МАН-ын “цагаан байр” өнгөрсөн баасан гаригт бас л бужигнав. Ээлжит сайдаа шилгээсэн ХНХЯ-ыг эзэнтэй болгох талаар тус намын Удирдах зөвлөл хуралдсан юм. Уг нь 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орж, Ерөнхий сайд нь танхимынхаа сайд нарыг дангаар шийддэг эрхтэй болсон. Гэхдээ эрх барьж буй нам Ерөнхий сайдын энэ эрхийг хуваалцдаг уламжлал халагдаагүй л байгаа бололтой. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн сайдаар хэнийг томилохоор шийдсэнээ намынхаа Удирдах зөвлөлд танилцуулж, захирамжийнхаа “виз”-ийг авсан байна. Гэхдээ энэ удаагийн Удирдах зөвлөлийнх нь хурал уламжлалаараа болоогүй байна. Ер нь ч сүүлийн үед аль нэг яамны сайдыг сонгох хурлууд нь уйлаан майлаан, гомдол тунирхалтай болдог болсон. Олдохоороо өлдөж буй нь тэр л дээ.
Т.Аюурсайханыг ажлаа өгөх сургаар МАН-ын хэд хэдэн эмэгтэй гишүүн ХНХ-ын сайд болохоор гүйлдээд эхэлсэн. Тэр хүслээ ил далд олон хэлбэрээр илэрхийлсэн. Тэднээс сайд болох хамгийн магадлалтай хүнээр Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар яригдаж байв. УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүд ч хуралдаж нэгийгээ нэр дэвшүүлэхээр тохирчээ. Түүнийгээ Удирдах зөвлөл дээрээ танилцуулсан байна. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огт өөр саналтай байгаагаа хэлсэн нь хурлын уур амьсгалыг эвдэж орхижээ. Л.Оюун-Эрдэнийн тухайд, энэ удаагийн сайдын томилгоонд УИХ-аас шинээр хүн авахгүй гэдгээ хэлсэн байгаа юм. Үүнд нь эмэгтэй гишүүд нь голдуу гомдлын үг хаяцгаажээ. Харин Л.Оюун-Эрдэнэ, би үйлдэл бүрээ та нарт тайлбарлаж ойлгуулахыг оролддог. Миний тайлбар ихдээд байх шиг байна. Тэгэхээр энэ удаад намын даргын хувьд Боомтын сайдаар Б.Тулгыг, энэ албыг хашиж байсан Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар томилох шийдвэрт хүрсэн гэдгээ хэлжээ. Б.Тулгын тухайд чуулган дээр хэлсэнчлэн томоохон төслүүдтэй холбоотой томилгоо гэсэн байна. Харин энэ “булгидаг” суудалд очсон Х.Булгантуяагийн хувьд аль аль талаараа шаардлага хангаж байгааг хэлжээ. Ингээд асуудал шийдэгдэж, сайдад зүтгэж явсан гишүүд намын даргадаа “гологдсон хүүхнүүд” болж хоцорсон байна.
Удирдах зөвлөлийн хурлын дараах тус намын гишүүдийн яриагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингээд гэдийчихсэн нь хэд хоногийн өмнө болж өнгөрсөн УИХ-ын гурван гишүүнийг түдгэлзүүлэх нууц санал хураалттай холбоотой гэнэ. Тодруулбал Д.Бат-Эрдэнийг авч үлдэх санал өгсөн намынхаа 19 гишүүнтэй улс төрийн хариуцлага ярихаар болсон гэдэг. Тэдгээр гишүүдийн дунд ХНХ-ын сайдад яригдсан эмэгтэй гишүүдээс багтсан бололтой юм.