Цахим ертөнцөд “Усан бороог байтугай суман бороог сөрж явлаа” гэж дээл хүрэмнийхээ энгэрт дүүрэн одон медалиа ярайлгаж алхаж яваа өвөөгийн зураг гарсан даруйдаа олны анхаарлыг багагүй татсан. Тэгэхнээ, нөгөө “од” өвөөтэйгөө гэнэт таардаг байна. Түүнтэй ийн хөөрөлдлөө.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Цээпилийн Төвөө гэдэг. Увс аймгийн Хяргас сумын харьяат, армийн ахлах офицер, Монгол Улсын гавьяат багш хүн.
-Таны бороонд алхаж яваа зураг нийгмийн сүлжээнд тавигдаж, хүмүүс ч багагүй дэмжиж байна лээ. Энэ ямар учиртай зураг байв?
-Одоогоос хэдэн жилийн өмнө 2012 оны долоодугаар сарын 13-ны өдөр монгол үндэсний хувцсаа сурталчлах “Дээлтэй Монгол” наадамд оролцохоор монгол дээлэн дээр хантааз өмсөөд, цэргийн одон медалиа зүүгээд явж байхад шиврээ бороо хаялж байсан юм. Тэр үед зарим хүмүүс борооны хаалтаа хэрэглэж, шүхрээ дэлгэн барьсан байсан. Бороонд санаандгүй алхаж явсан зургийг маань хэн нэгэн хүн тухайн үед дарсан юм билээ л дээ.
-Зурагчин нь хэн гэж хүн гэдгийг мэдэж амжаа юу?
-Миний зургийг авсан хүн өнгөрөгч онд буюу 2014 оны есдүгээр сард гэрэл зургийн үзэсгэлэн гаргахдаа “Усан бороо байтугай суман мөндрийг сөрж явлаа” гэж тайлбар өгсөн юм билээ. Тэр үзэсгэлэнд тэргүүн байр эзэлсэн бололтой юм. Мөнөөх зураг интернетэд тавигдаад, нутаг нугын амьтан ах дүүс олж харж баяр хүргээд сүйд болсон. Тэгэхнээ, “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч авсан болж таарлаа. Сонины редакцийг сураглаж очтол “Эрка гэдэг зурагчин авсан байх. Одоо “Үндэсний шуудан” сонинд очсон” гэсэн. Тэгээд уулзах гэж явна.
-Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа байх нь. Та холбогдоо юу?
-Уулзаж зургаа олж авах санаатай явж байна. Нэг утасдсан чинь “Баянчандманьд явж байна” гэсэн. Тэгээд л ажлыг нь зорьж явна даа.
-Та Увсын Хяргасын уугуул гэхээр дархан аварга Х.Баянмөнхийг их сайн таних хүн байна даа?
-Баянаа миний сурагч. Би Багшийн техникумыг 1958 онд төгсөөд төрсөн нутагтаа очиж 1960 оны намар хүртэл ажилласан. Намайг очиход Баянмөнх бага сургуулиа дүүргээд, зэргэлдээх Малчин сумын долоон жилийн дунд сургуульд очсон байсан. Хэдийгээр би яг гардан хичээл заагаагүй ч аав, ээжийг нь сайн мэднэ. Өлсөж цангахыг ч мэдэхгүй, өлдөж даарахыг ч мэдэхгүй сүрхий өлчир тэсвэртэй хүүхэд байсан. Аав нь “Хөх” Довчин гэж хүн “Манай энэ хүүг анхаарч, спортын дур сонирхлыг залуурдаж өгөөч” гэж байсан. Би 1959 оны сумын наадмын комиссын хувьд сайн мэдэх юм. Гар бөмбөг тоглодог, сайхан барилддаг, зуун метрт гүйдэг сүрхий хүү шүү. Довчин гуай хуучин гандуу ногоон дээлтэй, туранхайдуу хүн байж. Баянмөнхийн эгчтэй суусан Цэвээн гээд хүргэн ах нь ч надад захиж байсан.
-Та цэргийн ахлах офицер хүн гэсэн үү?
-Техникум төгссөн тусгай боловсролтой улсыг цэрэгт татах тушаалын дагуу армийн алба хааж, ЗХУ-ын Цэргийн ерөнхий сургуульд явснаас хойш Улиастайн мотобуудлагын ангид салаан захирагч, Цэргийн ерөнхий дээд сургуулийн багшаар ажиллаж байгаад Москва дахь Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн дээд академид суралцаж 1973 онд төгсөж ирсэн. Ирээд Цэргийн ерөнхий сургуулийн каптер (тэнхимийн эрхлэгч)-ээр ажилласан. Үүнээс хойш Багшийн дээд сургууль, Техникийн их сургуулиудын Оюутны цэргийн сургууль эрхэлсэн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан даа. Гавьяат багш цолыг 2013 онд хүртсэн. Миний шавь нар гэвэл ардын эмч Ч.Бальдар, генерал Д.Энхбаатар, Тогоо, Шагдар, Д.Чойжамц, Энхбаялаг, гавьяат малчин Лүндэн, Я.Цэдэнбал, МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч, гавьяат багш Ц.Өнөрбаян нарын олон сайхан хүн байдаг даа.
-Одоо юу хийж байна?
-Би чинь 1937 оны хүн. Одоо бараг наян насны босгонд ирлээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийнхээ ахмадын хороонд сонгуульт ажилтай. 1958-1988 он хүртэл бага сургуулийн багшаас их, дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч болтол ажиллалаа даа.
-Нам, төрийн удирдагч асан Цэдэнбалын академид алба хашдаг гэл үү?
-Ирэх онд Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, отгон маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний түүхт 100 жилийн ой тохионо. Би Ю.Цэдэнбалын академийн тэргүүлэгч гишүүн юм л даа. Маршалаас БХЯ-нд өгч байсан тушаал, албан даалгаврын эмхэтгэлийн номыг эрхлэн гаргасандаа баяртай байдаг. Маршал Цэдэнбал Халхын голын дайныг дуустал төрсөн гэртээ очиж золгох завгүй явсан байдаг. Тиймээс маршал Х.Чойбалсан амралтыг нь олгож ээжид нь “Таны хүү улс орны мундаг том дарга болсон шүү” гэж амин хувийн бэлгээ илгээж байсан байдаг. Цэдэнбалын академийг хүү Ц.Зориг нь санаачилж байгуулсан. Үе үе ирнэ. Академийг МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор түүхч Жамбалсүрэн, ардын багш “орос хэлний” С.Галсан нар удирдаж байгаа. Цэдэнбал дарга одоо ч шийтгэлтэй байгаа учраас нэн түрүүнд УИХ-аар хэлэлцүүлж цагаатгуулах, амьдарч байсан орон гэрийг нь музей болгох, тэрчлэн тэгш ойг нь түүхэн хүнийх нь хувьд боломжийн тэмдэглэх зэрэг их ажлууд байна даа.