Франкфург-Улаанбаатар нислэгээр эх орондоо ирэхээр Чех улсаас Герман ирсэн Ц.Цэцэгбал бүсгүйг МИАТ болон Монгол улсаас Германд суугаа элчин сайдын яамны ажилчид Франкфуртын нисэх буудал дээр ганцааранг нь үлдээж, Монгол төрийн үйлчилгээг үзүүлээгүй хэмээн олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл дагуулаад байгаа юм. Түүнийг онгоцонд оочерлож байх үед түүний утсанд “шинжилгээний хариу эерэг гарсан” гэсэн зурвас ирсэн байна.
“Франкфуртэд ирээд онгоцондоо суух гэж байхад шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн зурвас ирсэн. Тиймээс би бусад хүмүүст халдаачихвий хэмээн албаны хүнд утсаа харуулаад хэлсэн юм. Гэтэл тэр хүн харснаа намайг шууд өөрөөсөө холдуулаад “Та цаанаа байж бай, таны асуудлыг хамгийн сүүлд шийднэ” гэж хэлсэн.Тэгээд бүх хүмүүсийг онгоцонд орж дуустал хүлээсэн. Аваад явна гэж итгэж байсан юм. Гэтэл халдвартай хүнийг онгоцонд суулгахгүй гээд ойртуулаагүй. Би явмаар байна, хамгаалалтын хувцас өмсүүлээд ч болтугай намайг аваад яваач гээд уйлаад гуйсан ч тоогоогүй. Хамгаалалтын хувцас өмсүүлээд явсан бол ариун цэврийн өрөөнд зогсоогоороо ч хамаагүй яваад ирэх байсан” хэмээн Ц.Цэцэгбал хэлсэн юм.