн боловсрол дуусч байгаа юм. Яг төгсдөг жил зэргэлдээх Хотонт суманд тавдугаар анги нээгдлээ. Тавдугаар ангид манай ангийнхныг хөөдөг байгаа. Бүгдээрээ оргочихсон. Урьд нь Хашаатаас гадагш сургуульд ганц ч хүн явж байгаагүй болохоор айцгаахгүй юу. Би чинь үндсэндээ айлын отгон хүү болохоор ээжийнхээ мөөмнөөс гараагүй шахуу л хүүхэд. Оргоод явж байтал аймгийн төлөөлөгчид баригдаад, машиндаа суулгаад авч явах гэтэл ээж уйлаад “Хүүгээ мориор хүргэж өгье” гэж авч хоцордог юм. Хоцорчихоод байж байтал манайхан заль хэрэглэж хотод байдаг төрсөн эгч рүү минь явууллаа. Хашаатаас Дашинчилэн ортол тэмээн тэргээр ирээд, Дашинчилэнгээс “Урал зис” гэдэг машины тэвшинд ачигдан, замдаа машин эвдэрч хоёр хоног явж хот орж ирдэг юм. Хотын арванзургадугаар сургуулийн тавдугаар ангиа сүрхий төгсчихөөд нутагтаа очлоо. Аав ээж маань “Ноднин их муу оргуулж байж баригдсан. Энэ жил овоохон оргуулна аа” гээд хичээлд явуулалгүй аваад хоцордог юм. Тавин гурван онд хотын Комбинатын район чинь хашаагүй гэрүүдтэй, ил задгай жорлонтой хачин юм байлаа даа. Би айлын отгон, бас ч үгүй мал сайтай хүний хүүхэд, хөдөө морь унаж, тарган махаа идээд, айраг таргаа идэж өссөн хүн чинь тийм муухай газарт сургуульд явахыг тэр бүр хүсэхгүй еэ дээ. Арван найм хүртлээ хөдөөдөө жаргалтай тарайж явтал нэгдэлжүүлэх хөдөлгөөн үүсэж, малыг маань хамаад авчихлаа. Тэгтэл аав “Малын зах эргүүлүүлэх ч өнгөрлөө. Одоо чи тэр сургууль соёлдоо яв” гэлээ.

-Сургуулиас овоо хэдэн жил завсардчихаад байхад чинь юм аа даа?

-Дөрвөн жил завсардчихсан, арван наймтай том эр хүн чинь яаж зургадугаар ангид орох билээ. Надтай хамт тавдугаар ангид сурч байсан хүүхэд есдүгээр ангид байгаа юм чинь. Ажил хийе гэж бодоод Хэвлэх үйлдвэрт зургийн дөртэй хүүхэд авна гэсний дагуу шалгалт өгч тэнцээд ажилд орлоо. Энд орсноор зохиолч, зураач болох зам үүд нээгдсэн. “Тоншуул” сэтгүүл “Матар” нэртэй байхад хэд хэдэн зураг зурлаа. Цэгмидийн Гайтав гуай миний хэвлэгдсэн зураг нэг бүрт гучин төгрөгийн шагнал өгнө. Тэр үед би “Элдэв-Очир” кино театрт кино их үзнэ. Голдуу орос кино орчуулгагүй гарна. Тэрийг үзсээр хожим хойно сурахдаа тэгтлээ ч толгой өвдөөгүй шүү. Би үеийнхнээсээ их хоцрогдсон учраас одоогийн хорингуравдугаар сургууль дээр байрлаж байсан Ажилчин залуучуудын оройн сургуульд орж, хөдөө мал дээр гарч хаширсан болохоор “Гадаадад сургуульд явна” гэсэн бодолтойгоор шамдан суралцаж аравдугаар ангиа онц төгслөө.

-“Тоншуул” сэтгүүлдээ зургаа зурсаар л байв уу?

-Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулсан шог зургийн уралдаанд нэг зураг матарлаад хаячихсан чинь 800 төгрөгөөр шагнуулаад нэгдүгээр байр эзэлсэн байх юм. А.Гүрсэд, В.Одгийв гэдэг хоёр зураач миний ард орж. Ингээд бөөн хөөр болохгүй юу. Тэгж байтал “Тоншуул” сэтгүүл намайг авна гэлээ. Хэвлэлийн үйлдвэрийн дарга Ахмед намайг өгөхгүй гэж их шазруунтлаа. Би ч очно гэж бараг л уйлахаа шахлаа. МАХН-ын Г.Очирбат гэдэг мундаг дарга чинь тэр үед “Үнэн” сонины нэгдүгээр орлогч бөгөөд “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч байлаа. Тэр хүн Төв хорооны нарийн бичгийн дарга нарын тогтоол гаргаад “Тоншуул” сэтгүүлд авлаа. Хэвлэх үйлдвэрийн ажилчин байсан нөхөр чинь хоёрдугаар эмнэлэгт үзүүлдэг, Төрийн ордонд орж хоол иддэг мундаг том амьтан болов оо.

-Өө, бүр гараад өгчээ?

-Ордонд үнэмлэхээ үзүүлээд орохоор үүдний харуул нь одоогийн Их хурлын гишүүдэд ханддаг шиг ёсолж оруулна. Ёслоход нь “Саяхан л мал хариулж явсан хүн ингэж томрох ч гэж. Хашаатынхан л бүү харчихаасай” гэж их ичдэг сэн. Тэр ичих мэдрэмж надад хожим тус болсон юм шүү. Зураг маань надад түргэн сэтгэх дасгал болсон. Зургаар өгүүлж амжаагүй санаагаа зохиолоор дэлгэрүүлж гаргах чухал байсан учраас зохиол бичиж эхэлсэн. Монгол хэл найруулгаа сайжруулахаар шамдан хичээж эхэллээ. Би чинь их хэнхэг хүүхэд байсан. Дурлаж зүтгэсэн зүйлээ биелүүлэх гэж эсрэг, адил утгатай үгсийг шөнөжин хуулж бичээд л. “Тоншуул”-д ажиллаж эхэлсэн болохоор шог зохиолч болчихсон хүн шүү дээ. Өөр газарт ажилласан бол яах байсныг бүү мэд. Тэрнээс би ч тийм сайн хошин шог бодолтой хүн биш шиг байгаа юм. Өөрийнхөө гаргасан тав зургаан ботид орсон бүтээлүүдээ анзаарахад арван хувьд нь л шог багтсан байгаа.

-Та хойно ямар сургуульд суралцсан билээ?

-ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийн хэвлэлийн зураачийн ангид 1964-1969 он хүртэл таван жил сурсан юм. Энд сурч байхдаа гадаадын зохиолчид, зураачидтай танилцаж, үерхсэн минь миний нүдийг жаахан ч болтугай нээсэн гэж боддог. Би чинь том ресторанд ордог, анх очоод “Монгол оюутантай нэг өрөөнд орохгүй” гэж томорсон нөхөр дөө. Орос хэлдээ сайн болох гэж л тэгж загнасан хэрэг.

-Тухайн үед Зөвлөлтөд суралцсан оюутнууд ууж сурснаа их гайхуулдаг. Та тэр “гайхамшиг”-т хэр суралцав?

-Орос оюутнууд эмэгтэй, эрэгтэйгүй ууна. Тэр үед надад ажиглагдаж байсан зүйл гэвэл “Орос хүнээс архи уудаг уу гэж битгий асуу” гэцгээдэг байсан. Бүгдээрээ уудагч нармийтлаа, одооны манайхан шиг яадгаа алдталаа их уухгүй. Нэг хэсэг нь хөлөө алдана л даа. Би “Крокодиль” сэтгүүлийнхэнтэй очуутаа үерхсэн. Зургаа өгнө. Хааяа хэвлэгдэхээр нь шагналаараа нөхдөө том ресторанд оруулж дайлна. Монголоос Горькийн Утга зохиолын дээд сургуульд зохиолч Доржийн Гармаа, яруу найрагч Долгорын Нямаа нар суралцаж байсан. Тэдэнтэйгээ ч нэг их нийлж байсангүй. Оросуудтай л нийлдэг байсан. Сэтгэл зүй, философийн хичээл дээр мэтгэлцээн их явна. Хэлтэй хүн л мэтгэлцээд ялах учраас донтой юм шиг л орос хэлээ сайжруулж муруй хазгай хэлээр үзэлцдэг байлаа.

>>Үргэлжлэл бий>>

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *