Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар хүчтэй шороон шуурга болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа. Зарим нутагт салхи секундэд 18-20 метр хүрэх ба 24 метр хүрч ширүүсэх тул сэрэмжтэй байхыг мэдээллийг өглөө.
Цаг уурын урьдчилсан мэдээллээр, ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 5-д баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно гэж мэдээлжээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймийн аюулаас сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулав. Энэ долоо хоног болон амралтын өдрүүдэд цаг агаарын төлөв ямар байхыг дэлгэрэнгүй мэдээлж байна. Тодруулбал,
-АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР БАГА ЗЭРЭГ ХҮЙТЭРНЭ-
Баруун аймгуудын нутгаар: 5, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 5, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5, 6-нд бага зэрэг хүйтэрнэ.
Зүүн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4, 6-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөндөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. 6, 7-нд бага зэрэг хүйтэрнэ.
Говийн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4, 6-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 6-нд бага зэрэг хүйтэрнэ.
–ГОЛ МӨРНИЙ ХАВРЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ ЭХЛЭХ, МӨСНӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХУГАЦАА ЭНЭ ЖИЛ 510 ХОНОГООР ЭРТ БАЙНА–
Энэ жил гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа үндсэндээ олон жилийн дунджийн орчим зарим томоохон голуудад 5-10 хоногоор эрт ажиглагдах ба хаврын мөсний үзэгдэл зарим газраар олон жилийн дунджаас 10-20 хоногоор эрт ажиглагдах төлөвтэй байна. Тухайлбал Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий, Бэлтэс Сэлэнгэ мөрний дагууд, Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, Хануй Хэнтэй нуруунаас усжих Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз голуудад хаврын мөсний үзэгдэл олон жилийн дунджаас харьцангуй эрт ажиглагдах төлөвтэй байгаа бол Алтай нуруунаас усжих Буянт, Сагсай, Турган, Харбут, Булган голуудын хувьд гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа нь 5-10 хоногоор оройтож ажиглагдана. Гол мөрний эхээр мөсний үзэгдэл дөрөвдүгээр сарын эхэн үеэр, голын дунд ба адгаар гуравдугаар сарын дунд үеээр эхэлж, дөрөвдүгээр сарын 10-30 хооронд ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөнө.
Гуравдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны томоохон гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй байсан. Харин жижиг голуудын хувьд мөс задрах, мөсөн дээгүүр ус гүйх, харз, мөсөн зах гэх мэт үзэгдэл ажиглагдаж байна. Одоогоор томоохон гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөсний зузаан буурч, мөс хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Тиймээс ард иргэд онцгойлон анхаарч цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх болон хаврын шар усны үерийн аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. Мөн цаашид цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас ямагт болгоомжтой байгаарай.
–ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГУУДАД ХӨРСНИЙ ЧИЙГ ХАНГАЛТГҮЙ БАЙНА–
Тариалан бүхий нутгаар 2018 оны намар хөрс хөлдөж эхлэхээс өмнө тодорхойлсон хөрсний чийгийн явуул судалгааны мэдээ болон 2019 оны дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд үндэслэн 2019 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээг тооцоолж гаргажээ.
Уриншилсан талбайн 0-20, 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц Дорнодын Чойбалсангийн модон гүүр, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Номгон, Алтанбулагт хангалттай, Булганы Хутаг, Сэлэнгэ, Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгийн Зэлтэр, Хушаат, Зүүнбүрэн, Зүүнхараа, Төвийн Баянчандмань, Жаргалант, Хөвсгөлийн Тариаланд дунд зэрэг, Архангайн Төвшрүүлэх, Дорнодын Халхгол, Казакын гүүр, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Орхон, Баруунхараа, Дархан-Уулын 5-р бригад, 4-р бригад, Алтангадас, Цайдам, Төвийн Угтаал, Эрдэнэсант, Борнуур, Цээл, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Хэнтийн Яргайт, Хурх, Биндэр, Орхоны Улаантолгойд хангалтгүй байх төлөвтэй байна.
Харин гуурстай талбайн хувьд Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Номгон, Алтанбулаг, Хөвсгөлийн Тариаланд хангалттай, Булганы Хутаг-Өндөр, Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгийн Зэлтэр, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Зүүнхараа, Төвийн Баянчандмань, Жаргалантад дунд зэрэг, Дорнодын Халхгол, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Орхон, Баруунхараа, Хушаат, Дархан-Уулын 6-р бригад Алтангадас, Цайдам, Төвийн Угтаал, Эрдэнэсант, Борнуур, Цээл, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Хэнтийн Яргайт, Хурх, Биндэр, Орхоны Улаантолгойд хангалтгүй байхаар байна.