Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Оюунгэрэл: Нам дотроосоо миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Ерөнхийлөгч Х.Баттулга

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн УИХын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Та Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө шинэ оны эхэнд гэнэт мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Яагаад нэр дэвших гэж байгаагаа бусдаас түрүүлж ийнхүү зарлахаар шийдсэн бэ?

-Сонгуулийн жил эхэлж байна. Манай улсад сонгуулийн жил эхлэхэд хэн хэн нэрээ дэвшүүлэх бол, ямар хүмүүс Ерөнхийлөгчид өрсөлдөх үү гэдэг хүлээлт нийгэмд үүсдэг болоосой гэдэг үүднээс шинэ оны эхэнд өөрийнхөө мэдэгдлийг гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгууль нь болж байгаа бусад ардчилсан орнуудын жишгийг харахад сонгууль болохоос нэг, хоёр жилийн өмнө нэр дэвшигчид нэрээ зарлаад эхэлдэг. Нэр дэвшигчид нь нэрээ аль эрт зарлаад сонгууль хүртэл олон нийтийн дунд шүүгдэж байгаад өрсөлддөг жишиг байдаг. Манайд ядаж сонгууль болохоос хоёр, гурван сарын өмнө нэрээ зарлаж, өрсөлддөг ийм улс төрийн соёл гарч ирээсэй гэж бодсон. Сонгуульд нэр дэвшигчид эрт тодорхой болоод эхэлбэл хөшигний ард болдог хуйвалдааны улс төр багасч, нээлттэй хэлэлцдэг улс төр нэмэгдэж, улс төрийн соёл өөрчлөгдөх байх гэж бодоод эрт зарлалаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшиж өрсөлдөх шийдвэрийг та хэзээ гаргасан бэ?

-Удаан бодож төлөвлөсөнгүй. Яг үнэндээ сарын өмнө шийдлээ.

-Ер нь энэ таны өөрийн шийдвэр байсан уу, таныг дэмжиж байгаа улстөрч бий юү?

-Цэвэр миний өөрийн шийдвэр. Эмэгтэй улстөрч өмнө нь Ерөнхийлөгчид яригдаж байгаагүй. Хэн ч өмнө нь эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр яриа хэлэлцээртээ оруулж байсангүй. Эмэгтэйчүүд ч өөрсдөө би Ерөнхийлөгч болъё, намайг дэвшүүлээч гэж лобби хийж байгаагүй байх. Эмэгтэй хүн Ерөнхийлөгчид өрсөлдөхөө зарлаж байгаа нь өөрөө шинэ нөхцөл байдал бий болгоно. Энэ шинэ нөхцөл байдлыг би зөвөөр ашиглая гэж бодсон. Нэгдүгээрт, хэн ч надаас Ерөнхийлөгчид нэр дэвших үү гэж асуухгүй нь үнэн. Би өөрөө ч намайг Ерөнхийлөгчид дэвшүүлээч гэж хөшигний ард лобби хийж, улс төр хийж явахгүй, сураагүй нь үнэн. Шинэ Үндсэн хууль хэрэгжиж байгаа нь үнэн. Шинэ жил ч гарлаа. Тэгэхээр манай улсын хувьд олон шинэ зүйл давхцаж байгаа энэ үед би шинэ улс төрийн соёлыг давхар нэвтрүүлье. Ер нь эмэгтэйчүүдийн хувьд одоогийн нөхцөлөөс “шилэн тааз”-ыг нэвтэлье гэвэл хоёр арга байна гэж харж байна. Тухайлбал, улс төрийн лобби, тохироо хийдэг цөөхөн хэдэн хүний бүлэг дотор орж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх үү, эсвэл олон нийтэд өөрийгөө зарлаж хүлээн зөвшөөрүүлэх үү гэдэг хоёр зам байсан. Миний хувьд хоёр дахь замыг нь сонгосон.

-Таныг нэр дэвшихээ зарласнаас хойш маш олон хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байна. Нийгэм таныг хэрхэн хүлээж авч байна гэж харж байна вэ?

-Нийтээрээ эерэг хүлээж авлаа. Ингэж хүлээж авна гэж төсөөлөөгүй. Нөгөө хаширсан хүн гэдэг шиг, миний хувьд сөрөг зүйл нь давамгайлах болов уу гэж айж байсан. Гэтэл маш эерэг хүлээж авч байгаа нь үнэхээр гайхалтай байна.

-Мэдээж сонгуульд өрсөлдөхөд танд тодорхой зорилго байгаа байх?

-Ардчилал, хүний эрх бол АН-ын хамгаалж, тэтгэж явдаг, цаашид хөгжүүлэн, өвлүүлэн үлдээх шаардлагатай хамгийн чухал зүйл. Үндэснийхээ болон Ардчилсан намынхаа энэхүү том үнэт зүйлийг үргэлжлүүлэхэд би хувь нэмрээ оруулах юм. Гэхдээ яг одоогоор Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мөрийн хөтөлбөр ярих хуулийн хугацаа болоогүй байна.

Миний хувьд одоогоор нэр дэвшээгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроо зорилгоо тэгж л тодорхойлж байна. Ардчилсан намынхандаа хандаж яагаад энэ үйлдлийг хийснээ тайлбарлахад “Манай намын амин сүнс болсон ардчилал, хүний эрх, үнэт зүйлсээ бид сонголт бий болгох замаар хамгаалцгаая. Тэр сонголтын нэг нь би болж нэрээ дэвшүүлж оролцохоор ийнхүү түрүүлж мэдэгдэл хийлээ.

АН-ын эмэгтэй гишүүн нам дотроо өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлье гэж хүссэн нь манай нам дотор шинэ соёл, шинэ сонголт авчрах байх. Цаашид бусад нэр дэвшигчид горилогчдыг хуйвалдааны аргаар биш нэрээ ил тод зарлаж, үүнийг нь хүлээж авч сурахад цоо шинэ алхам, боломж бий болно гэж бодож байна.

-Ардчилсан намын шинэчилсэн дүрэмд Ерөнхийлөгч Х.Баттулгыг өрсөлдөгчгүйгээр сонгуульд нэр дэвшүүлэх заалтыг нууцаар нэмж шүүхээр батлуулах гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Энэ асуудал юу болох бол?

-Дүрмийг нь Дээд шүүх бүртгээгүй байна. Ардчилсан намын их хурал дээр гишүүд хэлэлцээд 40-өөд асуудал дээр санал хураалт явуулж баталсан. Бидний баталсан дүрэм Дээд шүүх дээр бүртгэгдэж байна уу гэдэг дээр одоогоор хариу алга байна. Тэгэхээр дүрмийн асуудлыг Дээд шүүхэд бүртгэгдсэний дараа ярих нь зөв байх. Намын Их хурал дээр хэлэлцүүлээгүй нэг заалт сошиал дээр яваад байсан. Миний хувьд Дээд шүүхэд өгсөн дүрмийн нооргийг хараагүй. Бидэнд дүрмийн ноорог нь ирээгүй. Тэгэхээр сошиал дээр яваад байсан заалтыг харахад хурлаар хэлэлцээгүй заалт байсан. Хэлэлцсэн байвал батлагдах магадлалгүй заалт явж байна лээ. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших юм бол өрсөлдөгчгүй оролцоно гэдэг дүрмийг баталж болохгүй. Ардчилсан намын гол үнэт зүйл бол сонголт. Сонголтыг байхгүй болгосон дүрмийг манай нам батлах нь Ардчилсан намын үнэт зүйлд тохирохгүй. Мөн нөгөө талаасаа шинэ Үндсэн хуулинд Ерөнхийлөгчийг нэг удаа сонгоно гэдэг үг тодорхой орсон байхад дахин гэдэг үг аль ч намын дүрэмд байх ёсгүй. Тэгэхээр энэ хоёр үндэслэлээр АН-ын дүрэмд батлагдах магадлалгүй заалт сошиал дээр явж байсан. Өөрөөр хэлбэл, энэ бол буруу заалт. Хэрэгжих боломжгүй гэж бодож байна.

-Ардчилсан намын УИХ дахь бүлгийн гишүүдийн ихэнх нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай өрсөлдөх өрсөлдөгч манай намд байхгүй гэж ярьцгааж байсан. Таны хувьд намаасаа хэр дэмжлэг авч чадна гэж бодож байна вэ?

-Дэмжлэг авахын төлөө нэрээ дэвшүүлж байна. Нам дотроо хангалттай хэмжээний өрсөлдөх чадвартай гэж үзээд Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроосоо өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Намын гишүүд намайг яаж хүлээж авах нь өөр хэрэг. Хүн өөрөө өөртөө итгэлтэй болох, тэр хүнд хүмүүс итгэх хоёр тэс өөр зүйл. Миний нэрээ дэвшүүлсэн асуудал нам дээр шалгагдах байх. Дахин хэлэхэд, энэ удаагийн сонгууль шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсаны дараа болж байгаа. Тэр утгаараа аливаа өрсөлдөгч нар бүгд гарааны тэгш нөхцөлд байгаа. Хэн ч өрсөлдсөн хэн нэгэн давуу эрх эдлэх ёсгүй, бүгд гарааны тэгш нөхцөлтэй оролцоно гэж бодож байна.

-Та Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр ажиллаж байсан. Одоо харин нам дотроо өрсөлдөх гэж байна. Ер нь таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?

-Нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөд мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулга номер нэг өрсөлдөгч. Ийм том хүнийг би ялж чадвал нэр дэвшигч гэдэг нэр зүүнэ. Ялж чадахгүй бол горилогч байсан юм аа гээд үлдэнэ. Тэгэхээр нэгэн үе хамтран ажиллаж байсан хүмүүс, дараагийн сонгуульд өрсөлдөгч байх нь ардчилсан улсад байх ёстой энгийн асуудал. Ерөнхиилөгч асан Ц.Элбэгдорж, манай лидер улстөрч Э.Бат-Үүл хоёр бүх тэмцэлд хамтран оролцож байгаад намын даргад хоёулаа нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн хоёулаа нэг нэгэнтэйгээ өрсөлдөж байлаа. Хэн нь ч ялсан нэгнээ дэмжээд гар бариад ялалт, ялагдлаа хүлээн зөвшөөрч ирсэн. Миний хувьд, хүн чанартай, ардчилалд хүндэтгэлтэй өрсөлдөөнийг явуулна гэж бодож байна. Гэхдээ өмнө нь хамтарч ажиллаж байсан гээд өрсөлдөөн байх ёсгүй мэт төсөөлж болохгүй. Энэ бол Ардчиллын нөхцөлд хамгийн байж болох өрсөлдөөн.

-Ардчилсан Ерөнхийлөгч Х.Баттулга ардчиллын эсрэг ажиллаж байна, дарангуйллыг бий болгож байна гэдэг шүүмжлэл хүчтэй явж ирлээ. Таны хувьд энэ шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Би өөрөө нэг шүүмжлэгчдийнх нь нэг. Х.Баттулга Ерөнхийлөгчийг сонгуульд өрсөлдөх үед би өөрийн биеэр орон даяар цуг явж, дэмжиж гаргаж ирсэн хүн. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан хүний эрхэд харшилсан зарим шийдвэр дээр хүмүүс намайг буруутгадаг. Чиний дэмжиж гаргаж ирсэн Ерөнхийлөгч чинь хүний эрхээс ухарч байна, ийм буруу шийдвэр гаргаж байна гэж өнгөрсөн дөрвөн жил намайг загнасан. Тэгэхээр одоо хүний өмнөөс загнуулах уу, өөрийнхөө өмнөөс загнуулах уу гэдэг асуудал хүнд тулгардаг юм байна. Миний хувьд, Ерөнхиийлөгчийн зарим шийдвэртэй санаа нийлэхгүй зүйлүүд байгаа учраас сайн ч бол муу ч бол хүн өөрийнхөө өмнөөс загнуулсан нь дээр юм байна гэж бодоод өөрийнхөө дэмжиж байсан Ерөнхийлөгчтэйгөө намаасаа өрсөлдье гэж шийдсэн.

-Таныг нэг үе Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамтарч ажиллаж байсан. Тэгэхээр таны ард Ц.Элбэгдорж байгаа юу гэдэг хардлага явж эхэлсэн байна. Ер нь таны ард хэн байгаа бол гэдэг асуулт улс төрийн хүрээнийхний гол таамаг болчих шиг боллоо?

-Эмэгтэй улстөрчдийн ард тэднийг өөд нь татдаг, доош нь уруудуулдаг янз бүрийн улс төрийн том бүлэглэл, лобби хийдэг хүмүүс байдаггүй юм. Ц.Элбэгдорж даргатай таараагүй удаж байна. Хоёр жилийн өмнө санамсаргүй таараад уулзсан байх. Хүмүүс намайг энэ хүнтэй ойр ойрхон уулзаад, хуйвалдаад гар хөл нь болдог гэж төсөөлөөд байдаг юм шиг байна. Тийм зүйл байхгүй. Хий хардах хэрэггүй ээ л гэж хэлмээр байна.

-Таны эсрэг олон нийтээс сайн, муу дайралтууд гарч эхэлжээ. Ялангуяа таныг “Гадаад нөхөртэй” гэх эсэргүүцэл гарсныг анзаарсан байх?

-Анзааралгүй яахав. Хүмүүсийг эрхээ эдлэхдээ бусдын эрхэд хүндэтгэлтэй хандаасай гэж хүсэж байна. Өөр хэлэх юм надад алга.

-Сонгууль хүртэл зай байна. Ер нь тань руу ирэх дайралтуудыг тооцоолсон уу, сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэлтэй байна. Нам дотроо хэр өрсөлдөөн ихтэй байна гэж бодож байгаа вэ?

-Юун тулд би өчнөөн жил тэмцэж ирсэн билээ. Өөрийгөө сайн бэлтгэгдсэн гэж бодож байна. Өрсөлдөөн, дайралтад бэлэн байна. Мэдээж эмэгтэйчүүдийг дарж авахыг оролдох байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *