Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ц.Туваан: Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд улс төрийн ямар нэгэн гацаа саад бага гарна гэж харж байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай ярилцлаа.


-Биднийг одоо намрын их ажил, өвөлжилтийн бэлтгэл хүлээж байна. Үүнд шаардлагатай шатахуун, түлшний хангамж ямархуу байгаа вэ?

-Өнөөдөр (өчигдөр) намрын эхэн сар гарлаа. “Наадмын маргааш намар” гэдэгчлэн монголчууд маань намрынхаа ажилд орж байна. Ингээд ургац хураалт, өвлийн бэлтгэл гээд маш олон ажил давхацдаг. Дээрээс нь цаг хүйтрэхээс өмнө уул уурхайн компаниуд ажлаа шахдаг. Тиймээс энэ үеэр шатахууны хомсдол үүсэх гээд байх магадлал байдаг. Манай улсын шатахууны хангамжийг хувийн хэвшлийнхэн авч явдаг. Салбар яам болон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт бодлогоо зангиддаг. Одоогийн байдлаар АИ-92 шатахуун 30 орчим, түлш 40 бусад нефтийн бүтээгдэхүүн 30-аас дээш хоногийн нөөцтэй байна. Ер нь манайд гурван долоо хоног буюу 20 орчим хоногийн нөөцөөс доошоо орвол эрсдэл гэж хардаг. Тэгэхээр одоохондоо шатахуун, түлшний нөөцөд ямар нэгэн асуудал байхгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Ноднин жил уул уурхайн олборлолт, тээвэрлэлт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахуун, түлшний хомсдол үүссэн гэдгийг албаныхан, салбарын сайд нь хэлж байсан. Тэгвэл энэ жилийн хувьд уул уурхайн олборлолт, тээвэрт хэр хэмжээгээр шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан бэ?

-Ер нь бол захиалга, төлөвлөлтийн л асуудал байдаг юм. Өмнө жилийн хувьд гэвэл нүүрсний экспортыг нэг дахин нэмэхээр нэлээд шахсан. Тэгэхээр энэ ажилд явж байгаа том оврын тээврийн хэрэгслүүд маань бүгд л түлш, шатахуунаар явж байгаа. Гэнэтийн ийм огцом өсөлт оруулж ирсэн нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Харин энэ жилийн хувьд бүх зүйл захиалгын дагуу явж байгаа. Иймээс огцом өөрчлөлт гарахгүй. Шатахууны нөөцөд нөлөөлөхгүй гэж харж байна.

-Өнгөрсөн сард ОХУ-д үнэ нэмэгдсэн гэдэг мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ үнэн бол манайд ямар нөлөө үзүүлэх вэ. Дээрээс нь ноднин жилийнх шиг хонож дугаарладаг байдал үүсгэхгүйн тулд Засгийн газар, салбар яамнаас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Өмнө жилүүдэд гарч байсан асуудлыг бид энэ жил аль болох гаргахгүй гэж харж байгаа. ОХУ-д одоогоор үнэ нэмэгдсэн талаарх мэдээлэл алга. Тэгэхээр бодит мэдээлэл биш байх гэж бодож байна

Удахгүй Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга нь манай улсад ирнэ. Энэ үед нь бид шатахуун, түлштэй холбоотой асуудлаа нарийвчилж ярина. Мөн энэ онд Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж, нефть бүтээгдэхүүнүүдийн тал дээр бид хэлэлцээрүүдийг хийнэ. Энэ бүхэн эргээд баталгаа болж явна гэж харж байна. Ямар ч улс орны хувьд нөөцийн сав их чухал байдаг. Гэтэл манай улсад бараг байхгүйтэй адилхан. Тиймээс түлш шатахууны нөөц бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас Засгийн газраас хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч тодорхой хэмжээний нөөцийг бэлдэх ажлыг ярьж байгаа. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа гэж ойлгож болно.

-Та сайд болсноосоо хойш өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт ажилласан. Чухам яагаад тус үйлдвэрийг сонгож очсон юм бэ?

-Өнгөрсөн зургадугаар сард Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн хүрээнд Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Үр дүнд нь гурван намын төлөөлөл орсон хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд манай яам хуучин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байсан бол одоо Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болж нэрээ өөрчилсөн. Үүгээрээ аж үйлдвэрээ түрүүнд нь тавьж явъя. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хэдий болтол том улсуудын бэлтгэл бааз байх вэ. Өөрсдөө үйлдвэрлэл, баяжуулалт явуулж, боловсруулалт хийгээд нэмүү өртөг шингээгээд өндөр үнээр борлуулах боломжтой. Дээрээс нь ажлын байрыг маш ихээр нэмэгдүүлэх боломжтой учраас энэ чиглэлд бодлогоо явуулахаар шийдвэр гаргаж ажиллаж байна. Бидний хувьд хүнд үйлдвэрийн асуудал ярихаар төсвийн орлогын нэлээд хувийг бүрдүүлж байгаа нь Эрдэнэт үйлдвэр. Тийм болохоор тус үйлдвэрт очиж ажилласан. Аж үйлдвэр, тэр дундаа хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд Үйлдвэр технологийн парк байдлаар хэрэгжүүлэхээр болж Үйлдвэр технологийн паркийн тухай хууль гарсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг ганц үйлдвэр байдлаар биш, гол түүхий эд нь гарч байгаа том уурхайгаа түшиглэж байгуулах юм бол боловсон хүчний асуудал, хөрөнгө төсвийн хэмнэлттэй байдлыг тооцож хийхээр болсон. Ингээд манай улсад Үйлдвэр технологийн паркийг зургаан газар байгуулна. Эдгээрийн хамгийн том нь Эрдэнэтийн Үйлдвэр технологийн парк байгаа юм. Энэ паркийн ажил эхлээд дэд бүтцээ бий болгохоор нэлээд ажлыг хийсэн байна. Үүнд 1100 гаруй га газрыг тусгай хэрэгцээнд авч, авто болон төмөр зам, цэвэр ус, ариутгах татуургын ажлыг 60-90 хувьтай гүйцэтгэсэн байдалтай байна.

-Томоохон үйлдвэрүүд барина гэдэг ч гацсан, удааширсан байдал олон бий. Наад захын жишээ гэхэд л Нефть боловсруулах үйлдвэр байна. Тэгэхээр та салбар хариуцсан сайдын хувьд эдгээр урагшилж өгдөггүй, ашиглалтад ордоггүй үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт дээр ямар бодлого барьж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Энэ бол үнэн. Ер нь бид аж үйлдвэрийн салбарыг яриад олон жил болж байна. Харин одоо энэ шинэ Засгийн газар эдгээр ажлуудаа 100 хоногийн ажлынхаа хүрээнд яриад эхэлчихсэн байгаа. Хоёрдугаарт, хамтарсан засаг учраас улс төрийн ямар нэгэн гацаа саад бага байна гэж харж байна. Улс оронд хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай томоохон шийдвэрүүд, бүтээн байгуулалтууд хамтарсан засгийн үед явагддаг. Ийм байдлаар эдгээр ажлуудаа нэлээд ахиулна. Мэдээж төсөв, санхүүгийн хувьд дан төсвийн хөрөнгөөр дийлэхгүй. Тиймээс гадны хөрөнгө оруулалтуудыг татах, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах чиглэлд ажиллана. Мөн бид цаашдаа маш олон төслийг эхлүүлж, сэглээд хаях биш, салбар бүр дээр бүтээн байгуулалтыг хийнэ. Жишээлбэл, Эрдэнэтийн үйлдвэр технологийн парк дээр Зэс хайлуулах үйлдвэр, Дарханых дээр Гангийн үйлдвэр гээд зориод ажиллана. Таван толгой дээр гэхэд л Нүүрс, химийн асуудлаа яриад дараагийн шатанд нь гаргана. Ингэж тодорхой болох, ТЭЗҮ нь хийгдсэн асуудлуудыг бариад явна.

-Том үйлдвэрүүд байгуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаад эхлэхээр худалдан авагч олох асуудал гарч ирж л таарах байх. Энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Эрдэнэтийн Зэс хайлуулах үйлдвэр дээр ярихад бид баяжмалаа шууд гадагш нь гаргаж байгаа. Катодын зэсээ их хэмжээгээр үйлдвэрлээгүй. Харин түүнийг дагасан жижиг үйлдвэрүүд дээр л катодын зэс үйлдвэрлэж байгаа. Тиймээс эхний ээлжинд баяжмалаа гадагш нь гаргаад байх биш, өөрсдөө катодын зэсээ гаргаж авах зорилготой байгаа. Дараа нь түүнийг дагасан жижиг үйлдвэрүүд гарч ирнэ. Үүн дээр төр гэхээсээ илүү хувийн хэвшил оролцох боломжтой. Зэс турба, эдлэлүүд, зэс утас, зэсийн нунтаг хүртэл үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага бий. Ингэж гол нэмүү өртөг маш их шингэдэг хэсэг нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэсэг дээрээ гарч ирнэ. Бид яагаад Үйлдвэр технологийн парк гэж яриад байна гэхээр эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх катодын зэсээ гаргаж авах шаардлага байна. Тэгж байж үйлдвэрлэл явна. Цогцоор нь асуудалд хандъя гэдэг байдлаар УИХ, Засгийн газар дээр шийдвэр гарсан нь Үйлдвэр технологийн парк юм аа л гэж ойлгох хэрэгтэй.

 

One reply on “Ц.Туваан: Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд улс төрийн ямар нэгэн гацаа саад бага гарна гэж харж байгаа DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *