Монгол Улсын Шадар сайд, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан УИХ дах Байгаль орчныг хамгаалах бүлгэмийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа.
Манай улсад сүүлийн 80 жилд агаарын температур 2.4 хэм өссөн, жилийн дундаж хур тунадас 7.3 хувь, 1 хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин нэмэгдсэн. Мөн сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн зудын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, 7.4 сая толгой мал хорогдсон. Энэ нь нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан.
Иймд цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжаа нэмэгдүүлэх, байгалийн нөхөн сэргээлт хийх, хүлэмжийн хийг хэрхэн бууруулах зэрэг томоохон сорилт тулгарч буйг Монгол Улсын Шадар сайд, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан онцолсон.
Харин гишүүдийн зүгээс цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон ажиллаж, амьдрах шийдлүүдийг оновчтой гаргах нь чухал гэдэг саналыг илэрхийллээ.