Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ц.Цолмон: НҮБ манай энхийг сахиулагчдыг өндөр үнэлж байна

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой ярилцлаа.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу манай оронд айлчиллаа. Айлчлалын гол зорилго юу байсан бэ. Манай батлан хамгаалах салбарынхныг хэрхэн үнэлж байх юм?

-Монгол Улс 2002 оноос хойш олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 11 мянган цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна. Энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-ын зохицуулалт, шийдвэрээр оролцдог. Манай орны хувьд 1961 онд НҮБ-ын гишүүн орон болж байсан. Монгол Улсын батлан хамгаалах салбарынхан олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь НҮБ-ын гишүүний хувиар хийж байгаа чухал ажил гэж ойлгож болно. Манай оронд айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулж, цаашид хийх ажлаа ярилцах гол зорилготой ирсэн.

Эрве Ладсу даргын хэлж байгаагаар “Монголын энхийг сахиулагчид чадварлаг, цэргийн албан хаагчдын чанарын үзүүлэлт өндөр байна. Энхийг сахиулах ажиллагааны тогтолцоонд Монголын цэргүүд нэр хүндтэй байдаг” гэдгийг хэлж байна лээ.

Түүний хувьд газар дээр нь ажилтай танилцаад явж байгаа бөгөөд өнгөрөгч баасан гаригт гэхэд Таван толгой сургалтын төв дээр очиж танилцсан. Эрве Ладсу дарга зөвхөн батлан хамгаалах салбараас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж ярилцсан. Улс орнуудыг цаашид энхийг сахиулах ажиллагаанд шуурхай оролцоход бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү гэдэг хүсэлтээ илэрхийллээ.

-Яаралтай тэгээд орох боломж байдаг юм уу. Хүсэлтийг мэдээж хүлээн авсан байх?

-Манай орны хувьд зөв зүйтэй зүйл гэж хүлээн авлаа. Нэг сарын дараа энхийг сахиулах ажиллагаанд оролцуулъя гээд хүсэлт ирэхэд бэлэн байдалд байх ёстой гэдэг байр суурьтай байна. НҮБ-аас шинэ төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Манай орны зүгээс уг төслийг нь дэмжиж оролцоно гэдгээ илэрхийлсэн.

-Монгол Улсын хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог орнуудын нэг. Тэглээ гэж НҮБ-ын зүгээс дэмжлэг тусламж үзүүлэх зүйл байдаг уу. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны дарга манай батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулна ч гэдэг юм уу, ямар нэгэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлж байна уу?

-НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааныхаа хүн болохоор хоёр талын хамтын ажиллагааны талаар л ярилцсан. НҮБ-ын зүгээс энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл сургуулилтыг сайжруулах зүйлүүдээ ярьж байгаа.

Монгол Улсын батлан хамгаалах салбарт бүхэлд нь тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэг зүйлийг яриагүй.

-Өмнө нь манай оронд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны дарга айлчилж байсан юм уу. Бан Ги Мун даргын орлогч гэхээр манайхан ихээхэн ач холбогдол өгч байна л даа?

-Яг ийм өндөр албан тушаалын хүн ойрын хэдэн жил ирж байсныг санахгүй байна.

-Манай орны цэргүүд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоход хүндрэлтэй зүйлс байдаг юм уу?

-Манайхан бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой. Өдөр тутам тохиолдох хүндрэл байлгүй л яахав. Гэхдээ гайгүй шүү.

Одоо бол энхийг сахиулах ажиллагаанд зориулан авсан манай цэргүүдийн хангалтын зүйлс жаахан хуучирч байна. Үүнийг шинэчлэх шаардлагатай.

-Та “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо батлан хамгаалах салбар мөнгөгүйн улмаас зэвсэг, тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй байна гэдгийг хэлсэн?

-Эдийн засгийн асуудал батлан хамгаалах салбарын тулгамдсан зүйлийн нэг яах аргагүй мөн. Түүнчлэн эдийн засгийн батлан хамгаалах гэдэг ойлголт бий. Манайхан гаднаас буу зэвсэг агссан хүмүүс ирээд эзэлнэ гэдэг зүйл бараг үгүй болсон. Харин эдийн засгийн аргаар нөлөөгөө нэмэгдүүлэх болсон гэж ярьдаг болж. Үүнтэй уялдан эдийн засгийн батлан хамгаалах гэдэг ойлгоц гарсан. Улс орнууд эдийн засгаараа хямарлаа гэхэд тухайн оронд хүндрэл учруулахгүй байх нь эдийн засгийн батлан хамгаалах юм.

Өмнө нь манайх эдийн засгийн боломждоо тулгуурлан зэвсэг техникээ шинэчилнэ гэдэг байсан. Улс орноо батлан хамгаалахад ямар эдийн засгийн хэрэгцээ байна түүнийгээ өөрсдөө бий болгоод хамгаална гэдэг томъёолол бий. Батлан хамгаалах салбар бол зөвхөн буутай хүн ирэхээр хамгаалах бус эдийн засаг доройтвол доройтохоос нь өмнө хамгаалах ёстой. Хэрэв доройтчихсон бол эдийн засгийг сэргээхэд идэвхтэй оролцон хамгаалах шаардлагатай. Зэвсэг технологио шинэчлэхэд төсвийн мөнгө хараад байх бус өөрсдийн боломжоор хөрөнгө босгож, бүтээж түүгээрээ зэвсэгт хүчнээ бэхжүүлэх ёстой.

Өмнөх үе шиг тусламж гуйж байгаад эх орноо хамгаална гэдэг зүйл одоо байхгүй. Бид энэ шинэ хандлагыг Батлан хамгаалах салбарын бодлогын баримт бичигтээ суулгаж өгье гэж байгаа юм.

-Батлан хамгаалах салбарын нийгмийн асуудал орхигддог гэж ярьдаг. Эх орноо хамгаалж явсаар байгаад нэг л мэдэхэд тэтгэвэрт гарахад чемодантай хувцаснаас өөр зүйлгүй болсон байдаг гэдэг дээ…

-Цэргийн албан хаагч хүн бол албан тушаалын байр гээд цэргийн анги дээрээ байранд байдаг. Тэтгэвэрт гарах болохоор өөрийн байргүй үлдчихдэг. Үүнийг бид засах ёстой гээд ажиллаж байхдаа хувийн орон сууцтай болох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. ХААН банкин дээр цэргийн албан хаагчийн хуримтлалын дансыг нээж цалингийнхаа тодорхой хувийг хуримтлуулж байгаад ипотекийн зээлд хамрагддаг болгох юм.

Цэргийн албан хаагч хувийн орон сууцтай болох шинэ бодлого хэрэгжиж эхэлж байгаа. Мөн оюутан цэрэг хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бол энэ жил 1000 гаруй залуус хамрагдаад байна. Түүнчлэн “Монгол Улсын төлөө зүтгэе” гэдэг шоуг зохион байгуулахад хүмүүстсайн хүрсэн байна лээ. Тиймээс үүнийг үргэлжлүүлэх ёстой гэж үзсэн.

-Монгол Улс ДНБ-ийхээ нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг юм уу?

-Улс орон бүр янз бүрийн хэмжээний мөнгө зарцуулдаг. Манай орны хувьд ДНБ-ий нэг хувьд ч хүрэхгүй хэмжээний хөрөнгө зарцуулна гэдэг бага тоо л доо. Үүнээс илүү ихийг зардаг улс орнууд гэж бий. 10-20 хувь хүртэл зарцуулдаг улс орнууд байдаг. Манай цэргийнхний тооцсоноор дөрвөн ДНБ-ий дөрвөн хувиас багагүй хөрөнгө зарцуулах ёстой гэдэг юм билээ.

Цаашид батлан хамгаалах салбартаа тэр дундаа зэвсэг тоног төхөөрөмжөө сайжруулахад анхаарал хандуулах ёстой. Сүүлийн үед уламжлалт болон уламжлалт бус олон аюул занал гарах болсон. Дэлхий даяар тогтворгүй байдал нэмэгдэх хандлагатай болоод байгаа.

Тэр нөхцөлд ч гэсэн бид зэвсэг техникээ шинэчилж байх ёстой юм.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *