Цаг уурын байгууллагаас арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.
Цаг агаарын урьдчилсан мэдээний төлөв байдал
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-аас агаарын температур дулаан байна. Бусад нутгаар дунджийн орчим байх болно. Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-аас хур тунадас ахиу орно. Бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур ОЖД-аас 1-2°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоног ОЖД-тай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байна. Гуравдугаар арав хоногт ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй.
Төвийн аймгуудын нутгаар. Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд хэсгээр ОЖД-аас агаарын дундаж температур дулаан байна. Бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Хөвсгөлийн баруун өмнөд хэсэг болон Архангайн ихэнх хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу орно. Бусад нутгаар дунджийн орчим байх аж.
Нэг болон хоёрдугаар арав хоног ОЖД-тай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байна. Гуравдугаар арав хоногт ОЖД-аас 2-4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй аж.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард Хэнтийн зүүн хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас агаарын дундаж температур хүйтэн байна. Бусад нутгаар дунджийн орчим байх аж. Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу орно. Бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байна. Гуравдугаар арав хоногт ОЖД-аас 2-5°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард Өмнөговь, Дундговийн нутгаар ОЖД-ийн орчим, Дорноговийн нутгаар агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн байна. Дундговь, Дорноговийн нутгаар хур тунадас ОЖД-аас ахиу орно. Бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ОЖД-тай харьцуулахад ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байна. Гуравдугаар арав хоногт ОЖД-аас 2-4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөв гарчээ.
Уур амьсгалын тойм
Арванхоёрдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян-Өлгийн ихэнх, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -24…-30°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -10…-16°C байна. Бусад нутгаар -16…-24°C хүйтэн байдаг. Сарын нийлбэр хур тунадас (цас) Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Ховдын баруун хэсгээр 2-8 мм, бусад нутгаар 0-2 мм цас ордог.
Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур 1980–1981,1984-1986, 1994, 2001-2003, 2005, 2009, 2010, 2011, 2018, 2020, 2022 онуудад нийт нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн байсан аж. Харин 1987-1991, 1995-2000, 2006-2008, 2013, 2015-2017, 2019, 2021 онуудад ОЖД-аас 1-3°С-аар дулаан байсан байна. Хур тунадасны хувьд 1979-1985, 1997-1999, 2005-2007, 2017, 2020, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. Харин 1986, 1996, 2000–2002, 2008–2010, 2012 онууд харьцангуй ахиу хур тунадастай байжээ
Зөвлөмж
Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ОЖД-аас хүйтэн байна, Бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа аж. Баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу орно. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД-аас 1-2°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас багатай. Гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй гэсэн зөвлөмж цаг уурын байгууллагаас гаргасан байна.