Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэлийн 30 хором

“Манай залууст амжилтанд хэрхэн хүрэх тухай 30 минутанд багтаагаад яриач” хэмээн “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” номын зохиогч, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлээс хүссэн юм. “Өдрийн сонин”-ы өглөөний хурлын дараахан залгуулаад 30 хоромд багтаагаад манай баатар ярьж гарав.

30 хором гэдэг ашигтай зарцуулж чадвал чамлахааргүй цаг хугацаа гэдгийг илтгэгч онцолсон юм. Тэрбээр ажил ихтэй, завгүй өдрүүддээ ч өөртөө зориулж заавал 30 минут гаргаж байхыг зөвлөсөн. Ц.Оюунгэрэл 1988 оноос хойш өөртөө зориулах 30 хормыг яг таг “өмчлөх” болжээ. 30 жилийн дараа энэхүү гучин хормоо тооцож үзэхэд өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулсан цаг нь чамлахааргүй их болох нь мэдрэгдсэн гэнэ.

“Ногоон нүдэн лам” роман Францад хэвлэгдсэнтэй холбогдуулан Францын “Өдрийн сонин” болох арван сая уншигчтай “Фигаро” сониныхон зохиолчдоос нь ярилцлага авахаар болжээ. Сэтгүүлчид хэн нь алдартайг мэдэхийн тулд гүүглдэж үзэхэд Ц.Оюунгэрэлтэй холбоотой олон арван материал гарч ирсэн бол хамтран зохиогч Жеффийн тухай цөөхөн материал олдов. Хэнээс ярилцлага авах нь ийнхүү тодорхой болжээ. “Хэдийдээ ийм алдартай болчихдог байна аа” хэмээн Жефф хошигноход “Нэртэй болохын тулд хөдөлмөр зарцуулдаг юм. Чи өөрийгөө сурталчилахад хэдэн цаг зарцуулсан бэ” хэмээн гэргий нь хариу барьжээ.

Мэдээллийн зуун гэгддэг өнөө үед цагаа үрэхгүйн тулд хэрэгтэй мэдээллээ сортолж авах хэрэгтэй болсон. Харин Ц.Оюунгэрэлийн шалгуур нь хүний эрх. 25-тай, өөрийгөө олоогүй явахдаа ардчилалтай золгосон тэрбээр хүүхдүүдээ хүний эрхийг хамгаалсан нийгэмд үлдээхийг хүсчээ. Амьдрах хугацаа богино, мэдэх юм их. Би үр хүүхэддээ юу үлдээх вэ гэсэн асуултанд хариулахад шалгуур тодроод ирэх вий.

“Миний эмээ, өвөө, ээж аавын эдлэж чадаагүй зүйлийг хүүхдүүддээ үлдээхийг хүссэн” гэсэн л дээ.

Хүний эрхийн шүүлтүүртэй энэ эмэгтэйн гол тодотгол нь хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгийг уншигчид андахгүй.

Малчид ааруулаа хатаагаад тавьчихсан байхыг өмнө нь хараад л өнгөрдөг байжээ. Харин Калифорнид сурч байхдаа эндэхийнхэн виногоо сурталчилахдаа хөрс, шороо, түүнийг исгэхэд оролцдог ашигтай бактериас авахуулаад бүхнийг судалж, сурталчилдаг болохыг анзаарсан байна. Үндэсний брэнд орон нутгийн газарзүйн байрлалтай салшгүй холбоотой. Этиопоос гаралтай кофе гэхээр номер нэгд тооцогддог. Гэтэл тэнд бороо дуслаар бус уур цацчихсан мэт ордог. Энэ нь кофены амтанд нөлөөлдөг байх жишээтэй.

Орон нутгийн онцлогийг сэтгүүлчид маш сайн сурвалжилж бичих тусам брэндийн үнэ цэнэ тодорч байдаг. Бичиж үлдээхгүй бол үнэ цэнгүй болчихно.

Ц.Оюунгэрэл оюуны өмчийн зах зээлийг тэлэх чухал гэж онцоллоо. Үүний тулд энэ мэтээр жалга дов болгоныхоо газар зүйн байрлалыг судалж сурталчилах учиртай гэнэ.

Дэлхийн дулааралд хамгийн түрүүнд биднийг өвчнөөс хамгаалдаг, орон нутгийн онцлогтой амттан, брэнд бүтээгдэхүүн бий болоход оролцдог ашигтай бактериуд, жижиг бичил биетнүүд амьдрах орчингүй болдог. Дараа нь шавьж, шувууд, оготоно зурам гэх мэтээр устаж эхэлдэг байна.

Тийм ч учраас биологийн төрөл зүйлээ баримтжуулна гэдэг цаг хугацаатай уралдсан ажил гэлээ.

Дэлхийд байхгүй замаг манайд байна гэдэг бол амьдрах орчин хэвээр хадгалагдаж байгаа хэрэг. Монголд 25 жилийн өмнөх байсан ялаа шумуул, замгийг судалсан хүмүүс ч байжээ.

Филаделпигийн байгалийн түүхийн музейнхан түүнд “Танай Монголоос 25 жилийн өмнө авсан замаг” гээд үзүүлсэн нь үлгэрийн юм шиг гоёмсог хээтэй харагдсан аж. Харин арван жилийн өмнөх замагны хээ нь өмнөхөөсөө цөөрсөн байх жишээтэй. Тэгэхээр тухайн нутгийн ааруул, айрагны тухай бичихийн тулд түүнийг бий болгоход нөлөөлсөн газар зүйн байрлал, ашигтай бактериуд гээд орон нутгийн онцлогтой бүхнийг судалж бичиж үлдээж байж үндэсний брэнд тодрох учиртай юм байна.

Би улс төрчийн хувьд амжилтанд хүрсэн гэж өөрийгөө хэлж чадахгүй, дөрвөн удаа сонгуульд ороод нэгд нь л ялалт байгуулсан учраас 25 хувийн амжилттай гэж хэлэх болов уу .

12 ном бичээд, тав нь бестселлер болсон. Үүнийг амжилт гэж болох байх. Эдийн засагч хүн учраас зах зээлдээ тохируулж бичдэг гэлээ. Зохиолч эмэгтэй гурван дээд сургуульд суралцаж, эдийн засгийн зэрэг авсан юм.

Зохиолч, сэтгүүлчид уншигчдад зориулж бичдэгээрээ адилхан, орчин үеийн уншигчид ямар онцлогтой вэ гэж түүнээс лавласан юм.

-Анх “Ногоон нүдэн лам”-аа Америкт хуучин хэв маягаар бичээд өгсөн.

Тэгэхэд “Орчин үеийн уншигчид үзэгдэл уншдаг, дүгнэлт битгий хэл. Харангуутаа дурлав гэж битгий бич. Үзүүл. “Харангуутаа хацар нь улайв” гэх ёстой. Битгий дүгнэ” гэсэн. Би өөрийнхөө унших дуртай Ч.Лодойдамба гуайгаа дууриаж бичсэн. Баасан бол сайн хүн гэх жишээтэй. Гэтэл “Энэ хүн сайн уу, муу юу гэдгийг уншигчид дүгнэх эрх чөлөөтэй хүмүүс” гэсэн. Бүхнийг дээрээс нь бурхан хараад байгаа юм шиг бичиж болохгүй. Сэндмаагийн нүдээр бич, дараагийн бүлэгтээ Баасангийн нүдээр хар. Хувь хүний өнцгөөс бич. Дээрээс нь харж битгий бич. Үзэгдэл болгоныг тодорхой өнцгөөс бич гэсэн.

Тэр нь кино зохиол бичих арга байсан. Телевиз үзэж өссөн орчин үеийн хүүхдүүд үзэгдлийг хүлээж авдаг. Үлгэр сонсч өссөн, радио сонсдог байсан бидний үеийнхэн харин өөр уран яруу үг хэллэгт дуртай. Хэдийгээр миний ном өмнөх алдартай зохиолчидтой харьцуулахад уран яруу биш бүдүүн баараг хэллэгтэй юм шиг санагдаж магадгүй ч хүүхдүүд “Таны номыг кино үзэж байгаа юм шиг үзээд дуусгачихлаа” гэдэг юм. Би орчин үеийн уншигчдад зориулж тэдний хүлээж авдаг хэлбэрээр бичихийг хичээдэг.

Хэнд зориулж бичих вэ гэдгээ тодорхойлчихвол ямар хэлбэрээр бичих нь тодорхой болно. Миний зорилтот уншигчид бол залуус.

1996-1997 оны үед “Өдрийн сонин”-д нийтлэл бичээд, бичлэгийн шагналаараа автобусны мөнгөтэй болдог байлаа. Тухайн үед Ц.Элбэгдорж даргын туслах байсан учраас нэрээрээ бичвэл даргын санаа бодол шиг харагдах байсан учраас нууц нэр хэрэглэдэг байсан.

Тэр үед үгүй мөн цэцэрхсэн, дүгнэлттэй бичдэг байжээ гэж одоо боддог. Э.Бат-Үүлийг баривчлагдсны дараа англи хэлээр нийтлэл бичих болсон. Гадаадын сэтгүүлчид их зальжин бичдэг. Хамгийн туйлширсан өгүүлбэрээ бусдаас иш татдаг. Стэнфордод сурч байхад “Мөнгө гэж юу вэ” гэсэн нийтлэл бичихийн тулд зургаан эсрэг тэсрэг өнцгөөс бичигдсэн ном унших даалгавар өгдөг байлаа. Тэднийг бүгдийг уншиж байж нийтлэл бичдэг. Жилийн турш ийм даалгавар хийж байж туйлширахаа больсон. Сэтгүүлчид бол байнга эсрэг тэсрэг байр суурин дунд явдаг учраас голч байр сууринаас хандах мэдрэмжтэй байдаг.

-Найз маань эдийн засгийн сонин гаргах гэж байгаа юм. Та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Зах зээлийн судалгаагаа урьдчилж хийх учиртай. Хүмүүс асуулт асуухаар “Тэнэг юм асуулаа” гээд загначихдаг гэж олны танил нэг эрхэм надад ярьсан. Намайг энд тэнд лекц уншиж байхад хүмүүс асуулт тавьдаг. Асуултнаас зах зээлийн хандлага гарч ирдэг. Энэ зах зээл рүү ийм сэдвээр бичих нь тохиромжтой юм байна гэдгээ тодорхойлоход хүмүүсийн асуулт тусалдаг. Мянган захиалагчтай болохын тулд тэр мянган хүн ямар мэдээлэл авахыг хүсч байгааг эхлээд судлах учиртай гэв.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *