Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цогзолмаа: Улс орноо хөгжүүлье гэвэл шинжлэх ухаанаа боловсролын салбарын магнайд залах ёстой

Холбоотой ЗурагБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-уих-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Таны хувьд нийгэмд хамгийн хүртээмжтэй салбарын яамыг хариуцаад таван сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд салбарынхаа тулгамдсан асуудлуудыг шийдүүлэхийн тулд ямар ажлуудыг санаачилж хийв?

-Ажил хийхэд хамгийн чухал нь тухайн салбарын бодлоготой уялдаж гарч ирэх ёстой. Сүүлийн 28 жилийн хугацаанд энэ салбар хөгжлийн бодлогогүй, урсгалаараа явж ирсэн гэж хэлж болно. Бодлого гэдэг бол зорилтоо тодорхойлоод тэрнийхээ хаана нь хүрсэн юм бэ гэдгийг үнэлж, дүгнэх ёстой. Тэгэхээр ийм үнэлэлт дүгнэлт сүүлийн 30-аад жил ерөөсөө хийгдээгүй. Тиймээс ажлаа аваад таван сарын хугацаанд сургуулийн өмнөх болон ерөнхий, дээд боловсролын тогтвортой хөгжлийн асуудлаар үндэсний хэмжээний чуулган зохион байгууллаа. Давхардсан тоогоор 5000 орчим багш, сурган хүмүүжүүлэгч нарынхаа төлөөллийг оролцуулсан.

Ачааны хүндийг нуруун дээрээ үүрч, өдөр тутам хүүхдүүдэд хичээл зааж, эцэг эхчүүдээс санал гомдол хүлээж авч байгаа багш нарынхаа оролцоотойгоор бид цаашдаа боловсролын салбарыг хөгжүүлэх асуудлаар үндэсний хэмжээний зөвлөгөөнийг явуулсан юм. Энэ гурван зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаад хийх ажлуудынхаа даалгаврыг өгчихсөн. Тиймээс БСШУСЯ-ны харьяа арван байгууллага зөвлөмжүүд дээр суурилсан төлөвлөгөөг гаргасан юм.

-Эндээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Аливаа ажил зөв зохион байгуулалттай явах юм бол үр дүнтэй байна. Тэгэхээр 2018 оны төлөвлөгөөг эдгээр арван харьяа байгууллага ийм түвшинд хийж байж цогцоороо ажлын үр дүн гарна. Хэрэв тэд ямар нэг уялдаа холбоогүй төлөвлөвөл үр дүнгийн тухай ойлголт маань сарнина. Тэгэхээр зөвлөмжөөс гарсан ажлын төлөвлөгөө цаасан дээр буусан. Гэхдээ ямар нэг ажил санхүүгийн эх үүсвэргүй бол зогсдог. 2018 оны БСШУС-ын сайдын багцад хуваарилагдаж ирсэн мөнгийг өөр ажилд зарцуулахгүй. Зөвхөн багш нарын өгсөн үүрэг даалгавар буюу энэ зөвлөмжид тусгагдсан асуудлыг шийдэхэд санхүүгийн үйл ажиллагаа чиглэнэ. Тиймээс цогц байдлаар төлөвлөлт, зохион байгуулалт, санхүүжилт гэсэн гурван зүйл маань нэгдсэн бодлого дор зангидагдаад явж байгаа.

-Салбарын сайд солигдохоор халаа сэлгээ хийгддэг жишиг нэгэнт тогтжээ. Харин таны хувьд энэ тал дээр ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Хамгийн гол зүйл бол ажлыг хүн хийдэг. Тиймээс хэдий чинээ чадвартай, мэргэжилдээ эзэн болсноос хамаарч тухайн ажил уялддаг. Миний хувьд салбарын сайдаар ирэнгүүтээ үзэгний үзүүрээр хүний хувь заяаг шийдэхийг чухалчилаагүй. Харин ажлаа хийж чадаж байгаа нь үлдээд, чадахгүй байгаа нь бусдадаа орон зайгаа тавьж өгөх боломжийг олгосон юм. Үнэхээр ажлын шаардлага хангахгүй, гараас нь юм гарахгүй, чадваргүй байвал бүхэл бүтэн тэр салбарын шийдлээ хүлээж байгаа хүмүүс хүлээлтийн байдалд орно. Тиймээс өнөөдөр зарим хүнд ажлын байрны хариуцлага тооцоод өөрчлөлт хийгээд явж байгаа.

-Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгийн хүртээмж байна. Танай яамны хувьд 2018 онд бусад яамдтай харьцуулбал нэлээд өндөр төсөв батлуулж чадсан. Бүтээн байгуулалтын ажлуудаасаа сонирхуулахгүй юу?

-2018 он бол манай салбарын яамны түүхэнд хэзээ ч өмнө нь төлөвлөгдөж байгаагүй төсөв батлагдаж чадсан жил. Бусад яамдтай харьцуулбал манайд 1.6 их наяд төгрөгийг тусгасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татвар төлөгч таван иргэн тутмын нэгийнх нь мөнгө манай боловсролын салбарт зарцуулагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр үр өгөөж гэдэг бол чухал. Мөнгө хуваарилах нь нэг асуудал. Харин энэ хөрөнгийг үр дүнтэй зарцуулах нь чухал юм. Хөрөнгө оруулалт дээр хамгийн эхний ээлжинд Монгол Улсад гурван ээлжээр хичээллэж байгаа бүх хүүхдийг хоёр ээлжтэй болгоно. Энэ асуудал хөрөнгө оруулалтын түвшинд шийдвэрлэгдэж байгаа. Хоёрдугаарт, хичээл эхлэх гэхээр цэцэрлэгийн бүртгэл урт дараалал үүсгэж, эцэг эхчүүд маань хонон өнжин дугаарладаг шүү дээ. Зарим нь азын сугалаа явуулдаг. “Хүүхэд бүр цэцэрлэг” зорилтын хүрээнд дээрх хүндрэлтэй асуудал 2019 он гэхэд цэгцэрсэн байх болно.

-Ирэх намраас энэ асуудлыг шийдэж болохгүй юм уу?

-Санхүү эдийн засгийн хүндрэлтэй байсан жилүүдэд тухайн онд 240 хүүхдийн цэцэрлэг барихаар болсон байлаа гэхэд хөрөнгө оруулалт нь хуваагдаж тусгагдаж байх жишээтэй. Гэхдээ сайдын хувиар энэ ажлын үр дүнг бодитой болгох үүднээс тендрийн сонгон шалгаруулалтад оролцогч компаниуддаа тусгай нөхцөл тавьж байгаа. Санхүүгийн чадамжтай, татварт өргүй компаниудыг тухайн бүтээн байгуулалтын ажилд өөрсдөөсөө үлдэгдэл мөнгөө гаргаад жилдээ багтаад энэ объектоо хүүхдийн сайн сайхны төлөө бариад дуусгачих юм бол ирэх онд үлдэгдэл санхүүжилтээ авах боломжтой зохион байгуулалтыг хийнэ. Гэхдээ цаасан дээр төлөвлөгдсөн бүх ажил саадгүй явдаг жишиг Монголын нийгмийн аль ч салбарт байхгүй. Олон, олон цэцэрлэг, сургуулийг барихаар төлөвлөчихсөн байгаа ч зарим нь газаргүй, заримынх нь зураг төсөл хийгдээгүй зэрэг асуудлууд бий. Зураг төслөө хийлээ гэхэд жалга, дов таарчих юм бол газрыг нь тэгшилнэ. Хэрэв зураг төсөл хийгдсэн газар нь айл таарвал тухайн иргэний газрын нөхөн төлбөрийн асуудал үүсч байна. Энэ ажил дээр оны эхнээс зохион байгуулалтын түвшинд ажлын хэсэг байгуулан газрын дарга, зөвлөхүүдээ үр дүнгийн төлөө шахаж ажиллуулж байгаа. Бид бүхэн амралтын өдрүүдэд ажилласны үр дүнд гүйцэтгэл 27 хувьтай явж байгаа нь боломжийн түвшин гэж харж байгаа.

-Ерөнхий боловсролын хувийн сургуулиудын төлбөр харилцан адилгүй байдаг. Ер нь сургалтын чанарт салбарын яамнаас хэрхэн хяналт тавьдаг юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу бүх хүүхдэд тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйл ажиллагаа хүртээх ёстой. Гэтэл манай боловсролын систем 1992 оноос хойш төрийн болон төрийн бус боловсролын үйл ажиллагааг хуулиар зөвшөөрч либеральчлагдсан. Энэ нь хоёр талтай л даа. Үндсэн хуулийнхаа заалтын хүрээнд аваад үзэхээр хүүхэд бүр ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авна гэсэн хуультай ч либералчлалын үр дүнд өнөөдөр хүүхдийн тэгш хүртээмжтэй суралцах үндсэн эрхийг нь зөрчиж байгаа юм. Нөгөө талд сургуулийн чанар муу байна гэж үзээд өндөр төлбөртэй сургуулийг сонгохоос өөр аргагүй байдалд орж байна. Өндөр төлбөр авсан сургуулиудын сургалтын чанар авч байгаа өртөгийнхөө хэмжээнд дүйцэж байна уу гэдэгт мониторинг хийнэ. Хүүхдэд өгч байгаа боловсрол нь жирийн сургуулиас ялгарахгүй байгаа мөртлөө өндөр төлбөр аваад байна уу гэдгийг шалгах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа.

-Ер нь эцэг, эхчүүд улсын урдаа барьдаг зарим гүйнзгийрүүлсэн сургалттай сургуулиудад хүүхдүүдээ өгөх эрмэлзэл их байдаг. Тиймээс хахууль, авлига өгөөд ч болох нь тэдгээр сургуулийг сонгодог шүү дээ. Энэ бол манай боловсролын чанар тааруу байгаагийн нэг илрэл. Боловсролын чанарыг дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Энэ бол яалт ч үгүй боловсролын чанартай холбоотой. Нөгөө талаасаа үүнийг зах зээлийн алтан дүрмээр явж байгаа гэж ойлгож болно. Хүн өөрийнхөө хэрэглээнд аль чанартай гэсэн болгоныг авахын тулд ахиу мөнгө зарцуулдаг шүү дээ. Яг үүнтэй адил ерөнхий боловсролын улсын сургуулийн сургалтын чанар муу байна гэдэг үнэлгээ эцэг, эхчүүдийн дунд байгаа учраас арай чанартай сургуульд хэд гурван төгрөг төлөөд сургая гэсэн хандлага бий болчихжээ. Тэр сонголт нь ч байна. Яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ гэхээр энгийн сургуулиас илүү өндөр төлбөр авч байгаа сургуулиас хүүхэд илүү чанартай үйлчилгээ авч байх ёстой. Яагаад зарим сургуульд элсэлт болохоор 1000 хүүхэд оочерлоод байна вэ. Гэтэл захын хорооллын сургуулиудад 300 хүрэхгүй хүүхэд элсдэг. Сургалтын хөтөлбөр, хамран суралцах тойрог, харьяаны сургуульдаа суралцаж чадаж байна уу гэдгийг ойлгох зөв шийдлийг салбарын яам гаргаж өгөх ёстой. Боловсролын яам ийм нарийн зохицуулалтыг огт хийж байгаагүй юм билээ. Тиймээс яам эцэг, эхчүүдтэйгээ шууд харилцах харилцааны менежментийг бий болгох зайлшгүй шаардлагатай.

-Хуучин цагт онц сурлагатай хүүхдүүд багш болдог байлаа. Харин одоо сурлага тааруу нөхдүүд багшийн мэргэжлийн хуваарь дээр хүссэн хүсээгүй очоод байна. Монголын хойч ирээдүйг бэлдэж байгаа багш нар ийм байхаар ямар хүмүүс төрөх вэ?

-Энэ бол үнэхээр манай дээд боловсролын системд тулгамдаж байгаа асуудал. Хамгийн өндөр оноо авсан хүүхдүүд АШУИС, МУИС, ШУТИС-д орчихдог. Тэгээд 350-400 оноо авч байгаа хүүхдүүд багшийн мэргэжил сонгож байна. Бид багшийг бүхний дээд гэж хүндэлж ирсэн. Өнөөдөр багшийгаа бэлтгэж ирсэн систем маань тэр үнэ цэнэ дээрээ байсан. Харамсалтай нь сүүлийн 30-аад жилийн шилжилтийн үед багшийн үнэлэмж нийгэмдээ муудсан. Хоёрдугаарт, багш бэлтгэдэг сургуулиудын чанар муудсан. Уг нь 350 оноотой хүүхдийг багшийн мэргэжилд авахгүй байх юм бол муу багш орж ирэхгүй. Гэтэл их, дээд сургуулиуд бага оноотой хүүхдүүдийг багшийн мэргэжилд аваад байгаа нь бизнесийн зорилго агуулж байна гэдгийг эндээс харах ёстой. Ирэх есдүгээр сарын 1-нээс энэ асуудал дээр ахиц гаргасан бодлогыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, шинэ хичээлийн жил эхлэхэд зах зээл дээр дутагдалтай байгаа мэргэжил дээр квот тогтоогоод элсэгчдийн оноог дээшлүүлэх бодлого баримтална.

-Багш нар бага цалинтай байхад багш болохыг хүсэх хүн байх уу?

-Манай яамны зүгээс Засгийн газарт байнга тавьж байгаа асуудал бол багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай. Энэ бол нийгэмд асар их хүлээлт дагуулдаг сэдэв. Дэлхийн жишигт дээд тал нь 25 хүүхэдтэй ангид хичээл заасныхаа төлөө өндөр цалин авдаг. Харин манайд 50, 60 хүүхдэд хичээл заадаг багш 500-гаадхан мянган төгрөгийн цалин аваад ажиллаж байна. Мэдээж нийгэм эдийн засаг хүнд байгаа энэ үед өргөс авсан юм шиг өнөөдөр асуудал тавиад шийдэгдэнэ гэж байхгүй. Гэхдээ улс төрийн эрмэлзэл, санаачилга байх ёстой. Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлэх сургалтын төлөө төрд бодлого, чиглэл, концепц байх ёстой. Эхний ээлжинд цэцэрлэгийн багш нарынхаа цалинг анхааръя. Дараа нь бага ангийн багш нар гээд төсөвт томоохон дарамт болохгүйгээр үе шаттайгаар шийдэх гарц бий.

-Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлого гэж зарлалаа. Монгол Улсын хөгжлийн замд хүрэх нэг тулгуур нь Хүн төвтэй нийгмийг байгуулна гэсэн байна. Тэгэхээр боловсролтой, оюунлаг нийгмийг бүрдүүлэхийн тулд боловсролын салбар яаж ажиллах юм бэ?

-Манай нийгмийн шилжилтийн үед Монголын төр, боловсролын систем ч ялгаагүй хүнийхээ хөгжлийг орхичихсон юм билээ. Барилга байгууламж, тоног төхөрөөмж байрлуулж, суурилуулаад л байдаг. Тэр бүгдийг өндөр боловсрол, ёс зүйтэй хүн л амь оруулдаг. Сургууль барьчихаад сургалт нь чанаргүй байвал хүүхдүүдэд ямар ч өгөөжгүй. Тиймээс Боловсролын сайдын тушаалаар 2018 оныг Багшийн хөгжлийг дэмжих жил болгож зарласан. Энэ салбарын уналтыг зогсоох тэр том хөшүүргийг багшаа хөгжүүлэх асуудал гэж ойлгож байгаа. Уг асуудалд дотоодын нөөцөө ашиглахаас гадна өндөр хөгжилтэй орны сайн туршлагуудыг нэвтрүүлнэ. Хүн рүүгээ чиглэсэн ийм хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдээд явж байна.

-Хөгжлийг хүн л бий болгоно. Манайх Японд инженерүүдээ бэлдэж байна. Харин бусад ажиллах хүчний салбарын боловсон хүчний асуудал дутмаг. МСҮТ-ийг Боловсролын яам харьяандаа авч, сургалтын чанарт нь анхаарах ёстой юм биш үү?

-Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийн сурлагатай, чадалтай нь их,дээд сургуульд элсэн суралцдаг. Харин амьдралын түвшин тааруу, сурлага сул хүүхдүүд МСҮТ-ийг сонгодог. МСҮТ Хөдөлмөрийн яамны харьяанд очоод долоо, найман жил боллоо. Тухайн үед эдийн засаг жаахан сэргэсэн байхад МСҮТ-д суралцагсдад сард 70 мянган төгрөг өгнө гээд халамжийн бодлого болгочихсон. Тэнд ажиллаж байгаа багш нар МСҮТ-ийг Боловсролын яамны харьяанд байлгахыг хүсдэг. Яг үнэндээ багш нарынх нь хувьд мэргэжил дээшлүүлэх сургалт гэж явагддаггүй. Насаараа ажиллачихаад тэтгэвэрт гарахдаа боловсролын салбарт ажилласны тэтгэмж авч чаддаггүй. Элсэгчид мужаан, гагнуурчин болъё гэхээсээ илүү халамжийн мөнгө авах сэтгэхүй нь давамгайлдаг болсон гээд олон асуудал тавьж байна. Үнэнийг хэлэхэд өнөөдөр мэргэжилтэй боловсон хүчин бэлдэнэ гэдэг бол Боловсролын яамны асуудал.

-Аливаа улсын хөгжил шинжлэх ухаанд суурилах ёстой. Гэтэл манай эрдэмтэд чадалтай ч хөрөнгө мөнгөний асуудал дутагдалтай болохоор энэ салбар хөгжиж чадахгүй байх шиг…

-Монгол Улсын ирээдүйн хөгжил хүссэн, хүсээгүй шинжлэх ухаан дээр суурилж байж үр дүнд хүрнэ. Жишээлбэл, Хятад улс гэхэд тав таван жилийн төлөвлөгөөгөөр явж байна. 20 жилийн өмнө хүмүүсээ хоол ундтай, дараагийн арван жил өмсөх хувцастай байлгана гэсэн төлөвлөгөөгөө биелүүлсэн. Одоо Хятад улс хүнийхээ хөгжлийн тухай ярьж байна. Энэ бол хөгжлийн бодлого, төлөвлөлт юм. Тиймээс улс орноо шинжлэх ухаанчаар хөгжүүлье гэвэл шинжлэх ухааныхаа салбарыг боловсролынхоо салбарын магнайд залах ёстой. Шинжлэх ухаан гэдэг бол ганц боловсролын асуудал биш. Бүх салбар шинжлэх ухаан дээр суурилж хөгжинө. Монгол төрийн бодлого эрдэмтдийнхээ сайн хийсэн судалгааг шууд практик дээр хэрэгжүүлэхэд санхүүжилт олгодог ийм эрүүл байх ёстой. Үүний цаана манай шинжлэх ухаан технологийн инновацийн асуудал, гарааны компаниудаа дэмжих асуудал байгаа. Ийм том бодлогоор өнөөдөр шинжлэх ухааны салбараа дэмжих ёстой. Эрдэмтэд маань үнэхээр мундаг байгаа. Төрөөс дэмжээд өгвөл Нобелийн шагнал ч авах бүрэн боломжтой. Боловсролын яам дотоод шинжлэх ухааны бүтцээ сайжруулах тал дээр алхам хийх ёстой. Өнөөдөр шинжлэх ухааны байгууллагынхаа статусыг тогтоох эрх зүйн чадамж дутаж байна. Шинжлэх ухааны байгууллага яамны харьяа байх уу, Засгийн газрын харьяа байх юм уу, эсвэл хараат бус байж шинжлэх ухааныхаа үйлдвэрлэлийг хийх юм уу гэдэг нь эрх зүйн чадамжаасаа шууд хамаарч байна. Өнөөдрийн байдлаар сайдын харьяанд Шинжлэх ухааны академи байна. Академийн харьяанд 20 хүрээлэн ажиллаж байна шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *