Categories
мэдээ нийгэм

Цахим татварын мэдээллийн систем нэвтэрч эхэлжээ

Монголын татварын алба нь орчин үеийн дэвшилтэт технологи, үйлчилгээнд суурилсан цахим татварын алба болох стратеги зорилтын хүрээнд татварын төлбөр тооцоо, тайлагнал, татвар төлөгчийн бүртгэл, татвар төлөгчтэй харилцах харилцаа, үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ. Үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр татвар төлөгчтэй биечлэн харилцах, хүнд суртлыг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, захиргааны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох аж.

Шинэ цахим татварын мэдээллийн системийг 2014 оноос эхлэн ашиглалтанд оруулаад байгаа бөгөөд татвар төлөгч 73 төрлийн тайлан, 29 төрлийн хавсралт мэдээг цахимаар татварын албанд илгээх, харилцан мэдээлэл соилцох, татвар төлөгч татварын түүхээ харах, лавлагаа тодохойлолт авах, татварын төлбөр тооцоог хийх зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлдсэн байна.

Цахим татварын мэдээллийн системийг бүрэн нэвтрүүлэхтэй холбогдуулан татварын улсын ахлах байцаагч, татвар төлөгчдийг сургах, дадлагажуулах сургалтыг Азын сангийн дэмжлэгтэйгээр өнгөрөгч тавдугаар сарын 19-нөөс энэ сарын 20-ны хооронд зохион байгуулж байгаа аж. Сургалтад Багануур, Налайх, Төв, Хэнтий, Дархан-Уул,  Баян Өлгий, Говь-Алтай аймгуудад  2240 татвар төлөгч, 134 татварын улсын ахлах байцаагч нар хамрагдаж байгаа юм байна.

Сургалтын явцад татвар төлөгч шинэ цахим татварын мэдээллийн системийг хэрхэн ашиглах тухай демо-видео хичээл, татварын хууль тогтоомж, цахим төлбөр  болон гар утсанд зориулан бүтээсэн MTA апликейшныг үр бүтээлтэй хэрэглэх талаар танилцуулга хийж, татварын улсын /ахлах/ байцаагч нарт дотоод системийн болон хэрэглээний программын талаар мэргэшүүлж байгаа аж.