Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цас хүлээсэн арванхоёрдугаар сар

Нийслэлд цас хялмаалах төдий хаялсан энэ өдрүүдэд миний нутгийг нүд гялбам цагаан тал гоёж байгаа. Төрж өссөн нутаг минь Төв аймгийн Жаргалант сум. Хаашаа л харна модтой уулсаар хүрээлэгдсэн харц баясгам байгальтай сум даа.Дулааны улиралд цэнхэртэн сүглийдэг уулс нь цасан нөмрөгөөр гоёхоороо аниргүй, ихэмсэг, сүрлэг гэж. Энэ гурван үгийн хоршил өвлийн уулсад л жинхэнэ утгаараа зохицоод байх шиг санагддаг. ӨдийдЖаргалантын гол аль хэдийнэ тэс мөстөж, ширхэг бүр нь мөнгөлөг өнгөөр гялалзсан цав цагаан цас хараа булааж, сумын төвөөс Загдал хүрэх замд таардаг өвөлжөөнүүдэд хот айлын амьдрал ид буцалж байгаа. Тарга тэвээргээ авсан хоньд айвуу тайвуу идээшлээд, айлуудын гэрээс аргалын утаа суунаглаад, хүн зоноороо аргагүй л нэг налайж байгаа даа. Монгол орон даяар сайхан өвөлболж байна аа. Миний нутаг шиг цастай газар цөөхөн байгаа гэж цаг уурынхан хэлж байна. Ес эхлэх дөхсөн энэ үед хойд талын нутгууд л шагай татсан цасанд дарагджээ. Говийн аймгууд тэр чигтээ, баруун аймгийн урд тал, зүүн аймгуудын өмнө хэсэг бараг л цасгүй, хараараа сурагтай. Цас ороогүй учраас өвөлжөөндөө буугаагүй айлууд ч байгаа гэлцэнэ. Ус бараадаж байгаа хэрэг. Хараар хүйтрэхэд мал ундгүйдэх гээд байдаг гэмтэй. Ундгүйдсэн мал тарга тэвээргээ алдах, хээл хаяхаасэхлээд эрсдэл ихтэй л дээ. Арванхоёрдугаар сар өмнөх жилүүдийн өвлөөс дулаахан, цас бага орно гэж “тэнгэрийн зурхайчид” таамаглаж байгаа. Тэр дундаа Алтайн өвөр нутаг буюу Говь-Алтай, Баянхонгорын зарим газар, Завханы зүүн урд талын сумд, Архангайн зүүн, баруун талаар цас багавтар орно гэсэн төлөв гарсан байна лээ. Ес эхэлдэг арванхоёрдугаар сар ерөнхийдөө цас хүссэн өдрүүдээр үргэлжилж байна.

Харин нэг, хоёрдугаар сардаа олон жилийн дунджаас ахиу цас унана гэсэн таамаг гарсан байна лээ. Хараараа байгаанутгуудад цас их хэмжээгээр унавалөвөлжилт хүндэрнэ гэдгийг хашир малчид юу эс андахав. Зун бэлчээрийн гарц сайнгүй байсан Увс аймгийн хойд талын сумд, Ховд аймгийн ихэнх сум, Завханы урд талын сумд, Дундговь, Өмнөговьд цас их орвол өвөлжилт хүндрэх аюултай гэсэн сэрэмжлүүлэг малчдад аль хэдийнэ хүрсэн байх. Гайгүйхэн шиг цастай бол ажрахгүй л дээ.

ЗУД ТУРХАН

Өдий үеийн өнгөөр өвлийн аашийг шинжих аргагүй. Ирэх нэг, хоёрдугаар сард өмнөх жилүүдээс илүү хүйтрэх мэдээ байна. Олзуурхмаар нь ирэх хоёр сарын турш цастай, жавартай байх мэдээ аймгийн дарга нартцочроо өгсөн сураг дуулдаж байна. Баянхонгор аймгийн Засаг даргагэхэд энэ өвөл аймгийнхаа иргэдийг мотоцикль унуулахгүй байлгахаар шийдэж. Бүр захирамж хүртэл гаргаад авч. Цаг агаар хэцүүдэх учраас хүнээ бодсондоо ийм шийдвэр гаргасан нь гарцаагүй. Засаг ноёны захирамж хаврын эхэн сар шувтартал үргэлжилнэ гэхээр хөдөөгийнхөн маань цастай, жавартай өдрүүдээс аль хэдийнэ болгоомжлоод эхэлчихэж.

Монголчууд өвлийн өнгийг хоёр өдрөөр шинждэг. Тэнгэр шинждэг өдөр нь арав, арванхоёрдугаар сарын сүүлчээр тохиодог. Аравдугаар сарын сүүлээр тохиосон цагаан морин өдрийн өнгө аргагүй сайхан байсан. Цасгүй, дулаахан, нар ээсэн өдөр тохиосонд олзуурхсан малчид жар хоногийн өнтэй байх нь гэцгээсэн.Цаг уураас гаргасан прогнозод ч цасгүй, дулаахан гэсэн үг голлосоор арванхоёрдугаар сар аль хэдийнэ дундаа орчихлоо. Үнэхээр ч өнтэй сайхан өдрүүд үргэлжилж байна. Малчдын хүлээн байжшинждэг цагаан морин өдөр тэнгэр ая, зангүйбайвал жар хоногийн зудтай гэлцдэг билээ. Энэ сарын сүүлээр тохиох цагаан морин өдрийг ч хашир малчид ажиглах байх. Цаг уурын хүрээлэнгийнхэн болтаамгаа гаргачихсан. Тэдний прогнозоор хоёрдугаар сард баруун зүгийн нутгаар, гуравдугаар сард нутгийн зүүн хэсгээр ахиу цастай байх зураг гарчихаад байгаа. Зуд турхан болж хэцүүднэ гэсэн муу мэдээ одоохондоо алга.

ОТОРЛОХ НУТГУУД

Бэлчээрийн гарц муу газруудад цас их орвол эрсдэлтэй гэлцдэг. Цас ахиу орвол зуншлага сайтай байсан газрууд ч хэцүүхэн байдалд орох нь тодорхой. Таатай мэдээ гэвэлнийт нутгийн дал орчим хувьд өвс ногоо сугсарсан, нар хур тэгшхэн сайхан зун болж. Тав хүрэхгүй хувьд нь л гантай байж. Тодруулж хэлбэл Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын баруун хэсгийн нутгуудад бороо хур бага орж, өвс ногоо сайн ургаагүй гэж цаг уурчид онцолж байна. Архангайн зарим сумд, Хэнтийн өмнө талаар бага зэрэг гандуу зуншсан гэх мэдээ байна. Зундаа гантай, гандуу байсан нутгийнхан отор бараадахаас аргагүй.

Зуншлага муу байсан нутгийн малчдадаймаг дундын отрын долоон бүсийг улсаас санал болгож байгаа юм билээ. Баян-Өлгий, Увсын зааг нутагт Ачит нуурын отрын бүс гэж бий. Завхан, Ховдынхон гэхэд Завхан аймгийн Дөрвөлжин сумын отрын бүсийг зорих боломжтой. Багахайрханы отрын бүс нутаг гэхээр малчид андахгүй дээ. Наашилбал Говь-Алтай, Баянхонгорын зааг нутагт Бор Аргалантын отрын бүс нутаг байна. За тэгээдТөв, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийнхонд Чилэнгийн, Хөх дэлийн отрын бүс нутаг гэж сайхан газар байгаа. Булганы Дашинчилэн, Баяннуур, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумдын нутгийг хамарсан отрын бүс гэж бий. Үүнээс гадна хэн бүхний мэдэхХэрлэнбаян-Улаан байна. Дорнод аймаг дахь Чойбалсангийн отрын бүсийг зүүн нутгийнхан андахгүй.Адуутай айлуудын оторлодог л газар. Дорноговь аймагт гэвэл Балхын отрын бүс гэж байна. Энэ жил гэхэд л Ховд аймгийн Дарви суманд отрын бүс шинээр байгуулсан сураг дуулдсан. Морин жилийн өвлийг онд мэнд тарган тавтай давах нөөц газрууд ийм олон байгаа нь сайн хэрэг.

МАЛЫН ЦАРИГ, ТАРГА ТЭВЭЭРЭГ

Энэ жил Азийн Монголд бог, бодтойгоо нийлээд тавь гаруй саямал өвөлжиж байна. Идэшний цагаас өмнө малын тоо 60 орчим саяд хүрсэн юм. Идэшний цагаар найм, есөн саяыг нь муулсан гэх тоо баримтыг яамныхан гаргачихаж. Улс даяар16 сая гаруй хээлтэй мал бий гэсэн багцаа тоо дуулдаж байна. Энэ жилийн хавар урт болчихгүй л бол хээл хаялт гайгүй гэсэн таамгийг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хэлж байгаа. Хавар уртасвал мал цас, усаар гачигдаж, хээл хаях хүндрэл бод мал дээр их гардаг гэж хашир малчид ярьдаг нь учиртай. Тэгэхээр ирэх хавар сайхан болболмалчны хотод 15 сая төл дуугаа цангинуулах нь. Тарга тэвээргийн хувьд нийт малын ер гаруй хувь нь дундаас дээш тарга хүч авсан гэх статистик бий. Баргийн цаснаар торохгүй тарга тэвээрэг авсан гэсэн үг.

ӨВС ТЭЖЭЭЛ, ХАДЛАН

Хадлан тэжээлийн бэлтгэл ер нь бол дажгүй талдаа.Зорьсон тоондоо хүрээгүй ч ерөнхийд нь тооцож үзвэл ер гаруй хувийг нь бол ян тан бэлдчихэж. Тавь гаруй сая малынхааөвөл,хаврын хэрэгцээг өлхөн хангахаар өвс, тэжээл бэлэн болжээ. Улсын нөөцийн тоо нууцлалын зэрэглэлд байдаг учраас яамныхан нарийн тоо хэлдэггүй. Өвсний фондын байршил ч нууцын зэрэглэлд хамаардаг учраас тэнд, энд бий гэж хэлэх боломжгүй. Лав л засгийн бэлд гэсэн нөөцийг бэлдээд фондуудад байршуулчихаж. Фондын хувьд аймаг бүрд байгаа гэдэг. Увс, Баян-Өлгий зэрэг зарим нэг эрсдэлтэй аймагтөвсний фондыг хоёр, гурваар нь байгуулсан сурагтай. Цас их орохоор хаагддаг зам даваануудыг ч бодолцжээ. Нисдэг тэргээр очихоос аргагүй бэрхзам даваануудын ойролцоо өвсний фонд байршуулсан гэх мэдээ байна. Ямартай ч өвөл хүндхэн боллоо ч малчид өвс тэжээлээр дутагдахааргүй болж.

Хатуу өвлийн дараа хамгийн түрүүнд ногоо цухуйж, яргуй үзэсгэлэнгээ гайхуулдаг нутаг бол уулархаг газрууд. Урин хавар Монгол орны баруун, төв, зүүн аймгуудад бүхнээс түрүүлж ирдэг гэж цаг уурчид онцолдог. Хавар эрт дулаарч, ногоо ургах нутгийн өнгө ямар гайхам байдгийг зүйрлэх юм биш. Юутай ч цас хүссэн арванхоёрдугаар сард удахгүй дуусна. Дараа нь цастай, мөстэй, жавартай нэгдүгээр сар ирнэ. Хоёрдугаар сар ч тасхийм жавартай айлчлах нь. Морин жилийн өвлийг зураглахад нэг иймэрхүү өнгө бууж байна даа.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *