Улаанбаатар хотын зарим дүүргүүдийн цахилгаан тасраад буй бөгөөд өчигдөр 23:00 цагийн үед “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн Өмнөд дэд станцын 6 кВт-ын хоёрдугаар секцэд гал гарснаас үүджээ.
Одоогийн байдлаар Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зарим газарт цахилгааны хязгаарлалт хийж, станцыг хүчдлээс бүрэн салгажээ. Гэмтлийн талаар шуурхай хуралдаан зарлан арга хэмжээ авч байна. Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар тус станциас цахилгаанаар тэжээгддэг ихэнх хэрэглэгчдийн хэрэглээг сэргээсэн ч Улаанбаатар сувилал орчим, 19 дүгээр хороолол, Энхтайваны гүүрний зүүн урд талын “Хурд” хотхон, Хан-Уул дүүргийн Соёлын төв, Арьс ширний үйлдвэр болон Сүхбаатарын талбайн ойр орчмын зарим барилгыг цахилгаанаар хангаж эхлээгүй байна.
Дэд станц хүчдэлгүйн улмаас тус станцаас цахилгаанаар тэжээгддэг хэрэглэгчдийн эрчим хүчний тэжээлийг бусад шугамд ээлж дараалан шилжүүлэх ажлыг өнгөрсөн шөнийн туршид хийж гүйцэтгэсээр байгааг тус сүлжээнийхэн тайлбарлав.
Гэмтлийг засварлаж, дээрх хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээг хэвийн болгох ажлыг өнөөдөртөө багтааж дуусгана гэж Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, УБЦТС ТӨХК-ийн Баруун түгээх төвийн ажилтнууд шуурхайлан ажиллаж байна гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.