Categories
мэдээ нийгэм

Цахим ертөнцийн “цагдаа” нар маргааш өрсөлдөнө

“MNSEC 2019” аюулгүй байдлын өдөрлөгийг маргааш “ШангриЛа”-д зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгийг зохион байгуулагч нь “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” буюу MNCERT/CC юм. Тус газар нь Монголын кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ашгийн бус, төрийн бус байгууллага юм байна. MNCERT/CC-ээс уламжлал болгон зохион байгуулдаг цахим аюулгүй байдлын цогц арга хэмжээ MNSEC зургаа дахь жилдээ болж байгаа нь энэ юм. MNSEC арга хэмжээнд таван жилийн хугацаанд давхардсан тоогоор 1000 гаруй хүн оролцжээ.

Интернэт, кибер ертөнцийн, тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагуудын аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаачид MNSEC-2019 арга хэмжээнд оролцож, олон улсад болон Монгол улсад болсон сүүлийн үеийн халдлагын шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулж, тэдгээрээс сэргийлэх арга, мэдлэг, зөвлөгөөг өгдөг юм байна.

Сонирхуулж хэлэхэд тус өдөрлөгийн үеэр “Харуул занги” нэртэй ёс зүйт хакеруудын тэмцээн болдог юм байна. Өдөрлөгийг зохион байгуулагчид “Хакерууд дотроо хоёр янз. Сайн, муу гэж бий. Ёс зүйт хакеруудын хувьд тухайн улс, байгууллагад үүсч буй эрсдэлийг илрүүлж, урьдчилан сэргийлдэг. Энэ үүднээс ингэж нэрлэсэн. Тэмцээн гурван шаттай явагддаг. Эхний шатнаас 20 баг шалгарна. Үүнээс дахин шигшигдсэн 10 баг энэ сарын 4-ний өдөр финалын шатанд өрсөлдөнө. Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Энэ жил эхний шатанд 125 баг оролцсон. Нэг баг гурван хүнтэй гэхээр хэр олон залуус хамрагдаж байгааг тооцож болно. Мөн бид “Харуул занги” тэмцээн өргөжиж байгаагийн хэрээр төрөлжүүлж “Харуул занги U18” тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах болсон. Уг тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тавдугаар сард болдог юм. Бид сурагчдыг багаас мэдээлэл технологийн салбарт сонирхолтой болгох үүднээс насны ангилал гаргасан” гэж сонирхууллаа.

Ц.БИЛИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *