Categories
мэдээ цаг-үе

​Ц.Оюунгэрэл: Үерт автдаг газарт өтгөн, шингэн ялгадсыг тусгай саванд бордоошуулагч жорлон тохиромжтой

“Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Үргэлжлэн орсон борооны улмаас гэр хорооллын жорлон хальж, гудамжаар өтгөн, шингэн нь хөвлөө. Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлж, ариутгал хийх тухай ярьцгааж байна. Ийм байдалд дахин орохоос сэргийлж, жорлонгийн технологио шинэчлэх шаардлагатай биш үү?

-Яг одоогийн нөхцөлд хамгийн түрүүнд ариутгал хэрэгтэй. Үерийн дараа халдварт өвчний аюул гарч ирнэ. Энэ бол гамшгийн дараа хийх ажил. Үер ганц удаагийнх биш. Жилийн жилд болж байгаа. Гэтэл жил бүр авах ёстой арга хэмжээг авахгүй байна л гэсэн үг. Улаанбаатар олон голын сав газар. Голын голдирол руу үерийн ус оруулах боломжтой. Дахин дахин үерт автаад байна гэдэг суваг, шуудуугаа сайн татаагүй байна гэсэн үг. Үерийн далан үүргээ гүйцэтгэхгүй байгаа хэрэг. Энэ бүхэн мөнгөө шаардлагатай зүйлдээ зарцуулж чадахгүй байгааг харуулж байна. Мөнгөө чухал зүйлдээ зарцуулж чадаагүйн төлбөрийг бид төлж байна. Үерт автсан газрууд төвлөрсөн системд холбогдсон байсан ч цооногууд нь дүүрчих байсан. Үер орчихвол бүх технологийг гацаадаг. Манайх далайн түвшнээс дээш өргөгдсөн газар. Үерийн менежментийг хийх бүрэн боломжтой. Далайн эргийн хотуудад тэр их усыг хашаад, зургаан сарын турш ордог борооноос хамгаалж байхад бид зургаа хоногийн борооноос хамгаалж чадахгүй байна. Өнөөдөр засаглалын гамшиг нүүрлээд байна. Халдварт өвчний үүр болоход бэлэн сууж байна.

-Нэг дүүргийн Засаг дарга жиргэсэн байна лээ. Үерийн далан дээр байшин барьчихсан, хогоор дүүрчихсэн гэж халаглажээ. Яагаад бид яг үерт автах үедээ үерийн даландаа санаа тавьдаг юм бэ. Өмнө нь далангаа цэвэрлэж, барилгыг нүүлгэж яагаад болоогүй юм бол?

-Иргэдтэйгээ чухал асуудлаа ярилцахгүй байна. Жорлонгийн, үерийн, галын аюулын талаар ярилцдаггүй. Түргэн тусламж шаардлагатай үед гудамж зам чөлөөтэй байх ёстой шүү гэж ярьдаггүй. Иргэдийг хуурах юм л ярьдаг. Хүүхэд бүрийн сургалтын төлбөрийг даах ёстой, айл болгоныг мөнгөтэй болгоно, нүүрсийг чинь үнэгүй өгнө гэж ярьдаг. Ард түмэнтэйгээ амьдралд нь тулгарсан асуудлаар, алсын хараатай сэдвээр ярьдаггүй. Хэрэв бид иргэдтэйгээ яриад, хотыг төлөвлөхдөө иргэдээ оролцуулсан бол өнөөдрийн олон асуудал шийдэгдэх байсан. Иргэд хотыг төлөвлөхөд оролцдог

байсан бол үерийн даландаа заавал газар гаргана. Иргэдээ оролцуулж хотоо төлөвлөдөг, иргэдийнхээ оролцоотойгоор төсвөө зарцуулдаг, иргэдийнхээ оролцоотойгоор технологийн шинэчлэл хийдэг байж зөв зүйлд хөрөнгө оруулдаг болно. Улс төрчид хууран мэхлэх сэтгэлгээгээр хэтэрхий удаан явлаа. Улстөрчдийг худлаа ярихыг нь болиулмаар байна. Үнэнээ ярьдаг болмоор байна. Намайг “Жорлонгоо өөрчилье” гээд ярихаар яагаад муухай нэртэй ном хийчихсэн юм бэ, яагаад жорлон яриад байгаа юм бэ гэж хүмүүс хэлдэг байсан. Үнэн юмыг үнэнээр нь хэлээд байхаар одоо бол жорлон гэдэг үгээр нь ярьж байж л жорлонгоо өөрчлөх юм байна, бид нар яагаад үнэнээс зугтаадаг юм бол гэх болсон. Байгаа юмыг үнэнээр нь ярьж байж хөгжинө. Сонгуулиас сонгууль хүртэл яаж дараагийн гоё яриаг гаргаж ирэх вэ гээд уран хууралт зохиогоод байвал байгаль биднээс хариугаа аваад л байна. Хүнийг чухал асуудлаас яаж хөндийрүүлэх вэ гэдэгт л ухаан зараад байна. Хоолойд тулчихсан өдөр тутмын чухал асуудал байхад өөр сенсаци гаргаж ирдэг. Боловсролыг үнэгүй болгоно, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгоно гэх мэтээр Монгол Улсын төсөв хэзээ ч даахгүй юм ярьдаг. Ингэж худлаа ярихаа болиод байгаа жаахан мөнгөө зөв зүйлд зарцуулбал Монгол босоод ирнэ.

-Иргэдийн оролцоотой төсөв хийнэ, хот төлөвлөнө гэхээр мэргэжлийн бус хүмүүс чадахгүй, буруу шийдвэр гаргана гэх хандлага байдаг. Гэхдээ “Жорлонгоо өөрчилье” сургалтад оролцож байгаа иргэд жорлонгийн технологи сонгохдоо нутгийн хөрсний онцлог, өөрсдийн төлбөрийн чадвар, бололцоогоо зөв тооцоод сонголт хийж байгаа харагддаг?

-Үерт автаад байгаа Баянзүрх, Чингэлтэй дүүргийнхэн манай сургалтад суусан. 17 төрлийн жорлонгийн технологи танилцуулаад, та нар ямар нутагт, ямар дэд бүтэц, үйлчилгээтэй билээ, цаг агаар хөрсөндөө тохируулаад сонго гэдэг. Үерт автдаг нутгийнхан бид нарт нүхэн жорлон тохирохгүй юм байна. Ус ороод дүүрчих юм байна. Төмөр савтай хуурайшуулагч жорлон тохирох юм байна, газар ухахгүйгээр байрлуулдаг шидэт хайрцагтай жорлон буюу септик танк тохирох юм байна гэсэн. Буруу сонголт ерөөсөө биш. Орон нутгийн иргэд хамгийн зөв, төлбөрийн чадвартаа нийцсэн сонголтыг хийдэг. Төр иргэдээс асуухгүйгээр мөнгө цутгасан сонголт хийдэг. Үер ус ордог газруудад эхний ээлжинд үерийн далан хэрэгтэй. Үерийн далан эрсдэлд орж магадгүй гэсэн нөхцөлд жорлонгоо зөв сонгох хэрэгтэй.

Мөнгөө буруу үрэхгүйн тулд иргэд зөв шийдвэр гаргадаг. “За би нэг сая 500 мянган төгрөгт багтаагаад жорлонгоо өөрчилье дөө” гэвэл санхүүжилт хэрэгтэй. Бид тэр санхүүжилтийг олох гээд ажилласан. Капитрон банк эхний санхүүжилтийг гаргасан юм. Бид дээр нь нэмж зээлийн санхүүжилт босгохоор jorlon.org гээд вэб сайт нээж ажиллуулж байна.

-“Жорлонгоо өөрчилье” сургалтын үеэр анзаарч байхад иргэд ийм жорлонтой болно гээд сонголт хийчихээр санхүүжилт байхгүй, жорлонд зээл олгодог газар байхгүй гэсэн асуудал яригддаг л даа. Капитроноос өөр банк жорлонгийн зээл олгох сонирхол илэрхийлсэн үү?

-Одоогоор “Капитрон” банк зээл олгохоор ажлаа эхэлсэн. Манай асуудлыг сонирхоод харилцан бие биеэ судлаад явж байгаа газрууд бий. Капитрон дээр байгаа эко жорлонгийн зээлийн санг нэмэгдүүлэхийн тулд Нутгийн шийдэл ТББ бас хөрөнгө босгох компанит ажил хийж байна. Энэ ажлаа олон улсад нээлттэй эхлүүлсэн. Вэб сайтаа нээгээд 24 цагийн дотор эхний захиа авсан. “Банк руу явж гадаад руу мөнгө шилжүүлэх хэцүү байдаг юм. Та нар онлайнаар мөнгөө авдаг болооч” гэсэн байна лээ. Гэтэл Монгол Улс гадаадын хандивлагч иргэдээс онлайн банкаар дамжуулаад pay pal болон бусад онлайн платформ ашиглаад мөнгө авч чаддаггүй юм байна. Яагаад гэхээр биднийг улсаараа санхүүгийн хариуцлагагүй гэж үздэг. Цахим мөнгөний нууцлалыг хадгалах чадваргүй гэсэн саарал жагсаалтад байдаг юм байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс банкны нууцлалыг хадгалах чадваргүй байгаа учраас онлайн үйлчилгээгээр Монгол руу мөнгө оруулахгүй гэсэн хаалт байна. Манайх руу банкаар мөнгө шилжүүлээч гэж гуйхаар орчин үеийн гадаадын хандивлагч иргэд онлайнаар л хандивлана. Тийм учраас та бүхэн онлайн хандив авдаг гадаадын түнштэй болох хэрэгтэй байна гэж зөвлөсөн. Одоо бид Монголын жорлонг өөрчлөхийн тулд бидэнтэй нийлж хөрөнгө босгож өгөх гадаадын түншлэгч хайж эхэлсэн.

-Жорлонгоо өөрчлөхөд зориулж, олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг авах боломж хэр байдаг вэ?

-Засгийн газар жорлон барина гээд Азийн хөгжлийн банкнаас 2 сая доллар билүү авчихсан явж байгаа шүү дээ. Түүгээрээ ямар жорлон бариад байгааг мэдэхгүй. Хөвсгөлд АХБ-наас авсан мөнгөөр барьсан жорлонгууд бүгд цоожтой байна гээд энэ зунжингаа шүүмжлүүлж байгаа. Хүмүүс намайг бариулсан гэж бодоод, над руу дайраад байдаг юм.

Хэн бариад, хэн түгжээд орхичихсон юм гээд судлаад үзсэн чинь АХБ-ны мөнгөөр төр барьсан юм билээ. Нэг бүр нь зургаан сая төгрөгийн үнэтэй жорлон бариад, яаж хэрэглэх, арчлах, ямар менежмент хийх талаар иргэддээ сурталчлаагүй орхисон. Энэ зунжингаа би жуулчдад яриа хийж байгаа. Ганцхан жуулчдын групп тэр жорлонг ашигласан байна лээ. Ихэнх нь цоожтой байсан гэж хариулсан бол нэг л группийнхэн “Хөвсгөлийн жорлонг ашигласан. Гоё жорлон байна лээ” гэсэн. Үнэтэй аялал хийж байгаа жуулчдад хааяа нэг онгойлгож өгдөг юм болов уу. Энэ жорлонгийн шинэчлэлт биш л дээ.

Жорлонгийн технологийг хүмүүст танилцуулж, жорлонгоо өөрчлөхөд бүгдээрээ оролцох ёстойг ойлгуулахаар төсөл хэрэгжүүлсэн. Энэ төсөл маань богино хугацаанд хүмүүсийн анхаарлыг татлаа. Хойтон энэ сэдвээрээ дахиад төсөл хөөцөлдье гэж бодож байна. Нийтийн жорлонгийн менежментэд анхаарахаар төлөвлөж байна. Айлууд сайн жорлон бариад, хашаан дотроо арчлаад байж чадна. Нийтийн жорлон гэхээр менежмент нь ч алга, жорлон нь ч алга, цэвэрлэгээ, үйлчилгээ нь ч алга.

Жорлонгоо өөрчилье гэвэл ямар элементүүд зайлшгүй өөрчлөгдөх ёстойг бид https://www.jorlon.org/ дээр тайлбарласан. Энэ бол жорлонгоо өөрчлөх, хөрөнгө босгоход зориулсан нээлттэй вэб сайт.

-Танай багийнхан Улаанбаатараас гадна бүх аймагт “Жорлонгоо өөрчилье” сургалт хийсэн. Энэ бүхний дараа шаардлага хангасан жорлонтой болсон айл хэр олон бол?

-“Жорлонгоо өөрчилье” гэж фэйсбүүк групп бий. Одоо 7000 гишүүнтэй болсон. Энд жорлонгоо өөрчилсөн хүмүүс мэдээллээ оруулдаг юм. Хөвсгөлийн Мөрөнд хийгдсэн жорлон хамгийн их шэйрлэгдсэн. Наадмын үеэр “FIMO green”-ий тусгай саванд бордоошуулагч эко жорлон хамгийн олон хүнд таалагдсан. Хүмүүсийн хийсэн жорлонгийн талаар гишүүд саналаа бичдэг. Бид есдүгээр сард уралдаан зарлана. Аравдугаар сар гэхэд манай “Нутгийн шийдэл” ТББ-д олон жорлонгийн тайлан ирэх байх. Олон байгууллага, иргэд биднийг хийж байгаа бүтээлтэйгээ ирж танилцахыг урьдаг. Өтгөн, лагийг шатаах машин бүтээж байгаа инженер биднийг урьсан.

Үертэй газарт “FIMO green”-ий өтгөн, шингэн ялгадсыг тусгай саванд ялгаж хураан авдаг бордоошуулагч жорлон тохиромжтой юм билээ. Жондоо гээд компанийнхан Орост хийдэг жорлонг Монголд үйлдвэрлэж байгаа. Ультрасоник компанийнхан бас хийж байгаа ажлаа танилцуулсан. Бактери үржүүлдэг септик танк хийсэн юм билээ. Атморийнхон бүтээгдэхүүнээ жорлонгоо сайжруулах шаардлагад нийцүүлж, септик танкныхаа үнийг хямдруулсан байна. Гэхдээ шинээр зохион бүтээж байгаа зүйлсийг тэр бүр хүмүүс худалдан авч чадахгүй. Иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлж, өнөөдрийн шийдлийг бас санал болгож байгаа. Хүмүүс арван жилийн дараа мөнгөтэй болохоороо жорлонгоо өөрчилнө гэвэл их хохирол амсана. Өнөөдөр тохирох энгийн технологиудыг сурталчилж байгаа. Зөвхөн жорлонгийн тавцан үйлдвэрлэж байгаа компани ч байна. “Био ундарга” компани амьд бактери үйлдвэрлээд, айлуудын жорлонг ариутгаж байна. Улаанбаатар ариутгал компанийнхан хямд үнээр үйлчилгээ үзүүлдэг. Хүмүүс жорлонгоо өөрчлөх гээд тал талд сэтгэж байна.

-Жорлонгоо өөрчлөхөд төрөөс ямар дэмжлэг үзүүлж чадах вэ, жорлонгийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх боломж байдаг уу?

-Дэлхийгээр дүүрэн жорлонгийн хувьсгал өрнөж байна. Жорлонгийн суултуурууд, бордоошуулагч танкууд, энд тэндгүй бүтээгдэж байна. Түүнийг бид шинээр бүтээж, стандартжуулах гээд хугацаа алдаж байхаар олон хүний асуудлыг шийдье гэвэл наад зах нь энэ төрлийн гаалийн татварыг байхгүй болгочих. Бүх өрхийг дэд бүтцэд холбох мөнгө байхгүй. Эхний ээлжинд газар ухахгүйгээр байрлуулж болох маш сайн ажиллагаатай хуурай жорлонгууд аваад ир. Энэ технологийн хуурай жорлонгийн гаалийн татварыг тэглэлээ гэхэд Баянзүрх, Баян-Өлгийн бүх айл ус ордоггүй, сайжруулсан жорлонтой болно. Энэ олон төрлийн жорлонг Монголд нутагшуулаад, иргэдийнхээ хэрэгцээнд таарсан жорлонгоор хангая гэвэл нэгдсэн бодлого шаардлагатай. Ерөнхий сайдын удирдлага зайлшгүй хэрэгтэй. Одоо манай хуулиудад өрөвдөлтэй заалтууд бий. Эмнэлгийн жорлонгийн стандартыг ЭМЯ гаргана. Боловсролын байгууллагын жорлонгийн стандартыг Боловсролын яам гаргана. Аялал жуулчлалын байгууллагуудын жорлонгийн стандартыг Байгаль орчны яам гаргана гэдэг. Ийм байдлаар яаж жорлонгоо өөрчилж дуусах вэ. Айлуудынхаа жорлонг яах юм. Малчдаа яах юм, эзэн байхгүй. Энэ нь нэгтгэж зангидсан ариун цэврийн бодлого байхгүйтэй холбоотой. Улаанбаатарт ирээдүйд учирч болох аюулыг Өмнөд Африкийн Cape Town гэдэг хотоос харж байх учиртай. Энэ хот Улаанбаатартай маш төстэй. Өндөрлөг газарт байрладаг, гүний усаар ундаалдаг. Нуур цөөрөм байхгүй. Cape Town энэ жил усгүй болоод, бүх иргэдээ жорлондоо ус татахыг хориглосон. Усаа картаар олгодог болсон. Бүгд хуурай жорлонд шилжиж байна. Яаж хотоо хурдхан хуурай жорлонгоор хангах асуудал яригдаж байна. Тэгэхэд манайх адилхан усны нөөц нь багасч байгаа ч бүх айлыг орон сууцанд оруулж, ус татдаг жорлонтой болгох бодлого төр нь барьдаг. Өнөөдөр яаж хуурай жорлонд шилжих тухай яривал дээрх хотынхон шиг байдалд орох аюулаас аврагдах юм. Европ даяараа хуурай жорлонд шилжиж байна. Би дэлхийн хуурай жорлонгийн их хуралд явах гэж байгаа. Сарын дараа Финляндад илтгэл тавих юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *