Categories
гадаад мэдээ

Цахим аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлэв DNN.mn

Сүүлийн өдрүүдэд Европын холбооны оршин суугчид гар утсаараа What­sapp, Instagram эсвэл Tik­tok гэх мэт сошиал медиа аппликейшнүүдийг нээхэд “Бид нууцлалын бодлогоо шинэчилж байна” гэсэн мэдээлэл авах болжээ. Энэхүү мэдээлэл нь Fa­cebook, Google зэрэг технологийн аварга компаниудад чиглэсэн “Дижитал үйлчилгээний тухай хууль (DSA)” Европын холбоонд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гэсэн үг аж. Энэ хуулийн дагуу дээрх компаниуд өөрсдийн платформ дахь худал мэдээлэл, үзэн ядалтыг өдөөн турхирсан хууль бус контентыг бүртгэн хяналт тавьж зохицуулж байх шаардлагатай болж байгаа юм байна. Энэхүү “DSA” нь цахим орон зайн аюулгүй байдлыг ханган, цахим орчинд иргэдийн үндсэн эрхийг хамгаалах зорилготой хууль юм.

“Хүн бүр илүү аюулгүй интернэттэй байх ёстой” гэж Европын дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон X (хуучнаар Твиттер гэгддэг байсан) хуудастаа онцлон дурдаад “Энэ хууль хүчин төгөлдөр болсонд баяртай байна. Томоохон онлайн платформууд бидний өдөр тутмын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ЕХ өөрийн дүрэм журмыг тогтоох цаг болсон” гэж тэрбээр нэмж мэдэгджээ.

Одоогийн байдлаар энэ хууль 19-н платформ, түүний дотор Facebook (Мета корпорацийн эзэмшдэг), Instagram, LinkedIn, Pin­terest, Snapchat, TikTok, X (хуучин Twitter), You­Tube, зах зээл дэх онлайн дэлгүүрүүд болох AliEx­press, Amazon Store, App­Store, Google Play, Google Shopping болон Zalando; зочид буудлын захиалгын хайлтын системүүд болох Bing, Google Maps, Google Search болон Wikipedia интернэт нэвтэрхий толийг хамарч байгаа аж. Энэхүү шинэ хуулийн дагуу 45 сая гаруй өөрийн хэрэглэгчтэй томоохон платформууд болон хайлтын системүүд нийтлэгдсэн контентыг илүү хатуу хянаж, хэрхэн устгасан талаар хяналтын байгууллагад сар болгон мэдээлэл өгч байх шаардлагатай болж байна.

DSA хүчин төгөлдөр болохоос өмнө дээрхи 19-н платформ ЕХ-ны эрх баригчдад энэхүү хуулийн заалтуудыг хэрхэн дагаж мөрдөхөө харуулан интернэт дэх хууль бус контентуудыг хэрхэн устгаж, хэрэглэгчдийн нууцлал, ил тод байдлыг хэрхэн хангахыг харуулсан “стресс тест”-д хамрагдсан юм байна. Мөн өнгөрсөн сарын эхээр ТикТок, Мета компаниуд энэхүү шинэ хуулийг хэрхэн дагаж мөрдөх талаар олон нийтэд мэдэгдэл гаргаж байжээ. Тухайлбал, Титкток “Манай Европын хэрэглэгчдийн хувьд бид хэрэглэгчид хууль бус гэж үзэж буй зар сурталчилгаа зэрэг контентыг бидэнд шууд мэдээлэх нэмэлт сонголтыг нэвтрүүлж байна. Үүнийг аль болох хялбар болгохын тулд хэрэглэгчид үзэн ядсан үг хэллэг, санхүүгийн гэмт хэрэг, мөрдлөг гэх мэт ангиллын жагсаалтаас сонгох боломжтой болно. Бид ангилал тус бүрийг илүү сайн ойлгож хэрэгжүүлэхэд туслах зааварчилгааг өгөх болно” гэж өөрийн мэдэгдэлдээ дурдаж байжээ. ТикТок мөн DSA-д нийцсэн цоо шинэ зар сурталчилгааны архив үүсгэснээ зарлажээ. Ингэснээр анх удаа платформ дээр хэн сурталчилгаа хийж байгааг олон нийт ил тод харах боломжтой болж байгаа бөгөөд энэ нь илүү ил тод байдлыг хангахад туслах болно гэж мэдэгдэв.

Шинэ хууль нь Net­flix, AirBnB, PornHub зэрэг “хорт” контент түгээдэг платформуудад нөлөөлөхгүй байна гэж биднийг шүүмжилж байгаа учир эдгээрийг ирэх саруудад нэмж оруулах боломжтой гэж ЕХ-ны албаны хүмүүс мэдэгдэв. “19 платформын жагсаалттай холбоотой олон асуулт гарч байгаа учир бид нэмэлт зохицуулалтууд хийх болно. Гэхдээ одоогоор DSA нь платформуудын хэрэглэгчдийн тоо гэх мэт бодит шалгуурыг баримтлах ёстой” гэж Бельгийн Европын бодлогын судалгааны төв (CEPS)-ийн ажилтан Андреа Ренда мэдэгдэв. Тэрбээр “Одоогийн жагсаалт нь төгс зүйл биш бөгөөд ойрын ирээдүйд бид үүнийг нэмж магадгүй” гэж DW-ийн сурвалжлагчид хэлжээ.

Энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд онлайн платформууд жилийн нийт орлогын 6 хувийн торгууль төлөх бөгөөд дахин зөрчсөн тохиолдолд Европын холбоонд үйл ажиллагаа явуулахыг хориглох боломжтой гэж ЕХ-ны албаны хүмүүс мэдэгдэв. Евро комиссын мэдээлснээр DSA нь шинээр гарч ирж буй эрсдэлд хариу үйлдэл үзүүлэхийн тулд онлайн орон зайд зохицуулалтын хяналт, хариуцлага, ил тод байдлын хэвтээ тогтолцоог бий болгох аж. “Шүүхийн шийдвэр хатуу байх болно. Гэхдээ бодит амьдрал дээр хэрэгжихийн тулд хэд хэдэн зүйлийг хийх ёстой. Нэгдүгээрт, иргэний нийгэм тодорхой хэмжээний туршлага, бие даасан байдалтай байдаг учраас энэхүү хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой гэж бид үзэж байна. Хоёрдугаарт, үндэсний хэмжээнд бие даасан үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн байгууллагууд энэ хуулийг хэрэгжүүлэх талаар практик нөөц бололцоогоо нээн хэнээс ч хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой” гэж Ардчилал, технологийн төвийн Европын албаны дарга Иверн Макгоуан DW-д ярьжээ.

Дижитал үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлснээр эдгээр 19 платформыг ашиглаж буй европчууд хамгийн түрүүнд анзаарах зүйл бол контентыг зохицуулж байгааг харах явдал байх болно. “Анх удаа контентыг яагаад зохицуулан, устгаж, хориглосон талаарх бүрэн мэдээллийг хэрэглэгчид шууд авдаг болох бөгөөд энэ нь ил тод байдлыг дэмжиж буй үйлдэл юм” гэж ЕХ-ны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрбээр ирэх хоёрдугаар сар гэхэд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг хүмүүс болон бүлгүүд контентыг нь зохицуулсан тохиолдолд уг шийдвэрийг давж заалдах механизмыг ашиглах боломжтой болно гэж тэр нэмж хэлжээ. Андреа Ренда мөн ихэнх өөрчлөлтүүд нь эдгээр платформын хэрэглэгчдэд үл мэдэгдэх бөгөөд давж заалдах хууль батлагдах хүртэл хэсэг хугацаанд платформ дээрх мэдэгдлийн баннертай холбоотой будилаан үүсэх байх гэж анхааруулжээ. Мөн Андреа Ренда Европын DSA хэрхэн хэрэгжиж байгааг дэлхий нийт “сонирхолтой” ажиглаж байна гээд “АНУ-д DSA-г ЕХ заримдаа зарим зүйлийг Америкаас хамаагүй илүү зохицуулж чаддагийн гол жишээ гэж үзэж байгаа бол Бразил, Япон ч мөн энэ хуулийг ихээхэн сонирхон ажиглаж байна. Их Британид зориулсан платформууд үүнтэй төстэй арга барил баримталдаг болж, онлайн зуучлагчдад илүү их үүрэг хариуцлага хүлээлгэсэн. Тиймээс энэ хууль дэлхийн хэмжээнд нэг их түгшүүр төрүүлэхгүй гэж би бодож байна” гэж тэр онцлон мэдэгдэв. Харин Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен дижитал үйлчилгээний тухай хуулийг сайшааж, “Манай Европын үнэт зүйлсийг дижитал ертөнц л авчирна” гэж хэлжээ.

Хэд хэдэн улсын Засгийн газар хуурамч онлайн илэрхийллийг хязгаарлаж байгаа ч бас хүний эрхийн төлөө тэмцэгчид болон эрэн сурвалжлах сэтгүүлчдийн мэдээллийг устгаж эсвэл блоклож байгаа тул DSA нь дэлхий даяар хэрэглэгчийн эрхийн стандартыг тогтооход том тус болно гэж найдаж байна гэж Айверна Макгоуан онцлон дурдаад “ЕХ нь гадаад бодлогодоо ч DSA хүний эрхийн зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж байгааг ажиглаж байх нь маш чухал юм. ЕХ гадаадын сонгуульд уг хууль хэрхэн үйлчилж байгааг ажиглаж байх хэрэгтэй биш гэж үү?” гэж тэрбээр нэмж хэлжээ.

ХБНГУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч “Сүүлийн 12 сарын хугацаанд Оросын худал мэдээллийн цар хүрээ огт буураагүй” гэж мэдэгдээд “Орос улс “Telegram” зэрэг олон нийтийн сүлжээг худал мэдээлэл түгээхэд идэвхтэй ашигладаг. Оросыг дэмжигч ташаа мэдээлэл түгээдэг хуурамч хаягууд жинхэнэ мэт харагддаг. Тэд алдартай мэдээллийн порталуудын нэрээр зохиомол мессеж тараадаг” гэж мэдэгдэв. Албаны хүний хэлснээр, Оросын худал мэдээлэл тараагчид Германы олон нийтийн санаа бодолд нөлөөлж, Германы нийгэм дэх зөрчилдөөнийг нэмэгдүүлж, төрийн байгууллага, Засгийн газрын үйл ажиллагаанд итгэхгүй байхыг сурталчилдаг аж. “Орос Украины эсрэг түрэмгий дайн эхлүүлснээс хойш бид Германд Оросын хуурамч мэдээлэл эрчимжиж байгааг харж байна” гэж Германы Дотоод хэргийн яамны төлөөлөгч дүгнэн хэлжээ. Иймэрхүү хуурамч мэдээллийг таслан зогсоож, хүний эрхийг хангах нь энэхүү DSA гэх шинэ хуулийн гол үүрэг юм байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *