Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ц.Тулга: Улаанбаатарт олон нийтийн 354 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан DNN.mn

Улаанбаатар хотын барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадавхын үнэлгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд 29,000 барилга байгууламж байдаг. Үүнээс 19,000 барилга байгууламж 2002 оноос өмнө, 10,000 нь 2002 оноос хойш баригдсан бүртгэлтэй. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүс.

Сүүлийн үед хотыг тойрсон газар хөдлөлийн хагарлууд дээр эрсдэл үүсэх нөхцөл байдалтай гэсэн дүгнэлтийг Геофизик судалгааны хүрээлэнгээс мэдээлээд байгаа.

Хот байгуулалтын хөгжлийн газраас 2010 оноос хойш Улаанбаатар хотын барилгуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийсэн. ҮАБЗ-ийн зөвлөмж, журмын дагуу хийгдсэн.

2010 оноос 2023 оныг хүртэл нийт 944 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийсэн байдаг. 2002 оноос өмнө баригдсан нийтийн зориулалттай орон сууц, олон нийтийн барилгуудад уг үнэлгээг хийхээр улсын төсөвт тодорхой хөрөнгө хуваарилсан ажил.

2002 оноос өмнө баригдсан нийт 1,844 орон сууцны болон олон нийтийн барилгууд байна. Үүнээс 1,320 нь орон сууцных.

зураг

Олон нийтийн 524 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээг хийсэн. Эдгээрээс 354 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй, 98 барилгыг хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 2002 оноос өмнө баригдсан барилгуудын ихэнх нь тоосгон барилгууд.

Тоосгон барилгуудын хувьд 1950, 1960 онд баригдсан учир эдэлгээ, хугацааны чанараар газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдэж байгаа.

Газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан барилгууд дээр мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн ашиглахыг хориглосон шийдвэр гарч байна. Энэ шийдвэрийн дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн барилгыг буулган дахин төлөвлөн барих төслүүд хэрэгжиж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нэхмэлийн шарууд орчмын орон сууцнуудыг шинэчлэн барьсан.

Харин хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан барилгууд тулгамдсан асуудал болж байна. Барилгыг хүчитгэх хууль эрх зүйн орчинд стандарт, журам гаргах шаардлага үүссэн. Одоогийн байдлаар хүчитгэсэн барилга цөөхөн. ЖАЙКА-гаас төсөл хэрэгжүүлж, эхний 10 барилгыг хүчитгэх ажлыг хийнэ.

Газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан барилгуудыг паспортжуулж байна.

2002 оноос хойш баригдаж байгаа барилгуудын хувьд газар хөдлөлтийн норм дүрмийн дагуу материалын чанар, зураг төсөл, хийц бүтээц газар хөдлөлтөд тэсвэртэй хэмжээнд хийгдэж байгаа учраас тухайн барилгуудыг тэсвэртэй гэж үзэх ёстой. Гэхдээ тухайн барилга баригдахдаа технологийн алдаагүй, зураг төслийнхөө дагуу баригдсан эсэхийг шалгах ёстой.

Зарим нэг барилгад үзлэг шалгалтыг хийх шаардлага үүсэж байгаа. Барилгын захиалагч, зураг төсөл зохиогч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хуучин мэргэжлийн хяналтын байгууллага явцын дундах шалгалтыг хийх ёстой байдаг. Улсын комисс тухайн барилгыг ашиглалтад хүлээж авахдаа бичиг баримт, зураг төслийн хувьд сайн хянаж хүлээж авсан уу гэдгийг эргэж хараад барилгууд дээр үнэлгээ гаргана” хэмээн ярилаа.

“Турк улсад газар хөдлөлт болсон шиг гамшиг хэзээ тохиолдохыг бид мэдэхгүй. Ийм гамшгийн үед бэлэн байдлын хангах чухал. Ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, барилга барьж байгаа, бариулж байгаа хүмүүс материалын чанар, хийц бүтээц, зураг төслийн дагуу баригдаж буйд анхаарал хандуулж байх шаардлагатайг хүн бүхэн ойлгох хэрэгтэй” гээд нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг гуравдугаар сарын 21-нд зохион байгуулахаар болсныг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *