Categories
мэдээ цаг-үе

Ц.Сандаг-Очир: Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг томилдог болох нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг бууруулж байгаа хэрэг

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг намрын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр байсан ч хойшлуулсан. Мөн пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт байсан ч мөн л хойшлууллаа. Хойшлуулж байгаа шалтгаан нь юу юм бэ. Та юу гэж харж байна?

-Энэ хууль нь монгол улсын үндсэн хуулийн дараа орохуйц том хууль. өөрөөр хэлбэл, 1.5 сая м.кв газар нутаг дэвсгэрийн бүтэц зохион байгуулалт, түүний удирдлагатай холбоотой. Мөн иргэн бүр, нэгж болгонтой холбоотой асуудлыг шийддэг, зохицуулдаг чухал хууль. Энэ хуулийг өөрчлөх шаардлагатай ч яаруу давчуу шийдэж болохгүй гэж үзэж 14 хоног хуралдсан ээлжит бус чуулганаар хойшлуулж, намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Пүрэв гаригийн чуулганаар хэлэлцэх байсан ч манай намын бүлгээс горимын санал гаргаж нэгдүгээр хэлэлцүүлэгт шилжүүлсэн. энэ хуулийн төсөлд нэмж, сайжруулах шаардлагатай зүйл байгаа талаар гишүүд санал гаргасан. Нэгэнт УИХ, орон нутгийн сонгууль дууссан учраас яаралгүй нухацтай хэлэлцье гээд хойшлуулсан. ингээд дахин нэгдүгээр хэлэлцүүлэгт шилжүүллээ. Тиймээс ажлын хэсэг энэ хуулийг дахин хэлэлцэхээс гадна гишүүдийн байр суурийг сонсоно. Үүний дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

-Энэ хуульд аймгийг хот болгох, сумдыг нэгтгэх зэрэг заалтууд орж байгаа юм билээ. Та өмнө нь Багануур дүүргийг хот болгоно гэж хэлж байсан. Ер нь сумдыг нэгтгэх, аймгуудыг хот болгох нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Багануур дүүрэгт 2000 оноос хойш яригдаж байгаа зүйл. Үе үеийн Багануур дүүргийн удирдлагууд, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд асуулга тавьж, санал хүсэлтээ илэрхийлж байсан. Мөн энэ асуудлаар нэг бус удаа ард иргэдээсээ санал авсан. Одоогийн мөрдөж байгаа хуулиар дүүргийн статустай байгаа нь Багануурын хөгжилд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй байгаа юм. Улаанбаатарын есөн дүүргийн дөрөв нь нийслэлээс төсөв, санхүүгийн дэмжлэг авдаг. Нийслэлийн төвийн таван том дүүрэгт нь төсөвт тодорхой хэмжээний орлого бүрдүүлдэг. Санхүүгийн дэмжлэг авдаг дөрвийг нь дурдвал, Сонгинохайрхан болон алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг байна. Дүүргийн нэг сургуулийн дээврийг засах ч юм уу цэцэрлэгийн сантехникийг янзлах, хаалга үүдийг нь солихын тулд бүх шатны Засаг дарга нар Хотын дарга, Боловсролын сайд руу гүйдэг.

Өөрөөр хэлбэл, орон нутагт төсвийн эрх мэдэл байдаггүй. Монгол Улсад 600 гаруй хууль мөрдөгдөж байна. Үүний дийлэнхэд нь орон нутаг, орон нутгийн засаг дарга тухайн орон нутагтаа энэ асуудлыг хариуцна гэдэг. Гэтэл хуулиар шийдэх төсөв, мөнгийг нь өгдөггүй.

Сүүлийн 20 гаруй жилийн өмнөөс “Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ, төвлөрлийг сааруулна, орон нутагт төсвийн эрх мэдлийг нь өгнө, өөрсдөө асуудлаа шийддэг болно” гэж ярьж байна. Гэхдээ өнөөг хүртэл ямар нэг дорвитой өөрчлөлт орсонгүй. Бахь байдгаараа. Үүнийг Багануур дүүргийн иргэд мэдрээд асуудлыг тавьж байсан. Цаад утга санаа нь дүүргийн статусаар явах боломжгүй. Багануур дүүрэг төсвийн хувьд бие даасан байя. Өөрсдөө орлогоо бүрдүүлж түүгээрээ зардлаа нөхдөг байя. Дүүрэг орон нутгийн асуудлаа дүүрэгтээ шийддэг байя, олон шат дамжлагаар дамжихаа больё гэж байгаа юм. Тухайлбал, дүүргээс нийслэл рүү, дараа нь УИХ руу, улсын төсөв рүү гэсэн шат дамжлагаар явахгүй дүүрэгтээ асуудлаа шийддэг байя гэсэн үг. Мэдээж улсын чанартай эдийн засгийн томоохон асуудлуудыг Засгийн газрын түвшинд хэлэлцэнэ. Дүүрэгтээ шийдэх хэмжээний асуудлыг орон нутагтаа шийддэг байя гэж яриад байгаа юм. Иймээс Багануурчууд аль эртнээс хот, эсвэл аймаг болно гэж ярьсан. Үүний учир нь статусаа нэмэгдүүлэх гээд байгаа юм. Жишээ нь, Сонгонохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 300 мянган иргэн амьдардаг. Гэтэл өнөөдөр аймгууд хэдэн мянган оршин суугчтай байгаа билээ. Хамгийн дээд тал нь 100 гаруйхан мянган хүн амтай байгаа. Тэгвэл гурван аймгийг нэгтгэсэн хэмжээний дүүрэг байна. Өнөөдөр дүүрэг статусаараа сумтай адилхан байдаг. Сум дүүрэг, аймаг нийслэл гэж явдаг. Гэтэл Багануур дүүрэг зэргэлдээ Мөнгөнморьт сумтай статусаараа ижилхэн. Тэгвэл адил статустай сум, дүүргийн эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзье. Нэгдүгээрт, хүн амын хувьд Багануур 30 мянга, сумдууд дунджаар гурван мянган хүн амтай. Монгол Улсад зургаа мянгаас дээш хүн амтай 6-7 сум бий. Ер нь сумдууд дунджаар 2-3 мянган хүн амтай. Сумтай ижил статустай учраас төсөв санхүүгийн эрх мэдэл нь яг ижилхэн байдаг. Иймээс статусыг өөрчлөх шаардлага байгаа. Бие даасан хотын хэлбэрээр хөгжүүлдэггүй юм гэхэд дүүргүүдийг аймгийн статустай болгож, Засгийн газартай шууд харилцдаг болгож өгөөч гэж байгаа юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2019 онд Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгоно гэсэн шийдвэр гарсан. Энэ тогтоолыг Үндсэн хуульд нийцүүлж ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Үүнтэй хамтатгаж аймгийн төвүүдийг хот болгох асуудал яригдаж байна. Хот дотроо улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй хот гэж ялгаатай байгаа. Улсын зэрэглэлтэй хот ямар байх, орон нутгийнх нь ямар байхыг нарийн зааг ялгааг тодорхой болгож өгөөгүй. Өнөөдрийн байдлаар ганцхан Улаанбаатар л улсын зэрэглэлтэй хот. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Дархан, Эрдэнэт улсын зэрэглэлтэй хот болох нь. Гэхдээ энд нэг асуудал байна. Дархан-Уул аймгийг улсын зэрэглэлтэй хот болгоно гэхээр сумуудыг нь яах юм, татан буулгах юм уу. Учир нь хот дотор сум байж болохгүй. Сумдыг нь татан буулгачихвал газар нутгийг нь яах вэ.

-Тийм. Мөн татан буугдаж байгаа сумын иргэдийн үл хөрөнгийн асуудлыг яах вэ гэдэг асуудал ч гарна…

-Сум өөрийн хүн ам, газар нутагтай. Аймаг нь улсын зэрэглэлтэй хот болчихоор зэргэлдээ байгаа сумыг яах юм бэ гэдэг нь их маргаантай асуудал болно. Мэдээж тухайн сумдыг нь аймгийн төв рүү нүүлгэчихгүй нь тодорхой. Тухайн суманд Засаг захиргааны хуваарь, төрийн байгууллагууд байна. Мөн хүн ам суурчихсан. Энэ сумдыг яах вэ гэдэг асуудал энэ хуулиас үүдэж гарна.

Налайх, Багануур дүүргийг хот болгоход Эрнэдэт, Дархан-Уул шиг дээр дурдсан асуудал үүсэхгүй. Учир нь эдгээр дүүрэг сумгүй, хороотой.

-Үүнийг шийдэх гарц гаргалгаа нь юу вэ. Хуульд юу гэж тусгаж байгаа вэ?

-Орон нутгийн удирд-лагууд, иргэдийн саналыг авна. Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байна, үүнийг хэрхэн харж байна гэдгийг сонсоно. Сумдаа хороо болгох юм уу, эсвэл тосгон болгох юм уу. Дээр хэлсэнчлэн суманд амьдардаг ард иргэдийн эрх ашиг хөндөгдөнө. Үүнийг хэрхэн шийдэх, ямар гарц гаргалгаа оруулж байгааг нь одоогоор би олж хараагүй байна. Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудал нь нэг талаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахтай холбоотой. Эдгээр дүүргийг сумдтай харьцуулахад хүн ам 10 дахин их. Нөгөө талаар дэд бүтэц нь хөгжсөн. Дулааны станц, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний төвүүдээр бүрэн хангагдсан.

-Хуулийн төслөөр аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд томилдог болно гэж байна. Жишээлбэл, Дорнод аймагт эрх баригч намаас өөр нам олонх боллоо. Олонх болсон аймгийн ИТХ өөрийн намын хүнийг Засаг даргаар сонгож Ерөнхий сайдад уламжилна. Гэтэл Ерөнхий сайдад тухайн хүн нь таалагдахгүй бол яах вэ. Ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй шүү дээ?

-Монгол Улс гуравхан сая хүн амтай хирнээ энэ том газар нутагт багтаж шингэхээргүйгээр улстөржиж, талцаж байна. Тиймээс орон нутагт улстөржилтийг багасгая гэсэн санаа. Үүний цаана нутгийн өөрөө удирдах ёс гэж бий. Манайд нутгийн өөрөө удирдах байгууллага үүсээд 20 гаруй жил боллоо. Нөгөө талаар энэ заалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, эрх мэдлийн хэмжээг бууруулж байна гэж харж болно. Сум дүүрэг, аймаг нийслэлд аль ч нам ялсан ИТХ нь хуралдаж дундаасаа Засаг даргаа сонгож дээд шатны Засаг дарга нь батламжилдаг. Үүнийг бууруулж байна гэж харж болно. Энэ заалттай санал нийлэхгүй байгаа. Орон нутгийн сонгуулиар найман аймагт АН яллаа. Ерөнхий сайд нь МАН-аас гарсан. Тэгвэл найман аймгийн Засаг даргыг МАН-аас томилох уу гэдэг асуудал энэ хуулийн өөрчлөлтөөр гарч байна. Уг нь орон нутгийн иргэд АН-ын гишүүнд саналаа өгөөд гаргаад ирсэн байна шүү дээ. Харин сум дүүргийн засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга нь санал болгодог. Суманд аймаг, нийслэлд олонх болсон намаас өөр нам, сөрөг хүчин нь ялчихсан байхад аймаг, нийслэлийн засаг даргад таалагдахгүй бол ямар хүн томилох вэ гэдэг маргаан үүсч байна.

Орон нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдал, тухайн нутгийн иргэдийн сонголтыг нэг талаар бууруулж байгаа хэлбэр. Энд гишүүд хоёр байр суурьтай байна. Нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь дэмжихгүй байгаа юм. Тиймээс хойшлуулсан.

-Энэ хуулиар орон нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргах боломжтой гэж хууль санаачлагчид нь тайлбарласан. Тэр нь ямар заалт вэ, яаж хөгжлийг шинэ шатанд гаргах юм бэ?

-Орон нутагт төсвийн эрх мэдлийг өгч байгаа юм. Тухайлбал, би дүүргийн Засаг даргын албыг хашиж байсан. Хүн амын орлогын албан татвар нийслэлийн төсөвт ордог. Үүнийг дүүргийн орлого болгож, дүүрэгтээ өгч байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын татварыг дүүрэгтээ өгдөг болно. Сум ч ялгаагүй аймагтаа өгдөг байсан. Энэ хуулийн төслөөр дээрх гурван татварыг дүүрэг, сумын төсөвт төвлөрүүлдэг болж байгаа юм. Энэ бол маш том алхам. Төсвийн эрх мэдлийг орон нутагт өгч байгаа юм. Мөн малын хөлийн татварын талаар хэлэлцэж байна. Энэ татварыг орон нутагт нь өгөх талаар ярьж байна. Үүнийг би дэмжиж байгаа. Орон нутагт тодорхой төсвийн эрх мэдэл нь очно.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *