Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаа, прокурор, шүүх нүүрсний хулгайгаас сэргийлэх ёстой юу, гоё оффис бариулж алтан бөгж зүүгээд орхих ёстой юу? DNN.mn

Нүүрсний хулгайн хэрэг мандаад багагүй хугацаа өнгөрлөө. 40 их наядаар хэмжигдэж байгаа энэ хэрэг ард түмнийг хилэгнүүлж, жагсаал цуглааныг ширүүсэхэд хүргэв. Сүхбаатарын талбайд 16 дахь өдрөө үргэлжилж буй иргэдийн тэмцлийн үр дүнд нууцын зэрэглэлд оруулсан оффтейк гэрээг ил болгож, хэдэн улстөрчдийн нэрсийг зарлах шив дээ. Гэтэл нөгөөдүүл нь “Би буруугүй” гэж тал тал тийшээ баахан сандралдан гүйлдэцгээх юм. Бүхэл бүтэн Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний орлогыг хумсалсан эрх мэдэлтнүүд, улс төрийн бүлэглэлүүд тийм ч амархан “Би хулгайлсан” гээд гараад ирэхгүй нь тодорхой. Нүүрсний хулгайн асуудал гэнэтхэн өнөөдөр яригдаж байгаа сэдэв ч биш. Одоогоос хэдэн жилийн өмнө парламентын гишүүд нь чуулганы танхимд бие биеэ нүүрсний хулгайч, луйварчнаараа дуудалцаад сууж байсныг ард түмэн бүгд харсан. Тэр үед л нүүрсний хулгай ид явагдаж байж. Ер нь сүүлийн зургаан жилийн хугацаанд нэлээд эрчимтэй цэцэглэсэн гэх юм билээ. Төдийгөөс өдий хүртэл буруутай этгээдийг илрүүлээд зохих шийтгэлийг нь оноочихсон байх хангалттай сар жилүүд өнгөрөв. Гэтэл асуудал шударгаар шийдэгдсэнгүй. Харин ч хулгай улам гаарч монголчуудын боломжийг ховх сорогчид хамаг өрмийг нь ханаж, цадахааргүй хамах янзтай байв. Төсвийн хулгай ийм ил цагаандаа гарчихаад байхад манай цагдаа, прокурор, шүүхийнхэн юу хийцгээж байв. Арван мянган төгрөг хулгайлсан Батыг шуурхай яллаж, анкетыг нь барьж байгаад олон нийтэд мэдээлдэг мөртлөө нөлөө бүхий улстөрчид бүлэглэлүүдийн оролцоотой төсвийн хулгайг илрүүлэхдээ үнэндээ хойрго юм.

Төрд нүүрсний хулгай, авлига, албан тушаалын хэрэг үүрлэж, сүлжээний бизнес шиг өргөжин сүлбэлдсэн энэ бүх цаг хугацаанд цагдаа, прокурор, шүүхийнхэн тэнгэр баганадсан өндөр оффист л орцгоогоод байсан. Эдийн засгийн хямрал тэдэнд огтхон ч нөлөөлөөгүй. Ар араасаа тууз хайчилж, будаг нь ханхалсан тохилог ажлын байрнуудаа гайхуулцгааж байв. Уг нь дэлхийн жишигт өндөр хөгжилтэй улс орнуудын хамгийн гоё дизайнлаг байшинд банкныхан л байдаг сан. Тэгвэл Монголд тансаг зэрэглэлийн оффист цагдаа, прокурор, тагнуул шүүхийнхэн ямбалдаг болсон нь худлаа биш. Тэдний захиалсан байшин савуудын саадгүй хурдан баригдахыг яана. Одоо бодоод байх нь ээ, хууль хүчнийнхнээс барилгын компаниуд сүрдэж ажлаа яаравчилдаг байх гэж харсаар ирсэн нийгмийн өнцөг үнэхээр гэнэн байж. Харин ч 40 их наядын хулгай гарч байхад нүдээ аньж бай гээд эд нарт зориулж барьж өгсөн авлигын байшин байсан юм биш үү.

Зүү тэвнэ биш, бүхэл бүтэн хэдэн арван их наядаар тоологдох хэмжээний нүүрсний хулгай ямар ч хяналтгүй бас айдасгүй олон жил үргэлжилж байхад АТГ, цагдаа, прокурор, шүүхийнхэн хаана байв. Төрийн луйврыг тоотой хэдэн сонин хэвлэл бэхээ тасалдтал бичиж, нийтэлж, олон нийтийг мэдээллээр хангаж ирсэн шүү дээ.

Үнэхээр Ерөнхий сайдын хэлсэнчлэн дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, гадны өмгөөллийн товчоонд задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид ял завшиж ирсэн юм биш үү. Саяхан нэг прокурор зурагтаар гарахдаа ард түмнийг босгочихоо шахсан. Арван хуруундаа алт зүүчихээд гар, хөл ч хөдөлгөж чадахааргүй нэгэн сууж байна лээ. Үнэт эдлэлийн лангууны худалдагч ч тэгж алт эрдэнэсээр хучигдсан байдаггүй. Гэтэл тийм хүн прокурор хийхээр чинь хууль шүүхийнхэнд итгэх арга байна уу. Биеийн хэлэмжийг нь харахад л “Ээ дээ, энэ яана даа” гэмээр нөхөр байсан.

“Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл бенц “G-Class” хөлөглөж, тансаг хауст амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна” гэж Ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс хатуухан хэлээд авав. Нээрээ л төрийн албан хаагчид ямар мөнгөөрөө тансаг амьдраад байна вэ. Цалингаараа ингэж амьдардаг гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй. Төрийн албан хаагчдын цалингийн зэрэглэлийн цэснээс харахад газар, хэлтсийн дарга нар үсрээд 1.3 сая төгрөг л авдаг юм билээ. Ажилласан жил, зэрэг цолны нэмэгдэл гээд 1.5 сая хүрэхтэй үгүйтэй. Насаараа хамаг орлогоо хадгаламжинд дансалсан ч тэрбумын үнэтэй орон сууцанд амьдарч, чихэлдсэн хотын түгжрэлд “G-Class”-аар гангарч чадахгүй. Төрийн албан хаагчид ард түмний нүдэн дээр ингэж хөлжиж, амьдрал нь суга татагдаж байхад АТГ, цагдаа, прокурор, шүүх яагаад шалгаагүй юм бэ. Авдаг цалингийнх нь хэмжээ хүртэл бэлээхэн байж байхад яагаад хардаж, сэрддэггүй юм бэ.

Улстөрчдөөс гадна сэргийлж, харж байх ёстой АТГ, прокурор, шүүх цагдаа нарын удирдлагуудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Нүүрсний гэх тодотголтой төрийн хулгайг өдий болтол жинхэнэ гааруулсан хүмүүс чинь эд нар юм байна. Уг нь тэднийг ийм хулгай зэлгийгээс хамгаалж сэргийлж, хоригло энэ тэр гэж ард түмэн татвараараа тэжээж өдий хүргэсэн. Орд харшид суулгаад, алт мөнгөнд умбуулж байгаа шүү дээ. Тэднээс хулгайчийг бариад өг гэж мянга хүсээд ч нэмэргүй юм байна. Иймд эхнээс нь эцсийг нь хүртэл энэ хүчний байгууллагуудаа бүгдийг нь солих хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *