Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Жагсагчдаас баривчилсан, саатуулсан хүн байхгүй DNN.mn

Цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааны талаар мэдээлэл өглөө.

НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Төв талбайд эхэлсэн жагсаал цуглаан 17 дахь өдрөө үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд аливаа гэмт халдлагаас хамгаалж, хүндэтгэлтэй хандан ажиллаж байна. Жагсаал цуглаанд оролцогч иргэд олон хоногоор гадаа суулт хийж байгаа тул эрүүл мэндийн байгууллага, эмч тогтмол эрүүл мэндийн тусламж үзүүлсэн.

Өнөөдөр нүүрсний асуудлаар нээлттэй ерөнхий сонсгол болох үеэр Төрийн ордны баруун хойд талын хаалган дээр нэр бүхий 30 иргэн нүцгэлэн тодорхой шаардлага тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн тул хуульд заасны дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ авах талаар зөвлөмж өгсөн боловч хүлээн авахаас татгалзсан. Иймээс тэдгээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмч, эмнэлгийн ажилтнуудын албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах үүднээс эрүүл мэндийн байгууллагуудад хүргэлээ.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвөөс талбайд суулт хийж байгаа иргэдийг нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн. Ингээд 18:30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг ГССҮТ, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж, эмчилгээнд хамруулаад байна.

Суулт хийж байсан иргэдийн хэрэглэж байсан эсгий, дэвсгэр, дээл бусад зүйлийг гурван автомашинаар ЦЕГ-ын агуулахад хүргэж, түр хадгалах ажлыг зохион байгуулсан.

Тухайн иргэдийг баривчлах, саатуулж байгаа явдал биш.

Одоогоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй.

Төрийн ордны хамгаалалтын бүсийн орчинд жагсаалтай холбоотойгоор зөрчлүүд гарсан учраас Төрийн тусгай хамгаалалтын газраас хүсэлтүүд ирсэн. Хүсэлтийн дагуу эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллана” гэв.

Төрийн тусгай хамгаалалтын газраас ирсэн хүсэлтэд:

Төрийн ордны хамгаалалтын бүсийн орчинд жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчиж зохион байгуулагдаж байгаа хууль бус жагсаал, цуглааныг хуулийн дагуу зогсоох талаар хамтарч ажиллана уу хэмээн дурдсаныг танилцууллаа.

“Жагсаал анхнаасаа бүтэлгүй байсан. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийг дэмжиж ажилласан.

Өнөөдрийн ажиллагааны явцад тодорхой албаны чиглэлийн үйл ажиллагаанууд байсан. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болох нөхцөл байна гэж үзсэн учир хөөн гаргах ажиллагаанууд явагдсан. Энэ нь хүний биед халдсан ажиллагаа биш” хэмээн тайлбарлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *