Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэл: Соёлын яам тараасай гэсэн хүмүүс хулгайч нар л байгаа



Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэдгээ Ерөнхий сайд зарласан. Энэ тухай Засгийн хурал дээр яригдаж байх юм уу?

-Ерөнхий сайд өөрөө мэдээд яамдын бүтцэд өөрчлөлт оруулах байх. тиймээс засгийн газрын хурал дээр энэ талаар ярихгүй биз.

Таны толгойлдог яамыг задална гэсэн мэдээлэл байна. Ц.Оюунгэрэл ССАЖын сайд болоод Америкаас үлэг гүрвэлийн яс авчирснаас өөр дорвитой ажил хийсэнгүй гэх юм. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-ссаЖ-ын яамгүй байхад соёлын өмчийг бүх талаар нь дээрэмдэж байсан. газрыг нь, барилга байшинг нь, соёлын өвийг нь, батааруудыг гадагшаа, дотогшоо хулгайлдаг байсан шүү дээ. Өөрийн болон төрийн, гадаадын гээд урт гартнууд нийлээд соёлын өвийг хулгайлдаг байв. Харин соёлын яамтай болсноос хойш батаараас өгсүүлээд 400 гаруй соёлын өвийг эх орондоо буцааж авчирсан. соёлын яам тараасай гэсэн хүмүүс хулгайч нар л байгаа. Лениний музейн хамсаатангууд, газрын дээрэмчид ингэж хүсч, бичиж байгаа байх. Манай яам ирэх долоо хоногт юу хийснээ тайлагнана. урьд нь ссаЖ-ын яамгүй байхад ямар байв, одоо ямар байгаагийн ялгааг хүмүүс ойлгоно байх аа.

Засаг хөдлөх сургаар яамд гэнэтхэн ажил хийдэг болж харагдаж эхэллээ. Тухайлбал, танай яамтай холбоотойгоор Лениний музейн асуудал хөндөгдлөө. ССАЖЯ бүтцээ авч үлдэхийн тулд нэг сая ам.долларын барьцаанд орчихсон байсан энэ байшинг чөлөөлөхөөр хичээж байна гэдэгтэй уялдаж харагдаад байна л даа?

-тийм зүйл огт байхгүй. Манай яам хоёр жилийн өмнөөс төрийн өмч болох Лениний музейн барилгыг төрд нь буцааж өгч албажуулахаар хүсэлтээ гаргасан. Шүүх хурал бараг жил шахам хугацаанд үргэлжилсэн. Барилгаа ч ном ёсоороо хүлээж авсан. гэтэл барилга маань, усгүй, бохирын хоолойгүй, халаалтгүй, гэрэл чийдэнгүй, тас харанхуй байв. Дээрээс нь үерт автаж, дотроо битүү нурчихсан байсан. Ингээд бид засварын төсөв хөрөнгийг нь гарган, юун түрүүнд халаалттай болж, ус, дулаан, ариун цэврийн өрөөтэй болох үүргийг хүмүүстээ өгсөн. гэтэл цахилгаан дулаан холбодог байгууллагууд манай хүмүүсийн өөдөөс “Үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг авчир, танай энэ барилга чинь бүртгэл нь солигдоогүй байна” гээд гэрээ хийгдэх боломжгүй болчихсон. тэгээд бид энэ барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хөөцөлдлөө. гэтэл бидний хүсэлтийг хүлээж авч, төрийн өмчид бүртгэж өгдөггүй. Үүнээс болж энэ ажил нэлээд удсан.

Яагаад бүртгэж өгөхгүй байсан юм бэ?

-Асуудлыг нь судлуулсан. тэгтэл улсын бүртгэлийн газрынхан “энэ асуудлыг шийдэж чадахгүй байна, уг барилгатай холбоотой гэрээ олдлоо” гэсэн. Ингээд Ма н г.алтангаас нэг сая ам.доллар зээлсэн гэрээ гарч ирэх нь тэр. Ер нь бол үйл явдал дэс дарааллынхаа дагуу явж байна л даа.

Олон шатны шүүх хурлын шийдвэрээр Лениний музейн барилгыг төр мэдэлдээ авахаар болсон хэрнээ албан ёсоор бүртгээгүй байсан хэрэг үү. Тэгээд хэзээ улсын бүртгэлд авах юм бэ?

-Шүүхийн шийдвэрээр Лениний музейг төрийн өмчид бүртгээд авчихсан. Харин Өмчийн бүртгэлийн газар бичиг цаасан дээрх ардын намын бүртгэлийг хүчингүй болгох ёстой. энэ удаад бидэнд бүртгэлийг нь өгөхгүй удаад байхаар нь уг мухраар нь судалтал мөнгө цаастай холбоотой гэрээ гараад ирсэн хэрэг.

надад бүртгэлийн ерөнхий газрын даргаас захидал ирсэн. “Шүүхийн шийдвэрийн дагуу Лениний музейн барилгыг төрийн өмчид бүртгэхээр боллоо” гэсэн байна лээ. энэ байшинг улсын бүртгэлд авахдаа Үлэг гүрвэлийн музей гэдэг нэрээр нь тушаал шийдвэрээ гаргалаа гэсэн. Бүртгэх үүрэг нь Чингэлтэй дүүргийн бүртгэлийн албан дээр байгаа. тэгэхээр бид хэдхэн хоногийн дараа энэ бүртгэлээ авна гэсэн хүлээлттэй байгаа.

МАН Г.Алтангаас мөнгө зээлсэн гэрээнд Лениний музейн барилгын доорх газрыг барьцаалсан байсан гэл үү. Энэ асуудлыг яаж шийдэх гэж байна вэ?

-Барилгын газрын бүртгэлийн асуудал бас маргаан дагуулсан. газар бол төрийн өмч. Хувьчлагдаагүй, өмчлөгдөөгүй ямар ч газрыг барьцаалах ёсгүй. тиймээс бид газрын албанд хүсэлт гаргаж, “Барьцаалах ёсгүй өмчийг барьцаалсан байна. тиймээс бид газрынхаа эрхийг авъя. төрийн өмчийнхөө барилгын газрыг төрдөө буцааж бүртгүүлье” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд нийслэлийн газрын албанаас өчигдөрхөн Үлэг гүрвэлийн музейн доорх газарт гэрчилгээг нь олгосон байгаа. гэхдээ бидний хүссэн хэмжээгээр газрыг олгоогүй.

Яагаад тэр вэ?

-Лениний музейн газрыг хоёр хуваагаад бүртгэсэн байсан юм билээ. Яг байшингийн доорх газрыг бидний мэдэлд бүртгэчихсэн байгаа. Харин Лениний музейн хашаан доторх орон зайг “зүүний хүчний холбоо” гэдэг байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан. Яамны зүгээс энэ холбооны эзэмшилд байгаа газрыг хүчингүй болгож өгөхийг хүссэн. Лениний музей анх байгуулагдах тэр цагт олгогдсон газар тэр хэмжээгээрээ байх ёстой. тийм учраас бид “Шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсон газраа бүрэн хэмжээгээр нь авмаар байна, “зүүний хүчний холбоо”-нд бүртгэсэн газраа хүчингүй болгож өгнө үү” гэж хүссэн. Энэ бол Нийслэлийн газрын албаныхны хийх ажил. тодруулбал, Лениний музейн барилгын доорх газрын гэрчилгээг авсан. Одоо байшингийн гэрчилгээг авахаар хүлээж байна. удахгүй хашаан доторх газраа авах ажил үргэлжилж байгаа.

Тэгвэл энэ гэрээ тэр олон шатны шүүх хурлын үеэр ил болоогүй нь ямар учиртай юм бэ?

-Шүүх дээр хэн ч үүнийг тавиагүй. Шүүх хурлын явцад Ардын намын тавьсан мэдээллүүд өөр байсан байх. Хүнээс мөнгө зээлсэн бол зээлсэн тал нь өрөө төлөх ёстой. Барьцаанд тавьсан Лениний музей төрийн өмч гэдэг нь тогтоогдчихсон бол тэр хүн бусад өмчөөр ч хамаагүй өрөө төлөх учиртай юм. ардын намд тусгаар тогтнолын ордноос өгсүүлээд өчнөөн өмч хөрөнгө байна. аймаг, дүүрэг, сум болгонд ардын намын өмч бүхий хэдэн давхар байшин, ордон бий.

Г.Алтан заавал барьцаанд авсан байшингаа авна гээд зүтгэчихвэл яах вэ?

-Иймдээ тулбал гарц зөндөө л дөө. Ардын намын батлан даагч төр биш шүү дээ. Тиймээс МАН-ын өрийг төр өмнөөс нь төлөхгүй. Ардын нам зээлээ авсан бол тэд л төлөх ёстой. Яг үнэндээ тэдний зээл авч, өгөлцсөн тухай, тэр банкны ийм кассаар тэдэн төгрөг төллөө гэсэн асуудал манайд болон шүүх дээр ч ирээгүй. Тэгэхээр энэ бол зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын л асуудал. Хэдийгээр МАН “Алтжин” группийн хоорондох гэрээ одоо ил боллоо ч асуудлыг Иргэний хуулиар шийдэх юм.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, төрийн өмчийг өөр нэр дээр бүртгэх зүйл хавтгайрчихсан юм байна. Энэ бол ганц Лениний музейн хашааг “Зүүний хүчний холбоо”-нд өгсөн асуудал биш. Улсын болон нийслэлийн бүртгэлд байдаг газрынхаа бүртгэлийг бид сонсч мэдье гэж бодож байна. Яагаад гэвэл тэр обьектуудыг хамгаалан эзэмшигч гэсэн нэрийн дор үгүй хийж байна. Тэр хүн газрыг болон барилгыг өөрийнхөө нэр дээр бүртгүүлэх ажлыг хийдэг юм байна. Дараа нь тэр түүхэн дурсгалт газрыг зориуд сэхээхгүйгээр байлгаж байгаад “Хотын өнгө үзэмжийг муухай болгоод байна” гэсэн нэрийн дор акталж, нураалгадаг байгаа юм. Үүнийхээ дараа олон давхар байшингуудаа барьдаг. Ийм хандлага байна.

Энд та ямар барилгуудыг дурдах вэ?

-Яг Лениний музейн ард талд Ардын нам үүсгэн байгуулагдсан гэгддэг хуучин дүнзэн байшин байсан даа. Тэр бол орос худалдаачны орон гэр байсан. Анхны долоо тэднийд цугларч уулзаж байсан гэдэг утгаараа түүхэн байшин байдаг байв. Тиймээс улсын бүртгэлд орчихсон байсан байшин. Гэтэл үүнийг хамгаална гэж гэрээ байгуулсан компани нь нураасан байгаа юм. Нийслэлийн урд өмнөх засаг захиргааныхны шийдвэрээр ингэж устгасан өмч олон бий.

Одоо танай яам ямар барилгыг буцааж авахаар тэмцэж байна вэ?

-Хэд хэдэн барилга дээр ажлын хэсэг гаргаад ерөөсөө хамгаалж чадахгүй байгаа. Иймд тэдгээрийн заримыг төрийн өмчид авч, нэг хэсгийг нь музей болгоё гэсэн олон барилгын араас хөөцөлдөж байна. Үүн дотор Нийслэлийн Соёлын газрын дарга байсан Пүрэвхүү гэдэг хүн өөрөө энэ албан тушаалд байхдаа өөрийнхөө төрийн бус байгууллагын нэр дээр Богд хаантай холбоотой түүхэн барилгыг хамгаалах нэрийдлээр гэрээ хийж авсан байдаг. Одоо тэр барилгуудын эргэн тойрондох газрууд жижгэрч, байшин нь улам нурсан. Хэрвээ Соёлын яам гэж байгаагүй бол өдийд яг Лениний музейн арын барилга шиг болоход бэлэн байж л дээ. Гэхдээ бид тийм байдалд оруулахгүйн тулд хоёр жил тэмцэж байна. Одоо бид Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргаж байгаа. “Нийслэлийн өмчөөс төрийн өмчид оруулаад өг, бид төрийн хөрөнгө оруулалтаар хамгаалъя” гэж байгаа юм. Удахгүй НӨХГ, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн газрын алба хамтраад дээрх асуудлаар тайлан тавихыг хүсч, тэднийг урина. Энэ тайлангаар нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа соёлын өвийн дурсгалууд яаж хамгаалагдаж байна, газар болоод барилга нь хэний нэр дээр байна, бүртгэл нь яаж явагдсан, гэрээ нь хэрхэн хийгдсэн талаарх мэдээллийг авна. Ингэснээр төрийн өмчийг хамгаална гэсэн гэрээтэй нөхдүүд уг барилгыг хэр зэрэг авч явааг нь мэдэх боломжтой юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *