Categories
мэдээ цаг-үе

Цахим гадуурхал гэгдэх шинэ төрлийн гэмт хэрэг сурагчдын дунд “давалгаалж” байна

Ерэн хоёр. Энэ бол сүүлийн дөрвөн жилд амиа хорлосон хүүхдүүдийн тоо. 2016 он гарсаар арван сарын хугацаанд 40 гаруй хүүхэд амиа егүүтгээд байна. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид амиа хорлох тохиолдол хэд дахин нэмэгджээ. Хүүхдүүд юунаас болж амиа хорлох болсон шалтгааныг цагдаа нар тогтоож, дүн шинжилгээ хийжээ. Ингээд 2012-2016 онд 92 хүүхдээс 20 гаруй нь цахим гудуурхалд өртсөний улмаас амиа хорлосон гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 50 гаруй хувь нь буюу 12–оос дээш насныхан бүгд фэйсбүүк хаягтай. Ангийн болон бусад төрлийн групп хуудсанд холбогдсон байдаг юм байна. Сурагчид цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлсэн, зураг тавьсан, өөр ангийн хүүхдүүдтэй хамт авахуулсан зургаа оруулсан, ангийнхаа болон ойр дотнын найзуудын хэн нэгнийхээ дургүй хүнтэй хамт холбогдож харилцаа үүсгэсэн бол шууд найзаасаа хасах давалгаа үүсгэдэг болжээ. Бүр фэйсбүүкийн найзаасаа хасч гадуурхах, доромжлох давалгаанд анги төдийгүй сургуулиараа нэгддэг байна. Энэхүү давалгааг дэмжихгүй хүн гарч ирвэл мөн л хасах давалгааг эхлүүлдэг аж. Цахим гадуурхалд өртсөн олон хүүхэд сэтгэл санааны хүнд дарамтад орж, ганцаардаж байгаад амиа хорлох замыг сонгодог болжээ.

Сурагчид “Тэнэгүүдийг дэлхийгээсзайлуулах хөдөлгөөн”, “Халтруудаассалъя” гэх мэтцахим гадуурхах хөдөлгөөнийг өрнүүлдэг болжээ

Баянзүрх дүүргийн нэгэн ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч Б гэх хүүг ангийнх нь хэсэг хөвгүүд “Охин шиг царайтай банди манай сургуулиас зайл” гэсэн давалгаа хийсэн байна. Энэхүү аянг ангийнх нь бүх хүүхэд дэмжиж, бусадтай хуваалцах буюу шэйр хийжээ. Мөн сургуулийнхаа групп хаягт тавьчихсан гэнэ. Үүнээс болоод хүүхдүүд Б гэх хүүг муу муухай үг болгоноор дайрч, доромжилж, “Охин шиг банди” гэсэн нэр өгч, зургийг нь эмэгтэй хүний зурган дээр хийж тараасан байна. Найзууд нь түүнтэй огт харилцахгүй болжээ. Энэ талаараа Б ар гэрийнхэн болон багшдаа огт мэдэгдээгүй аж. Ингээд хичээлдээ явалгүй хэд хоноод гэрийнхээ гадаа амиа хорложээ. Талийгаач “Энэ хорвоо дээр намайг гэх хүн байхгүй. Би ганцаардаж байна” гэсэн утга бүхий гэрээслэл бичээд амиа хорлосон байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт долдугаар ангийн охин мөн л цахим гадуурхалд өртжээ. Ангийнхаа нэг охинтой үл ойлголцох байдал үүсч, муудалцсан байна. Гэтэл нөгөө охиныг “Бусдын хайрыг булаагч явдалтай охин” гэсэн нэр өгч, ангиараа ганцаардуулах “их хөдөлгөөн” өрнүүлсэн байна. Ангийнх нь хүүхдүүд түүний фэйсбүүк хаяган дээр “Сургуулийн олон хөвгүүдтэй бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн замын халдварт өвчтэй, хүүхдээ аборт хийлгэж авахуулж байсан” гэх мэт ор үндэсгүй худал зүйлс бичиж, хүүхдүүдийн дунд шэйр хийж явуулжээ. Үүнээс болоод Г гэх охин гурван ч удаа амиа хорлох гэж оролдсон байна. Цагдаа нар болон ар гэрийнхэн нь Г гэх охины фэйсбүүк хаягийг шалгаж үзэхэд ангийн болон сургуулийнх нь хүүхдүүд түүнийг найзаасаа хасч, зурагийнх нь доор элдэв хэл амаар доромжилсон сэтгэгдэл бичсэн байжээ.

Баянгол дүүргийн нэгэн ерөнхий боловсролын сургуульд “Тэнэгүүдийг дэлхийгээс зайлуулах хөдөлгөөн” гэгчийг өрнүүлсэн байна. Анги бүрээс нэг хүүхдийг сонгож, сургуулиас зайл, манай дүүрэг, манай хотоос зайл, дэлхийгээс зайл” гээд л доромжилж эхэлжээ. Мөн “Тэнэг хүнтэй найз фэйсбүүкийн болон группийн найз хүнийг мөн л тэнэгүүдийн эгнээнд шилжүүлнэ. Хоёр цагийн дотор найзаасаа хас” гэх зэргээр бусдыгаа уриалан дууддаг байна. Фэйсбүүкийн ямар ч найзгүй болж ганцаараа үлдсэн хүүхдүүд амиа хорлох гэж оролдож, зарим нь ар гэрийнхэндээ хэлж сургуулиас шилжсэн байна. Үүнээс болж 12 настай охин амиа хорложээ. Чингэлтэй дүүрэгт нэгэн хэрэг энэ онд гарсан байдаг. “Халтруудаас салъя” гэх амьдралын боломж тааруу, хувцас хунар муутай, аав, ээж нь ажилгүй, гэр, хашаа нь өнгө үзэмж муутай айлуудын хүүхдүүдийг сонгож, тэдний гэр ийм. Аав, ээж нь ийм ажил хийдэг. Хиртэй хувцастай явдаг” гэх мэтээр доромжилжээ. Үүнээс болоод ундааны сав түүж амьдралаа авч явдаг айлын хүүхэд гэрийг нь фэйсбүүкээр зарлаж байгааг мэдээд амиа хорлосон байна. Хүүхдүүд юунаас болж амиа хорлож байгааг цагдаа нар судлаад үзэхээр дандаа ойр дотнын найзууд нь энэ бүгдийн эхлэлийг тавьсан байдаг ажээ.

Хүүхдүүд бусдыгаа даган дуурайж, цахим гадуурхал гэх гэмтхэргийг үйлдэж байна

Энэ талаар хүүхдийн сэтгэл судлаач Б.Мөнгөнчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахим гадуурхалд өртөж амиа хорлох нь нэмэгдээд байгаа гэсэн. Энэ талаар судалгаа хийсэн зүйл байдаг уу?

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад 5000 сурагчийн дунд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-г явуулсан байгаа. Дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодсон, Долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, арван сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн гэсэн судалгаа гарсан. Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг дуудлагын 70 хувь нь тусламж эрсэн дуудлага байдаг бөгөөд үүний 40 хувь нь цахим гадуурхалтай холбоотой байдаг юм байна лээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 60 гаруй хүүхэд цахим гадуурхалд өртөж амиа хорлосон байна. Энэ юу гэсэн үг вэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахим гадуурхалд өртөж сэтгэл санааны цочирдолд орж байна. Цахим гадуурхал гэгдээд байгаа гэмт хэргийг бүлэглэж үйлдэж байгаа хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь хамгийн их санаа зовоосон зүйл болсон. Аав, ээж нь хүүхдүүдээ сургууль дээрээ ямар байгаа. Фэйсбүүк хаягаар хэн нэгнийг доромжилж дайрч гүтгэх, эсвэл бусдын дарамт шахалтад орж, сэтгэлийн шаналгаатай байгааг огт мэдэхгүй байна. Гэтэл сурагчдын дунд цахим гадуурхал гэх гэмт хэрэг маш хурдацтайгаар цар хүрээгээ тэлж байна. Үүний хор уршгаар олон хүүхэд амь насаа алдаж байна. Ангийнхан болон сургуулийнхан нь фэйсбүүк хаягийг нь блоколж, ганцаараа болчихдог. Энэ нь тухайн хүүхдийг цочирдолд оруулж, ганцаардуулдаг. Ингээд амиа хорлох үйлдлийг тэд сонгож байна.

-Цахим гадуурхал гэгдээд байгаа гэмт хэргийг хэрхэн таслан зогсоох вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд бусдыгаа даган дуурайж байна. Хэн нэгнийг доромжилж байгаа бол дагаад л доромжилдог. Фэйсбүүк хаягаасаа хасвал дагаад л хасдаг. Гэтэл тэр гадуурхалд өртөж байгаа хүүхдэд ямар хэцүү байдаг бол цаашлаад бусдад гоё харагдах гэж байгаа болчимгүй үйлдлээс болж амиа хорлож байгааг ухаарч ойлгох ёстой. Цахим сүлжээнд байгаа хүүхдүүдийн ааш араншин маш ширүүн, бусдыг дайрч доромжлох нь хэрээс хэтэрсэн асуудал болоод байгаа. Үүнийг таслан зогсоохын тулд гэр бүлийнхэн болон ерөнхий боловсролын сургууль, багш нар хүүхдүүдтэй ойр дотно байх ёстой. Хүүхдүүд цахим ертөнцөд юу ч хийж байсан хамаагүй. Хэн ч тэднийг тэглээ гэж хэлэхгүй гэсэн үүднээс хандаж, дураараа аашилж байна. Хүүхдүүдийн дунд хараа хяналтгүйгээр гэмт хэрэг болон садар самуун, бусдыг айлган сүрдүүлэх, бусдаас өс хонзон авдаг хэрэгсэл нь цахим ертөнц болжээ. Бүр цахим ертөнц гэж хүүхдүүд зэрлэгших зүйл нь болоод байна гэдгийг онцолж хэлмээр байна гэв.

Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өгч буй мэдээллээр “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амиа хорлох хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдээд байгаа. Цагдаагийн байгууллага тухайн хүүхэд юунаас болж амиа хорлох болов гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоож Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Тухайн хүүхдийг хэл амаар доромжилж, цахим хаягаар нь ор үндэсгүй зүйлээр гүтгэсэн зүйл гарвал бусдыг амиа хорлоход нөлөөлсөн гэх үндэслэлээр шалгадаг. Бүр хорих ял хүртэл оноодог” гэв.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *