Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын “ICT Expo-2023” энэ жил “Mindgolia” буюу “Мэдлэгт суурилсан эдийн засаг” уриан дор зургадугаар сарын 9-11-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.
ЦХХХ-ны сайд Н.Учрал “1990 оны зах зээлийн шилжилтээс хойш төрийн ямар нэг дэмжлэггүйгээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан цорын ганц салбар бол харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар юм. Энэ салбарын хөгжлийн ололт, хөгжлийн хурдасгуурыг ашиглахгүйгээр аль ч салбарыг бүтээмжтэй, үр ашигтайгаар хөгжүүлэх боломжгүй. “ICT Expo-2023”, “ICT Forum‘23” арга хэмжээг “Mindgolia” гэх уриан дор зохион байгуулж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, олборлолтыг оюун санаа руу чиглүүлэх дараагийн 10 жилийг хамтдаа эхлүүлэх цаг болсон. “Mining to mind” буюу олборлолтоос оюун санаа руу чиглэсэн, шинжлэх ухаан, технологид суурилсан 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах үндэслэл “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсан. Тун удахгүй уг хөгжлийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Засгийн газарт танилцуулна. “ICT Forum‘23”-н хүрээнд хэлэлцэх гурван салбар хэлэлцүүлгийн агуулга нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, эко системийг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой байх талаар ярилцах юм. Мөн цахим хөгжлийг түүчээлэх талуудын оролцоо, өсөлтийг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа” гэлээ.
2020 оны аравдугаар сард E-Mongolia 1.0 хэрэглээнд нэвтэрч, төрийн 187 үйлчилгээг авах боломж бүрдсэн бол өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн E-Mongolia 3.0 хэрэглээнд нэвтэрснээр 80 гаруй байгууллагын 1072 төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ. E-Mongolia систем өдгөө 1.6 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлснээр манай улс НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 193 орноос 74 дүгээрт орж, 18 байраар урагшилсан байна.
“ICT Forum ‘23” арга хэмжээ өнөөдөр гурван бүлэг сэдэв, 27 илтгэл, 15 хэлэлцүүлгийн хүрээнд 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.