“Намир төв”-ийг үүсгэн байгуулагч Ц.Золбоотой АНУ-ын ногоон картын талаар ярилцлаа.
-АНУ-ын ногоон картын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-“АНУ-ын ногоон карт” олон улсын үндэсний хөтөлбөрийг АНУ-ын төрийн департамент 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөр нь АНУ руу цагаач бага илгээдэг улсын иргэдэд АНУ-д хууль ёсоор оршин суух, суралцах, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог бөгөөд сугалаа хэлбэрээр явагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний аз л мэднэ дээ.
-Энэ хөтөлбөр одоогоор хэдэн улсад нэвтрээд байна вэ. Хасагдсан улсууд байгаа юу?
-Энэ хөтөлбөрт АНУ руу цагаач иргэд бага илгээдэг улсууд л хамрагддаг. Энэтхэг, Хятад гэх мэт хүн ам ихтэй улсууд сугалаанд оролцох эрхгүй байдаг. Учир нь хүн ам ихтэй болохоор маш олон сугалааг авчихдаг. Нэг улсаас олон хүн бүртгүүлэх тусам хожих магадлал өснө.
-Монгол Улсаас нийт хэдэн иргэн энэ хөтөлбөрийн хүрээнд АНУ руу цагаачилсан бол. Жилд ойролцоогоор хэдэн сугалаа хождог нь сонин байна?
-Сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр дунджаар 11000 орчим иргэн, 16800 орчим гэр бүлийн гишүүдтэйгээ хамт сугалаанд оролцсон байдаг.
2011 оноос хойш манай улсаас 1200 гаруй иргэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д хууль ёсны дагуу цагаачилсан байна. Жилдээ 150-300 хүн сугалаа хожиж байгаа.
-Ноднин хамгийн их сугалааг аль улс хожсон бол. Нэг улсаас явах хүний тоонд хязгаар байдаг уу?
-Марокко улсын 4200 иргэн сугалаанд хожсон байна. Харин явах хүний тоонд хязгаар байхгүй. Дэлхийн хэмжээнд жилдээ 50 мянган хүн энэ сугалаанд хождог юм.
-Зуучлалын байгууллагаар дамжуулахгүйгээр бие даан бүртгүүлэх боломжтой юу?
-Ногоон картын газар Монголд олон байгаа. Хамгийн гол нь тухайн газраа сайн судлах хэрэгтэй. Хамгийн наад зах нь үйл ажиллагаагаа явуулж байгаа хугацаа, тогтвортой хаяг байршил, фэйсбүүк хуудас гэх мэтийг нь сайтар судлах хэрэгтэй. Ганцхан жил л үйл ажиллагаа явуулаад алга болчихдог байгууллага цөөнгүй бий. Ногоон карт авах сугалааны бүртгэл нь үнэгүй явагддаг. Тиймээс англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, цээж зургаа стандартын дагуу аваад оруулж чаддаг хүн албан ёсны сайт /www.dvprogram.state.gov/ руу нь ороод үнэгүй бүртгүүлж болно. Харин англи хэлний мэдлэггүй, зургаа стандартын дагуу авч чаддаггүй хүмүүсийг зуучлалын байгууллагууд бүртгүүлж өгөөд тодорхой хэмжээний хөлс авдаг. Тухайлбал, ганц бие иргэн 30.000, гэр бүлийн бүх гишүүн нийтдээ 60.000, хүүхэдтэйгээ явах өрх толгойлсон аав ээжүүд 50.000 төгрөгөөр бүртгүүлнэ.
-Та байгууллагынхаа талаар мэдээлэл өгнө үү. Гэр бүлээрээ ч бүртгүүлж болдог гэсэн үү?
-Манай байгууллага 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 2018 оноос хойш Саппарогийн автобусны буудлын дэргэд “Номинжин ресорт”-ын барилгын 5 давхрын 506 тоотод байрлаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш 500 гаруй иргэнийг АНУ явахад нь туслалцаа үзүүлжээ. Бүртгэлийн тухайд ганцаараа ч, гэр бүлээрээ ч бүртгүүлж болно. Гэр бүлээрээ бүртгүүлсний давуу тал нь эхнэр, нөхөр хоёр нэг нэг сугалаа авна. Хэрвээ нэг нь хожвол гэр бүлээрээ явна. Насны хязгаар байхгүй. Гэхдээ 21-ээс доош настай бол гэр бүлээрээ л бүртгүүлэх боломжтой. Англи хэлний мэдлэгийн түвшин шаарддаггүй. Хамгийн гол нь бүрэн дунд боловсролтой, гэмт хэргийн бүртгэлгүй байхад л асуудалгүй.
-Энэ жилийн бүртгэл хэзээ явагдах вэ?
-Энэ сарын 3-наас арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл бүртгэл явагдана. Энэ бүртгэл жилд ганцхан удаа л явагддаг. Сугалаа нь ирэх оны тавдугаар сард явагдана.
-Хүн бүр АНУ-ын ногоон карт авахыг хүсдэг болохоор ачаалал ихтэй байдаг байх. Ямар нэгэн хүндрэл гардаг уу. Сугалаанд хожсон эсэхээ яаж мэддэг вэ?
-Мэдээж тийм асуудал гарна. Жишээлбэл, бүртгэлийн явцад компьютер гацна. Дэлхий нийтээрээ ганцхан сайт руу хандаж байгаа учраас хугацаа алдах тусам гацна. Тиймээс аль болох эрт бүртгүүлбэл харьцангуй гайгүй. Сугалаанд бүртгүүлсэн иргэнд бүртгэлийн хуудас өгдөг. Тэр хуудас дээр дахин давтагдашгүй код байгаа. Энэ кодоороо сугалаанд оролцоно. Тавдугаар сард албан ёсны сайт руу нь ороод кодоо хийж хариугаа харна. Хэрвээ манай байгууллагаар бүртгүүлбэл, бид бүртгүүлсэн хүмүүсээ шалгаад сонгогдсон хүмүүс рүүгээ утсаар ярьж, үйлчлүүлэгчдээ цаг тухайд нь мэдээллээр хангаж ажилладаг.
-Хэрэв ногоон карт хожвол хэр хугацааны дараа АНУ руу явдаг вэ?
-Элчин сайдын яам руу бүх мэдээллээ явуулна. Хэрвээ гэр бүлээрээ сугалаа хожсон бол гэр бүлээрээ мэдээллээ илгээнэ. Ингээд тухайн иргэн рүү АНУ-ын Элчин сайдын яамнаас элчингийн ярилцлагад орох цаг явуулна. Ерөнхийдөө сугалаанд бүртгүүлснээс хойш хоёр жилийн дараа буюу 2026 онд багтаж АНУ руу явна даа.
-Ногоон карт авсан иргэн АНУ-д хэдэн жил амьдрах эрхтэй байдаг юм бол. Мөн амьдрах хугацаандаа бусад улс орнууд руу зорчиж болдог уу?
-10 жил амьдрах эрхтэй. Тэнд амьдарч байх хугацаандаа тухайн улсын иргэншил хүсэж болно. Ингэхийн тулд тодорхой хэмжээний татвар төлсөн байх шаардлагатай. Бусад орон руу зорчихын тухайд онгоцны тийзээ захиалчихсан байхад л болно.
Ногоон карт бол маш том давуу тал. АНУ-д хууль ёсны дагуу тухайн улсын иргэний эдлэх сонгуульд оролцохоос бусад бүх эрхийг эдэлнэ гэсэн үг. 10 жилийн виз, аяллын визээс илүү давуу талтай гэсэн үг шүү дээ. 40-өөс дээш насны бүртгүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүдээ л бодсон байдаг. Яагаад гэхээр хүүхдүүд нь АНУ-ын сургуульд үнэгүй хамрагдах боломжтой байдаг.
-Анх удаа бүртгүүлээд ногоон карт хожихгүй бол дараа жил нь дахиад бүртгүүлж болох уу? Гадаадад амьдарч байгаа манай улсын иргэн бүртгүүлж болдог уу?
-Болно оо. Жил бүр шинээр бүртгэл нээгддэг. Тийм болохоор хэдэн жил ч бүртгүүлж болно. Мөн иргэншил нь монгол учраас дэлхийн хаанаас ч бүртгүүлж болно.
-АНУ-д цалин хөлс өндөр байдаг болохоор оюутнууд зуны амралтаараа их явж байна?
-Тийм ээ, цалингийн тухайд хийж байгаа ажлаасаа хамаарна.
-АНУ-д очоод хүссэн газраа амьдарч болох уу. Ногоон картаар АНУ яваад буцаж эх орондоо ирчихээд дахиад ногоон картад хамрагдаж болох уу?
-Бололгүй яахав. Тэнд очоод хийх ажил, амьдрах байр, байрлах мужаа өөрөө сонгодог. Сугалаанд дахин хамрагдаж болно. Гэхдээ иргэншил хүсээд тэндээ үлддэг олон хүн байдаг.
-АНУ-ын виз гарах их хэцүү гээд байдаг шүү дээ. Бүртгүүлж буй иргэдэд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн шаардлага тавьдаг уу?
-Ногоон картын суга-лаанд бүртгүүлчихвэл аяллын виз, сургалтын виз гардаггүй гэсэн ам дамжсан яриа байдаг. Ногоон картанд бүртгүүлбэл дараа нь АНУ-ын виз гардаггүй гэдэг худлаа. Ер нь хүнд өвчингүй л бол асуудалгүй. Манайхаар дамжуулан бүртгүүлсэн хүмүүсийн дотор эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан нэг ч хүн байхгүй.
-Ямар хүмүүс хасагддаг юм бол?
-Ганц бие иргэн ямар ч асуудалгүй явчихдаг. Харин гэр бүлээрээ явж байгаа хүмүүс 21-ээс доош насны хүүхдээ бүртгүүлээгүй тохиолдолд хасчихдаг. Мөн гэрлэлтийн баталгаагүй хэрнээ бид нэг гэр бүл гэж бүртгүүлсэн бол хасагдана. Хамгийн гол нь ирэх жилийн тавдугаар сараас өмнө гэрлэлтээ батлуулах хэрэгтэй. Харин хожсоноо мэдчихээд гэрлэлтээ батлуулбал виз олгохгүй.
-Танайхаар дамжуулан бүртгүүлбэл заавал өөрийн биеэр оффист тань ирэх шаардлагатай юу?
-Ганц бие бол ганцаараа, гэр бүлээрээ бол гэр бүлээрээ ирээд зургаа даруулна. Хэрэв ирэх боломжгүй бол манай фэйсбүүк хуудас /Green card Mongolia Намир төв/-аар дамжуулан онлайнаар бүртгүүлж болно.
-Бүртгүүлэх гэж байгаа хүмүүст хандаж хэлэх санамж байна уу?
-Бүртгүүлэх байгууллагаа маш сайн судлаарай. Маш олон газар байгаа. Тэдгээрийн бүртгэлийн хураамж маш их зөрүүтэй байдаг. Гэр бүлийг 120.000, 200.000 төгрөгөөр бүртгэдэг газрууд ч бий. Бүртгэл нь үнэгүй учраас хаана ч бүртгүүлсэн ямар ч ялгаа байхгүй. Үнэтэй газар бүртгүүллээ гээд хожих магадлал өндөр болохгүй. Энэ бүртгэлийг хийдэг албан ёсны байгууллага гэж дэлхийн хаана ч байхгүй.
Ярилцсан
Ө.АНХЗАЯА