Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай ярилцлаа.
-АН-ын шинэчлэл энэ цаг үед олны анхаарлыг татаж байгаа. Анхан шатныхаа үүрүүдээ сонсдог, бодлогын нам болно гэсэн. Энэ реформыг яаж хийж байгаа талаар намын өдөр тутмын гал тогоог хариуцаж яваа хүний хувьд танаас эхлээд асуумаар байна?
-Улс орон даяар АН-ын шинэчлэл эрчимтэй, үе шаттайгаар үргэлжилж байна. 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүн “АН-д ард түмэн итгэх итгэл бага болсон” гэдэг дүгнэлтэд хүргэсэн. Сонгууль бол улс төрийн намын дүн байдаг. Ингээд ард түмний АН-д өгсөн дүгнэлтэд анализ хийгээд бүхий л шатандаа эрс дорвитой шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ шинэчлэлийн амин сүнс нь нам бүх асуудлыг дээрээ хэдхэн хүний хүрээнд биш, гишүүдээ оруулж шийддэг, гишүүн төвтэй нам байя гэдэг концепцийг дэвшүүлсэн. Үүний эхлэл нь намын даргын сунгаа байв. АН бүх гишүүдээсээ сонгогдсон даргатай боллоо. Хоёрдугаар шат буюу намын даргаас доош сумын намын хороо, үүрийн тэргүүлэгч, намын хорооны гишүүдийг сонгох АН-ын дотоод сонгууль байгаа.
-Намын дүрмийн хувьд нэлээд хаалттай байдлаар явагдсан гэсэн шүүмж дагуулсан. Сая Улсын дээд шүүхээс АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж аваагүй байна. Үүнтэй холбоотойгоор танай намын зарим гишүүн ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулахыг шаардлаа. Тэдний шаардлагыг биелүүлэх боломжтой юу?
-Улс төрийн нам бол өөрсдийн дүрэмтэй. Энэ дүрмийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. АН-ын эрх барих дээд байгууллага болох намын их хурлаар үндсэн дүрэмдээ хоёр удаа өөрчлөлт оруулсан. Зургаа болон долдугаар их хурлаар тус бүр нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа.Тэрнээс АН-ын хуучин дүрэм байхгүй болоод шинээр дүрэм баталсан юм биш. Өмнөх дүрэм хэвээрээ байгаа. Намын VI их хурлаар тодорхой өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүх бүртгээд авчихсан. Дараа нь VII их хурлаар оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, АН-ын шинээр сонгогдсон С.Эрдэнэ даргыг батламжлуулах хоёр асуудлыг Улсын дээд шүүхэд өгсөн. Улсын дээд шүүх тодорхойгүй шалтгааны улмаас батламжлах асуудал түр хойшлогдоод байгаа. Бид шүүхийг хүндэтгэх үүднээс тогтоолыг хүлээж байна. Ямар үндэслэлээр бүртгэх хугацааг хойшлуулсан нь тун удахгүй тодорхой болох байх. Үүнтэй холбоотойгоор манай намын нэр бүхий гишүүд намын дарга болон миний нэр дээр шаардлага ирүүлсэн. Тэд бол хуучин нэрээр ҮЗХ-ны, УИХ-ын гишүүн байсан түвшний хүмүүс байгаа. Манай Ардчилсан намын мөрдөгдөж байгаа дүрмээр ҮЗХ-ны гишүүн жил бүрийн гуравдугаар сарын 1-ний дотор татвар төлснөөр тухайн хүний саналын эрх нь үргэлжлэн баталгааждаг. Тэгвэл одоогоор дээрх хугацаанаас өмнө татвараа төлж баталгаажсан нэг ч ҮЗХ-ны гишүүн байхгүй. Тиймээс тэдний шаардлагыг намын удирдлагын зүгээс биелүүлэх боломжгүй. Бид ухрах гарцгүйгээр урагшаа хараад ажиллахаас өөр арга замгүй.
-Хэрэв тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй мэтээр хүмүүст мессэж өгч байх юм?
-Манай намын үндсэн дүрмээр Ерөнхийлөгчийн сонгуулийг мөрддөг заалтууд байгаа. Саяын хоёр их хурлаар энэ заалтад ямар ч өөрчлөлт ороогүй. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэмэлт өөрчлөлт дүрэмд ороогүй. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлыг АН-ын дотоод сонгуулийн хороо өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай журам батлаад явдаг. Энэ журмаар л явна.
-АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчдийн хураамж, дэнчингийн хэмжээг өндөр болголоо гэж зарим гишүүд эсэргүүцэж байсан. Зөвхөн Үндэсний бодлогын хорооны гишүүнд үзэж буй 511 хүний дэнчин, хураамж гэхэд гурван тэрбум төгрөг цугларсан байна. Ингэхэд дотоод сонгуульд нэр дэвшигчдээс босгосон мөнгийг юунд зарцуулах вэ?
-Мэдээж, улс төрийн намын үйл ажиллагаагаа явуулж, оршин тогтнох хэлбэр бол гишүүдээсээ авсан татвар, хандивын санхүүжилт байдаг. Хуучин нэрээр ҮЗХ-ийн гишүүд жил бүр нэг сая төгрөгийн татвар төлдөг байлаа. Энэ бол 17 жилийн өмнө баталсан дүн. Өнгөрсөн хугацаанд ам.долларын ханш ямар болсныг бүгд мэдэж байгаа. Энэ хэмжээний татвараар нам хэвийн үйл ажиллагаа явуулах, ялангуяа шинэчлэл хийхэд боломжгүй гэдгийг манай намын удирдлага, удирдах түвшний албан тушаалтнууд бүгд мэдэж байгаа учраас санал нэгдсэн. Дэнчин, татвар, сонгуулийн хураамжтай холбоотой асууддлыг намын их хурлаар байгуулагдсан Дотоод сонгуулийн хороо хариуцаад тогтоол шийдвэр гаргасан. Нэр дэвшигчдийн хураамжийн мөнгийг дотоод сонгуулийн үйл ажиллагааны зардалд зориулна.
-Дэнчинг бол сонгогдоогүй хүн нь буцаагаад авчихна биз дээ?
-Хэрэв нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулбал төлсөн дэнчин нь татвар болоод намын дансанд үлдэнэ. Сонгогдож чадаагүй хүмүүсийн мөнгө нь буцаад эзэндээ очно. Дээрээс нь манай намын гишүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сая их хурлаар батлагдсан шинэ дүрэмд намын лого өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр бланк, тамга тэмдэгнүүд өөрчлөгдлөө. Шинэ сонгогдсон даргад шинэ тамгыг нь гардуулж өгнө. Энэ хүн шинэ тамгаараа дансаа үүсгээд нийслэлийнх нь татварыг нийслэл рүү, аймгийнхыг нь аймгууд руу шат шатных нь төлсөн татваруудыг орон нутгийн намууд руу явуулна. Энэ мөнгөөр нөгөө намууд маань үйл ажиллагаагаа явуулна. Дээрээс нь ҮБХ-ны гишүүдийн төлсөн татвараас 30 хувь нь орон нутгийн намын дансанд нь ороод тэндэхийн үйл ажиллагаанд зарцуулагдана. Саналын эрхээ үүсгэж байгаа гишүүний 1200 төгрөгийн татвар хүртэл бүгд анхан шатны намын данс руу автоматаар буцаж орно. Тэгэхээр намын шинэчлэл, өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй санхүүгийн асуудал тулгарах учраас үүнийгээ шийдэх арга хэлбэр нь татвар.
-Зарцуулалтыг шилэн болгож болох уу?
-Манай намын зарим гишүүдээс ийм шаардлагууд тавьж байгаа. Гэхдээ улс төрийн нам гэдэг бол тодорхой дүрэм журамтай байгууллага. Гишүүдийнхээ татвар, хандиваар үйл ажиллагаа явуулдаг. Мөн улс төрийн намууд хоорондын өрсөлдөөн гэж байна. Хэрэв бүх намууд ярилцаад Улс төрийн намуудын тухай хуулинд дансаа шилэн байлгахаар тусгая гэвэл дагахаас өөр замгүй. Дээр нь АН-ын хувьд дансаа нууж хаагаад байх зүйлгүй.
-Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигчид 90 сая төгрөгийн хураамж төлж байгааг хэт өндөр байна хэмээн шүүмжилж байгаа. Мөн АН-ын намын даргад өрсөлдсөн хүмүүс 250 саяыг төлж байсан. Сонгогдоогүй нэр дэвшигчдэд энэ мөнгийг нь буцааж олгосон уу?
– АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдээс 250 сая төгрөгийг авахад шударга бус байна, өндөр байна, мөнгөөр хаалаа гэдэг асуудал гарч байсан. Үнэндээ нэр дэвшигчид маань сунгаандаа яваад ирэхээр тэр мөнгө эргээд өөрсдийнх нь сонгуулийн үйл ажиллагааны зардалд зориулагдаж байгаа гэдгийг бүгд ойлгоод хүлээн зөвшөөрсөн. 21 аймаг, есөн дүүргээр явах сонгуулийн зардал, пиар, уулзалтыг зохион байгуулахад оролцож байгаа бүх хүмүүсийн хоол унаа, цалин гэх мэт зардал их гарсан.
-Нам эрх баригч болбол төр болж харагддаг. УИХ-ын сонгуулийн үеэр МАН-тай холбоотой 60 тэрбум төгрөгийн мэдээлэл албан тушаалыг мөнгөөр үнэлж байна гэсэн хандлагыг ард түмэнд төрүүлсэн. Гэтэл АН мөнгөний асуудлаа хэтэрхий ил тавиад буйд хүмүүсийн анхаарал яах аргагүй татагдаад байгаа бололтой?
-АН-ын хувьд аливаа бүх асуудал ялангуяа дотоод асуудал ил явдаг. Дотроо маш их шүүмжлэлтэй, бие биетэйгээ хатуу байдлаар зөрчилддөг. Ер нь нууц гэх юм багатай нам. Зарчмын зөрүүтэй асуудал дээр дотроо ч хамаагүй тэмцэлдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ширүүн үзэлцдэг. Бусад намуудын тухайд бол хаалттай байдаг.
Бид намын шинэчлэл ярьж байгаа учраас шинэ залуу боловсон хүчнээс хэрэг эрхлэх аппаратаа бүрдүүлнэ. Дээрээс нь тодорхой зардлуудыг шууд аймаг, дүүргийн хэрэг эрхлэх газрын данс руу явуулна. Мөн төв намын хэрэг эрхлэх газраас 21 аймаг, есөн дүүргийн хэрэг эрхлэх газрын дарга нарын цалингийн асуудлыг шийдэх зэрэг зардлууд гардаг. Дээрээс нь ирэх жилийн татвар төлөлт хүртэл хүмүүсээ цалинжуулж, клендарчилсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах төсөв зайлшгүй шаардлагатай. Бас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахыг оролцуулаад хагас жил орчмын дотор гурван удаа намын их хурлыг хийх онцлог жил болж байгаа. Тиймээс ҮБХ-ны гишүүдэд нэр дэвшигчдээс авч буй гурван сая төгрөгийн хураамжийн тухайд их мөнгө биш.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ямар байна. Зардлаа яаж босгох вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тухайд урьд урьдын жишгээр явна. Эхлээд Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодорно. Тодорсон хүн хувиасаа болон хандиваар үйл ажиллагааныхаа зардлыг олдог. Энэ бол төрийн сонгууль учраас бүх процесс нь хуулийн дагуу явагддаг. Намын тухайд бол нэр дэвшигчээ үндсэн намынхаа схемээр дэмжиж, бүх бүтэц боловсон хүчнээ дайчилж ажиллана.
-Хуучин аймаг, дүүргийн намын хорооны дарга байсан хүмүүсээ дэвшүүлсэнгүй. Энэ нь намын доторх фракц хоорондын дайн байв уу?
-АН фракцгүй нам байя гэдэг тал дээр бодлогоо илэрхийлээд явж байгаа. Гишүүдээсээ зөв мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд, тодорхой хэмжээний санхүүгийн шаардлага шалгуураа хангаад, олонхийн санал авч байсан хүмүүсээ аль фракцийн гаралтай гэлгүйгээр урагшаа хараад 2020 оны УИХ, 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль руугаа чиглэсэн байдлаар ажиллана. “Гишүүн төвтэй учраас гишүүдэд таалагд, тэдний саналыг авсан хүн нь сонгуульдаа оролц. Сонгуульдаа оролцоод зөв менежмент, зөв баг болж ажиллаж чадвал үргэлжлээд ажлаа хий. Чадахгүй бол шууд ажлаа өг” гэж байгаа. Тэрнээс заавал дарга байх ёстой гээд он удаан жил суугаад ялагдлууд хүлээгээд байх шаардлагагүй. Тэгэхээр шинэчлэлийн бодлогын гол нь энд байгаа.
Намын гишүүн гээд тэр намын үзэл баримтлалыг дагаж гишүүн болж орчихоод эргээд намаа шүүмжлээд, гутаагаад, дуртай үедээ намаасаа гараад, буцаад орж ирдэг ийм хариуцлагагүй байдлыг халж байгаа. Дээрээс нь дарга гэдэг бол бас хариуцлага гэсэн үгтэй уялдах ёстой. Хариуцлагаа хүлээгээд дараагийн хүндээ зайгаа тавьж өгөх ёстой. Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшүүлэлт дээр баримталсан зарчим бол ялагдсан намын дарга хариуцлагаа хүлээгээд нэр дэвшихгүй гэдгийг аль аль түвшиндээ баримталсан. Цаашид ч баримтална.
-С.Эрдэнэ намын дарга болохоор түүний хүмүүс намын аппаратад томилогдох уу. Таны хувьд дотоод сонгууль явагдсаны дараа албан тушаалаа үргэлжлүүлээд хаших боломжтой гэж бодож байна уу?
-Миний хувьд АН-ын том өрх айлын тогоонд ороод 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Намын анхан шатны үүрээс сонгогдоод, дүүргийн намын хороо, аймгийн намын хороонд ажиллаж байлаа. Тодорхой шалгууруудад унаж, босч өрсөлдөж байгаад ҮЗХ-ны гишүүн болсон. Намаас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлж, нэлээд олон удаагийн сонгуульд менежер хийлээ. Энэ мэт олон шат шалгуурыг даваад өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Өмнө МоАХ-ны гишүүн байсан. Сүүлд нь “Ардчисан хүчний холбоо” ТББ-ын гишүүнээр элсээд зүтгэж явж байлаа. Дээрээс нь МоАХ-ын партизанууд гээд бүх үеийн төлөөллүүдтэй ажиллаж байсан. Өөрийгөө АН-д тодорхой хэмжээгээр танигдсан хүн гэж үздэг. Намын генсек хэмээх хариуцлагатай хүнд ачаа ирсэн. Чадах чинээгээрээ оюун ухаан бүх чадлаа дайчлаад намынхаа журмын нөхдийн дэмжлэгтэйгээр хашихаар зүтгэнэ. Үнэхээр гишүүд маань дэмжээд үр дүн гарвал цаашаа ажиллаад явна. Хэрэв гарахгүй бол дараагийн ажиллаж чадах хүнд нь энэ албан тушаалыг өгөөд явахад бэлэн байгаа.
-АН-ын бодлого болсон “Сайн” хөтөлбөрүүдийн гол авторыг таныг гэх юм билээ. Хэдийгээр АН өнөөдөр төрийн эрх бариагүй ч цаашид энэ хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах уу?
-Өнгөрсөн дөрвөн жил АН засгийн эрхийг авч ажилласан. Энэ хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яам, Нийгмийн халамжийн ерөнхий газарт тодорхой албан тушаалд төрийн даалгаврын дагуу ажилласан. Энэ хугацаанд “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх Засгийн газрын ажилд ард иргэдийнхээ төлөө гар бие оролцох хувь тохиол надад таарсан. Одоо ялсан нам бодлогоо хэрэгжүүлээд явах ёстой. Магадгүй 2020 онд АН ард түмнийхээ итгэлийг аваад сонгогдвол “Сайн” хөтөлбөрүүд маань шинэ бодлогуудаар баяжигдаад үргэлжлээд явна.
-АН-ын дотоод сонгууль бүх нийтийнх биш. Тэгэхээр саналаа өгөөгүй гишүүдэд хариуцлага тооцох механизм бий юу?
-Дөрөвдүгээр сарын 2-нд дотоод сонгууль намын гишүүдийн дунд явна. 1200 төгрөгөө төлөөд гишүүнчлэлийнхээ татварыг төлсөн саналын эрхтэй гишүүд сонгуульд оролцоно. Өрсөлдөөн ширүүн байгаа. Намынхаа гишүүдэд хандаад хэлэхэд, нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөртэй танилцаж саналаа өгөөрэй. Сонгуульдаа идэвхтэй оролцож, намынхаа шинэчлэлийн үйл ажиллагаанд гишүүнийхээ хувиар идэвхтэй оролцохыг уриалъя.