– ТЯНЬЖИНД ГАЦСАН ЧИНГЭЛГҮҮДЭЭ ТАТАХГҮЙ БОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ТАСАЛДАНА. ҮҮНИЙ УЛМААС ХОМСДОЛ ҮҮСНЭ, ҮНЭ ӨСНӨ, ОРЛОГО БУУРНА, АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭНЭ-
МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Ц.Цолмонтой ярилцлаа.
-Эхний таван сарын байдлаар гадаад худалдааны үйл ажиллагаа эрчтэй сэргэж байгаа нь статистик мэдээллээс харагдаж байна. Нийт эргэлт 2020 онтой харьцуулахад 48хувь, экспорт 67 хувь, импорт 30 хувь өссөн дүнтэй гарч худалдааны тэнцэл эерэг хэвээр байна. Эдгээр тоог цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулан харахад эргэлт 347 сая, экспорт 61 сая, импорт 286 сая ам.доллараар өссөн байгаа нь гадаад худалдаа эргээд сэргэж байгааг харуулж байна. Экспортын 95 хувь орчим нь эрдэсийн бүтээгдэхүүн, алт, нэхмэлийн бүтээгдэхүүнээс бүрддэг хэвээр. Харин импортын хувьд тээврийн хэрэгсэл, түлш шатахуун, машин тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нь нийт импортын 72 орчим хувийг эзэлжээ.
-Монголтой хамгийн ойрхон далайн боомт бол Тяньжин. Тэнд одоогийн байдлаар 5000 гаруй чингэлэг бөөгнөрсөн гэсэн мэдээлэл байна. Судлаачийн хувьд та энэ гацааны шалтгааныг нь хэрхэн харж байна вэ?
-Хамгийн гол шалтгаан нь эрэлтийн гэнэтийн өсөлт. Дэлхий нийтээр цар тахлын бууралттай холбоотойгоор эрэлт огцом өсөөд байна. Монголын хувьд дээрх шалтгаанаас гадна манай улсын эдийн засгийн идэвхжилтийн үе, ялангуяа уул уурхай, барилгын салбарын оргил үе нөлөөллөө. Мөн гуравдугаар сард Хятадын талаас хилээ сар шахам хаасан зэрэг шалтгаануудын улмаас хуримтлагдсан ачаа гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлснөөр одоогийн энэ нөхцөл байдалд хүрээд байна. Ер нь энгийн үед голдирлоороо явдаг байсан урсгал гэнэтийн өсөлтийн үед ачааллаа даахгүй болсон нь энэхүү бөөгнөрөл, түгжрэлээс харагдаж байна. Мөн дээрээс нь Хятадын өөрийнх нь төмөр зам дагасан хотуудын дотоод ачаа, олон улсын транзитын ачаанууд нэмэгдэж орж ирэхээр Тяньжинаас Эрээн орох төмөр замын хүчин чадал яалт ч үгүй дийлэхгүйд хүрч байгаа.
-Монголын эдийн засаг хилийн боомтууд дээр түгжигдчихээд байхад төр засаг яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бол?
-Огт юм хийхгүй байна гэж болохгүй байх. Миний сонссоноор хоёр улсын тээвэр, гадаад харилцааны яамдын хооронд асуудлыг шийдэх чиглэлээр ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа гэсэн. Иймэрхүү асуудал бас тийм амархан шийдэгдэхгүй.
Гол нь Дэлхийн худалдааны байгууллага(ДХБ), Дэлхийн гаалийн байгууллага(ДГБ) болон Олон улсын тээврийн конвенц, хэлэлцээрүүдэд нийцсэн, тэдгээрийг зөрчөөгүй шийдэл олохын тулд ажиллах хэрэгтэй болно. Олон улсын болон транзитын тээврийн асуудлууд ялангуяа хатуу дэг журам, шаардлагын дор явагддаг, үүнийг зарим тохиолдолд хоёр улс яриад шийдэх боломж ч бага. Шийдвэр нь бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүй байх ёстой. Гэхдээ ийм шийдэл, гарц байгаа гэж бодож байна.
-Асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Ямар гарц байна вэ. Үйл ажиллагаа хэвийн болоход хэдий хугацаа шаардах вэ?
-Тээврийн салбарын мэргэжилтнүүдтэй ярилцаж байхад зарим нэг боломжит шийдлүүдийг санал болгож байсны нэг нь Монголын зүгээс Эрээн рүү өргөн царигаар орж буй экспортын болон транзитын вагонуудыг хоосон буцаахгүйгээр Тяньжин болон Эрээн дээр гацаад байгаа ачаа, чингэлгүүдийг ачин Монгол руу оруулах шийдэл юм. Тэгэхээр Тяньжинд гацаад байгаа чингэлгүүдийг Эрээн рүү автомашинаар тээвэрлэн авчирна гэсэн үг. Гэхдээ энэ шийдэл нь төмөр замын цариг солигдож сэлгэн ачилт хийгдэх олон улсын хэлэлцээрээр хориглогдсон үйлдэл юм. Тиймээс хоёр улсын засгийн газрын түвшинд уг асуудлыг авч үзэн бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүйгээр шийдэж чадвал Тяньжинд дараалал хүлээхгүйгээр тээвэрлэлтийн хугацааг хурдасгах боломж байна гэж харж байна. Харин зардал бол яах аргагүй өсөх болно.
-Ерөнхий сайд урд хөршид айлчлах үеэр боомтуудын асуудал цэгцэрнэ гэсэн мэдээлэл байгаа. Тэр болтол ингээд гацаад байж байх уу. Үүний цаана улс төр яваад байна уу?
-Эхлээд асуудлыг шийдэх гарцаа олоод мөн уг шийдэл нь хэрэгжүүлэх боломжтой, бас бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүй, олон улсын байгууллага, хэлэлцээрүүдэд нийцсэн эсэхийг сайтар тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. Түүний дараа албан ёсны уулзалт хэлэлцээр хийвэл үр дүнд хүрнэ. Улс орны эдийн засаг, ард иргэд, бизнесийн байгууллагуудын эрх ашигтай холбоотой, нэн яаралтай асуудал яригдаж байхад улс төрийн хүсэл сонирхол ямар ч хамаагүй гэж бодож байна. Цаг хугацааны хувьд аль болох хурдан шийдэхгүй бол эдийн засгийн идэвхжилийн чухал мөчлөгийг өнгөрүүлснээр эдийн засагт сөрөг үр дагавар авчирна.
-Боомтын гацаа бизнесийнхний бухимдлыг дээд цэгт нь хүргэж туйлдуулж байгаа. Ачаа тээврийн компаниуд хүртэл заналхийлэлд өртөж байна гэсэн?
-Бизнесийн байгууллагуудын хувьд маш том эрсдэл, томоохон хэмжээний алдагдлыг бий болгоод байна. Монголын эдийн засаг, бизнес импортоос маш өндөр хамааралтай гэдгийг бүгдээрээ мэднэ. Үндэсний үйлдвэрүүд нь хүртэл үйлдвэрлэлийн тодорхой шатанд импортоос хамааралтай. Худалдааны салбарын хувьд бүр ярилтгүй. Тэгэхээр бараа нь боомт дээр гацаад ирж чадахгүй байна гэдэг бол бизнесийн байгууллагуудын ашиг орлогод шууд сөрөг нөлөөтэй. Дээр нь тээвэрлэлтийн үнэ хөлс нь 2-4 дахин нэмэгдэн орж ирж байгааг мартаж болохгүй. Ийм байдлаар удаан үргэлжлэх нь бизнесийн үйл ажиллагаа тасалдахад хүрч эргээд нөгөө зээл, хүү, түрээсийн дарамтанд орох эрсдэлтэй. Ингэснээр Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийн үр нөлөөг бууруулж байгаа юм.
-Боомтын бөөгнөрлийг арилгахын тулд айлын талаас ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Ер нь энэ бөөгнөрөл нь зөвхөн ганц Монголын асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хятад өөрөө дэлхийн том үйлдвэрлэгч улс тул нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудал Хятадтай бизнес хийдэг улс бүрт тулгараад байна. Хятад өөрөө ч экспортоос маш их хамааралтай улс. Тэгэхээр транзитын тээвэрт санаа тавьдаггүй юм аа гэхэд өөрийн экспортын тээвэрлэлтийг саадгүй явуулахын тулд Хятад ч бас шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой. Гэхдээ асуудлыг дангаараа шийдэх боломж бас тааруу байна. Транзит гэхэд олон улсын дүрэм журмаар явагдана. Зөрчвөл конвенцийн дагуу хариуцлага хүлээнэ. Нэг улсыг илүүд үзвэл ДХБ-тай тулах болно. Одоогийн огцом өсөлт нь богино хугацааны шок тул учир зүггүй төмөр зам, дэд бүтцийн шинэ байгууламж барих сонирхол бага байгаа. Тэгэхээр Монголын талын аливаа санал шийдлийг нааштайгаар хүлээн авч хамтран ажиллах нь хамгийн боломжит арга хэмжээ юм болов уу л гэж бодож байна.
-Монголын тал Тяньжинд гацсан чингэлгүүдээ татаж авахгүй бол цаашид учрах эрдсдэл нь эдийн засагт том зургаараа яаж нөлөөлөх вэ?
-Эдийн засаг хямрахад хүрнэ. Хэрэглээний салбартаа бид 80 хувь импортоос хамааралтай. Энгийнээр хэлбэл, үйлдвэрлэл, худалдаа тасалдана, хомсдол үүснэ, үнэ өснө, орлого буурна, ажилгүйдэл нэмэгдэнэ.
-Эрээнд бас нэлээд бөөгнөрөл үүсчихээд байх шиг. Хэвийн болгоход хэдий хугацаа шаардлагатай бол?
-Эрээний бөөгнөрлийн гол шалтгаан нь цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт. Өмнө нь дунджаар 300-400 машин нэвтрүүлдэг байсан боомтоор саяхныг хүртэл 60-100 машин л нэвтрүүлж байсан. Харин энэ долоо хоногоос 100-150 машин оруулж байгаа сурагтай байсан. Монголын вагон Хятадын нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрхгүй тул цаанаас Эрээний ачааг автомашинаар зөөвөрлөн Замын-Үүдэд авчран вагонд ачдаг. Энэ процесс дээр л гацаа үүсчихээд байгаа. Эрээнээс шууд вагонд ачна гэвэл дээр дурдсан хоёр улсын Засгийн газар хоорондын тохиролцоог л хийх хэрэгтэй болно. Түүнээс шууд өргөн царигтай вагонд ачаад гарах эрх зүйн боломж одоохондоо байхгүй. Мэдээж ачих боломжтой болсон тохиолдолд вагоны багтаамж, даац их тул Эрээн дээрх ачааг богино хугацаанд тээвэрлэн импортлох боломжтой.
-Тяньжинд овоорсон 5000 гаруй чингэлгийг Хятад нааш нь явуулахгүй манай ачааг хойш тавиад өөр орнуудынхыг зөөгөөд ийм болсон гэх мэдээлэл байгаа. Далайд гарцгүй орны энэ зовлонг яаж барагдуулдаг вэ, олон улсын ямар байгууллагад хандадаг юм бэ?
-Хөндлөнгөөс харахад, “Манай ачааг зөөхгүй бусад ачааг зөөгөөд байгаа юм шиг харагдах магадлалтай. Учир нь транзитын тээврийн олон улсын хэлэлцээрийн дагуу боомтууд транзитын ачааг хамгийн түрүүнд нэвтрүүлэх зохицуулалт байдаг. Монголд ч транзит тээвэр ингэж явдаг. Тяньжин дээр Европ руу явах их хэмжээний транзит ачаа түгжирсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр конвенцийн дагуу тэдгээр ачаанууд түрүүлэн ачигдаж байгаа байх. Үнэхээр нэг улсын ачааг нөгөөгөөс илтээр ялгаварлан түрүүлж ачуулсан бол ДХБ-ын үл ялгаварлах зарчмын MFN буюу нэн тааламжтай нөхцөл болон бусад тээврийн хэлэлцээрүүдийн заалтыг үндэслэн ДХБ-ын Маргаан шийдвэрлэх хороонд нэхэмжлэл гаргаж болдог. Харин дотоодын тээврийг илүүд үзэх тохиолдолд нотлох магадлал бага байдгаас шалтгаалан гомдол гаргаад амжилт олох магадлал тун бага байдаг.
Далайд гарцгүй орнуудад (44 орон бий) хамгийн түгээмэл асуудал нь тээврийн хараат байдал. Үүний нөлөөг бууруулахаар улсууд өөрсдөө л хичээнэ үү гэхээс яг эрх ашгийг төлөөлсөн том байгууллага байхгүй. Гэхдээ тээврийн ТИРКарнет-д далайд гарцгүй орнуудад зориулсан хөнгөлөлтүүд байдаг. Гэвч илүү тариф, төлбөр болон шалгалтын хувьд хөнгөвчилсөн нөхцөлүүд бий. Мэдээж ДХБ, ЮНКТАД зэрэг байгууллагуудад энэ сул талыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, хэлэлцээрүүд байдаг ч төдийлөн үр дүн сайн биш. Тэгэхээр бид өөрсдөө л илүү хичээж ОХУ-тай хийсэн шиг давуу тал бүхий хэлэлцээрүүдийг хийх хэрэгтэй.
-Тяньжины боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний эхний ээлжийн 943 чингэлэг бараа Замын-Үүд боомтод өчигдөр буужээ. Энэ янзаараа Тяньжины гацааг шийдчих юм биш үү?
-Энэ бол богино хугацааны цөөхөн удаагийн авах арга зам. Товчхондоо гал унтраах маягаар зохион байгуулж буй ажил гэж ойлгож болно. Манай улсын Засгийн газрын зүгээс айлын талд шаардлага тавьсны үр дүнд нэмэлт вагон гаргуулаад чингэлгээ зөөсөн. Урт хугацаандаа байнга ийм маягаар асуудлыг шийдэх боломжгүй. Цаанаас хүлээгдэж байгаа ачаа барааны захиалгууд маш их байгаа. Тиймээс Тяньжинаас Эрээн рүү машинаар авчираад өргөн царигтай вагоноор зөөвөл хугацааны хувьд нааш татах боломжтой.