Categories
мэдээ улс-төр

Цар тахлын эсрэг арга хэмжээнд 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (COVID-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлав.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирусний халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулах талаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байна.

Хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэгийн зээл хэлбэрээр олгогдох ба дараах нөхцөлтэй. Тодруулбал, зээлийн хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү /LIBOR/+0.85 хувь. Санхүүжилт нь COVID-19-ын тархалтын эрсдэлийг хязгаарлах, багасгах арга хэмжээг үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, эдийг засгийг дэмжих чиглэлээр арга хэмжээнд зориулан төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдох юм байна.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 21-ны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын гадаад өрийн талаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Доржханд, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Н.Өнөрболор нар асуулт асууж хариулт аван байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, төсвийн тэнцлийг хангахын тулд зээл авч байгааг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд, энэ дэмжлэгээ хөшөө дурсгал, музейд хөрөнгө оруулж байгаад шүүмжлэв. Аль болох бага хүүтэй зээл авчраад баялаг бүтээгчдэд тодорхой хэмжээний ханшийн алдагдал тооцоод хүү нэмээд зээлбэл үйлдвэрлэл, татвар төлөгчдийн бааз суурь бэхжинэ гэдгийг тэмдэглэв. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “ЖДҮ-д зээл олгох асуудалд тантай ижил байр суурьтай байгаа. Харин дээрх зээлийн санхүүжилтийн хувьд санал нийлэхгүй. Та төсвийн алдагдлыг дотоодын арилжааны банкуудаас зээл авч нөхөх нь эргээд банкуудад илүү их мөнгө өгнө гэж байна. Үүнд тийм зүйл байх боломжгүй. Учир нь 2018 онд Сангийн сайд болоод бизнес эрхлэгчидтэй уулзаж байх үед, зээл олддоггүй байсан гэж хэлсэн. Харин танай Засгийн газар дотоодын зээл авахаа больж арилжааны банкуудад богино хугацаатай өндөр хүүтэй зээлээ төлсөн учраас банкууд мөнгөтэй болж бизнес эрхлэгчдэд зээл олгох эрэлт нэмэгдсэн гэж ярьсан. Аж ахуйн нэгжүүд рүү очдог зээлийг төр зээлж аваад байвал эдийн засаг хөгжихгүй” хэмээн хариуллаа.

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд, улс орнууд хүссэндээ биш шахалтаар мөнгө олгож байгаа, энэ нь манай улсад маш үнэ цэнтэй гэдгийг тайлбарлалаа. Тухайлбал, 1970 оноос Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага хөгжингүй орнуудад дор хаяж ДНБ-ий 0.7 хувьтай тэнцэх албан ёсны тусламж олгодог байхыг шаардах болжээ. Энэ хүрээнд өмнө нь соёрхон баталсан Европын холбооны буцалтгүй тусламж мөн орж ирж байгаа гэдгийг тодотгов. Тэрбээр, “Цаанаа шахалттай байдаг болохоос биш ямар нэгэн санаа зорилго энэ зээл, тусламжид огт байхгүй. Жишээлбэл, хувь хүн жилийн 1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай бизнесийн зээл авъя гэхэд, дэлхийн хаанаас ч олохгүй. Гэтэл олон улсын байгууллагаас шахаж дэлхий ижил хөгжих ёстой гэсэн үүднээс байгаа мөнгөө боломжгүй хэсэгтээ өгч байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй” гэлээ.

Ингээд уг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *