Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюундарь: Аав намайг сэтгүүлч болгох дургүй байсан

Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн захирал, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Сэтгүүлч Ц.Оюундарьтай энэ удаа сэтгүүлчийн амьдрал, уран бүтээлийн талаар ярилцсан юм.


-Саяхан таны аавынхаа тухай дурссан мөрүүдийг олж харсан л даа. Таны аав Мятавын Цагааны нэрийг радио сонсогчид сайн мэддэг. Та багадаа аавынхаа ажлын онцлогийг хэр мэдэрдэг байв?

-Монголын радиогийн хөдөө аж ахуйн редакцийнхан байнга хөдөө явдаг. Намар ургац хураалт, хавар мал төллөлт, зун отор нүүдэл, өвөл цас зуд гээд явчихдаг. Аав радиогийн Хөдөө аж ахуйн редакцид олон залуусыг авч сургаж, тэдэндээ цаг их зарцуулдаг байсан. Зун хөдөө явахдаа намайг авч явна. 69 машины ард сэгсчүүлээд явдаг байлаа. Аав боломж гарвал гэртээ цаг зарцуулахыг боддог. Гэрийн ажилд сайн. Сайхан хоол хийнэ. Өөрөө хувцсаа угаана. Цагаан голдуу хувцас өмсдөг, ганган хүн байлаа. Ажилтай хүний хүүхдүүд жаахан залхуу болчихдог юм байлгүй. Би аав шиг нямбай биш. Гэхдээ хоол унд хийх, гэр орноо зохион байгуулдаг чанарыг нь өөрийн эрхгүй сурсан л даа. Сурагч байхад “Пионерийн үнэн” сонинд заавал шүлэг бич гэдэг. Аав бараг өөрийнхөө түвшнээр шүүмжилдэг байсан. Өөрөө яруу найраг, зохиол ойлгодог учраас биднийг шүлэг цээжил, зохиол унш гэдэг. Бага дүүд дэвтэр дүүрэн шүлэг байдаг. “Шүлэг бич” гээд өрөөнд цоожилдог. Шүлгээ бичихгүй бол гарахгүй. Бичих чадварыг тэгж л суулгаж байж дээ.

-Сэтгүүлчийн хүүхэд сэтгүүлч л болж. Залуу сэтгүүлчдийг сургадаг байж. Ганц охиндоо харин нандин жор хэлсэн болов уу. Сэтгүүлч хүн ийм тийм байх ёстой гэж хэлдэг байв уу?

-Аав намайг сэтгүүлч болгох дургүй байсан. Өөрөө сэтгүүлчийн зовлон, жаргалыг мэддэг учраас охиныгоо арай гоё амьдруулах гэсэн байх. Дунд сургуульд байхдаа би математик, физикийн хичээлдээ сайн. Инженер болох хүсэлтэй байв. Яг төгсөх үед нийгэм солигдож, манай сургуульд шинээр ирсэн нийгэм судлалын багш намайг өөрчлөгдөхөд нөлөөлсөн. Ер нь сэтгүүлч болох ёстой юм байна гэж бодсон л доо. Сэтгүүлчийн ангид конкурс өгнө гэсэн чинь аав аймаар уурлаж, зөрөөд шалгалт өгч унаад, дараа жил нь орж байв. Төгсөөд 1993 онд телевизэд ороход аав радио, телевизийн байшинг сайн мэддэг болохоор “За, хов жив ярьж болохгүй. Энэ байшин хана нь хүртэл сонсдог юм шүү” гэсэн. Тийм л юм хэлсэн. (инээв)

Телевизэд Нийгэм, эдийн засгийн редакцид ороход, “Зах зээлийн онол үзсэн” гээд эдийн засгийн тойм хөтлүүлж байсан. Дараа нь улс төрийн нэвтрүүлэг хийдэг болов. Цаг үеийн тохироо бүрдэх гэж байдаг. Ажилдаа дөртэй болж байх үед маань 1996 онд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялсан. Тэр үед одоогийн үндэсний радио телевиз Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байв. Даргыг нь Ерөнхий сайд шууд томилдог байлаа. Социализмын үед радио, телевизийн дарга Намын төв хороо, Үзэл суртлын хэлтэст харьяалагддаг байсан.

Ардчилсан холбоо эвсэл ялахад өөрийн боловсон хүчин байгаагүй. Намайг 1996 онд ММ-д тоймчоор авсан. Мундаг тоймчидтой зэрэгцээд тоймч гээд явахаар сонин санагдаж байгаа юм чинь. Хувьсгалын тохироо нь бүрдээд би их эрт том том юм ярьдаг хүн болчихсон.

-Удалгүй та Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга болсон. Харин дараа нь Берклид сурч, гадаадын телевизэд ажиллах болсон нь таны харах өнцгийг өөрчилсөн үү?

-АНУ явахын өмнө би өөрийнхөө хувьд хамгийн том ажлаа хийсэн нь “Зууны луйвар” гээд нэг сэдвээр зургаан бүлэг баримтат нэвтрүүлэг байв. Гадаадад очоод, хэл сурч, байр сууриа олох гэж хэдэн жил зарцуулаад, 2006 онд Берклид орсныхоо дараа нэвтрүүлгийнхээ текстийг орчуулж, багш нартаа үзүүлсэн юм. “Би ийм ажил хийж байсан. Тухайн үедээ ямар алдаа хийсэн байна” гээд түүхээ ярьсан юм. Монголд тухайн үед энэ нэвтрүүлгийг эрэн сурвалжлах том бүтээл гэж үнэлж, Сэтгүүлчдийн холбооны шагналаар шагнаж байсан шүү дээ. Харин манай багш нар өөрөөр харсан. Энэ бол задлан шинжилсэн сэтгүүл зүйн бүтээл байна гэж дүгнэж байлаа.

Берклид орохоосоо өмнө би Америкийн “CBS” телевизийн Сан Францискогийн мэдээний салбарт орчихсон байсан л даа. Тэр бас их азтай тохиолдол болсон юм. Би Америкт очоод хэлээ сайжруулах, хоёр бага насны хүүхэдтэй ганц бие ээж учраас хүүхдүүдээ тэжээх гол зорилготой байлаа. Америкт байгаа дээрээ ихийг сурч мэдэж аваад, Монголдоо очоод өндөр цалинтай ажил хийнэ гэж зорьж байв. Үнэгүй сургалтад очиж суудаг. Өглөө нь кофе шопод ажиллана. Ажил 15 цагт тардаг. Хүүхдүүдийн сургууль 17-18 цагт тарах хооронд үнэгүй сургалт “хэснэ”. Фотошоп, монтаж хийх, камерын сургалтад очиж сууж билээ. Тэнд “Community centre” гэж төвүүдэд тэтгэвэрт гарсан экспертүүд үнэгүй хичээл заадаг. Монголд зурагтаар гардаг, бусдыг нь өөр хүмүүс хийчихдэг байсан. Америкт бүх юмаа өөрөө хийж сурлаа. Одоо бол монтаж энэ тэрийг гаргаахгүй шүү дээ. (инээв) Тэр үед “Community centre”-ийн зарлалын самбараас “Сайн дураараа, үнэгүй видео хийж өгөх хүн байна уу” гэсэн зар олж харлаа. Цагаач иргэдийг Америкт хөлөө олоход нь тусалдаг төрийн бус байгууллага байсан юм. Америкт дөнгөж хөл тавьсан хүмүүс ямар бэрхшээл туулж байгааг, тэдэнд ямар зүйл тустай байна гэдгийг гаргаж ирэх богинохон видеог сайн дураараа хийх хүн хайсан зарлал байсан юм.

Би сурснаа хэрэгжүүлэхээр “Камер, монтажны хэрэгсэл хангавал би хийгээд өгье” гээд хариу бичлээ. Тэгээд би кино хийж өгсөн юм. Тэр байгууллагын хөрөнгө босгох арга хэмжээ болж, гол супер од нь “CBS” телевизийн Сан Францискогийн оройн мэдээний хөтлөгч байлаа. Миний хийсэн видеог түүнд үзүүлэхдээ “Монголоос ирсэн хүн сайн дураараа хийсэн юм” гэж танилцуулжээ. Гэтэл тэр “Мэргэжлийн түвшинд хийсэн байна” гээд надтай танилцаад, “Манайд хүрээд ир” гээд мэдээний туслах ажилтнаар авсан юм. Ингээд өглөөний мэдээнд ажиллах боллоо. Тэнд ажиллаж байхдаа хоёр зүйлийг ойлгосон. Хаа сайгүй сэтгүүлчид ядуу л байдаг юм байна гэдгийг ойлгосон. Нүүр царай болдог супер оддоо л өндөр цалин өгдөг. Бусад нь бол дундаж америкуудын түвшинд л цалин авдаг юм билээ. Бид Монголд л сэтгүүлчид ядуу байна. Бусад оронд мундаг байна гэсэн төсөөлөлтэй байсан. Үгүй юм билээ. Хоёр дахь ойлгосон зүйл бол тэнд дотоод ёс зүйн дүрэм өндөртэй. Сэтгүүлчийн хийж байгаа юманд дарга, удирдлагуудын зүгээс ямар нэг коммент хэлэх, “Болно болохгүй” гэвэл аймаар бухимддаг. Биед нь зөвшөөрөлгүй гар хүрсний дайтай хариу урвал үзүүлдэг. “Энэ миний ажил, миний ажилд хэн ч хүрэх ёсгүй” гэсэн итгэл үнэмшилтэй байдаг юм билээ. Тэр нь гоё санагдсан. Манай сэтгүүлчид бол дарга нь боль гэхээр эхэндээ тэмцэх гэж үзсэн ч нугарчих гээд байдаг шүү дээ. Ерээд онд Данидагийн хэвлэх үйлдвэр, чөлөөт хэвлэлийг оруулж ирэх гээд маш их сургалт болдог байсан. Хоолтой сургалт гэхээр хүмүүс очих дуртай. Америкт ч бас яг тийм. “Үнэгүй пицца, пивотой” гэхээр нөгөөдүүл чинь хуралдаа аймаар идэвхтэй цугладаг. Хаана ч байсан хүмүүний амьдрал адилхан л юм билээ. Өөрийгөө илэрхийлж чаддаг, айж хулчийдаггүй байх ёстой юм байна гэж ойлгосон. Жилийн дараа Берклид өргөдөл өгч орсон. Супер одын намайг тодорхойлсон захидалтай Берклид орж байлаа.

-Таны сүүлд хийсэн “Дүнсгэр говийн дуугүй хувьсал”, “Гол бүхэн далайд цутгана” баримтат кинонуудыг үзэхээр гол дүр нь жирийн хүн байгаа нь содон санагдсан. Манайд бол том дарга л гол дүр болчих гээд байдаг шүү дээ?

-Тэр ”Гол бүхэн далайд цутгана” гээд баримтат киног ардчиллын 20 жилийн ойгоор Б.Дэлгэрмаа дарга продюсерлоод, намайг зохиолыг нь бич гэсэн юм. Хоёр ангит зохиол бичээд, 2009 онд нэгийг нь дараа жил нь нөгөөг нь гаргасан. Тэрэн дээр чи зөв ажигласан байна. Америкт баримтат кинонд баримталдаг хоёр зарчим байдаг. Нэг нь одоо эрх мэдэлтэй байгаа хүнийг гаргахыг зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр хуурамч нөлөөнд автсан, вакумжсан гэж үздэг. Тийм учраас дурсамжийн номыг хүртэл гаргахдаа тухайн хүнийг Ерөнхийлөгч байхад нь гаргадаггүй. Буусных нь дараа гаргадаг. 20 жилийн ойн үеэр манай партизанууд дарга нар байсан. Анхны 13-аас хамгийн энгийн яваа нь Дарь.Сүхбаатар байв. Хэв шинжит дүр гэдэг дээ. Тухайн үеийн хүмүүсийг төлөөлсөн дүр болгож гаргасан болохоос биш Дарь.Сүхбаатар хийсэн гээгүй л дээ.

-Үзэгчийн хувьд ч ардчилагчид гэхээр шууд санаанд буудаг хүмүүс гол дүр биш байсанд гайхсан л даа. Яагаад Дарь.Сүхбаатар гэж. … Энэ баримтат киноны дараа та ийм асуултыг бишгүй сонссон байх?

-Одоо хүртэл алергитэй. “Бид нарыг гаргаагүй, Дарь. Сүхбаатар хийчихсэн гэнэ ээ” гээд л. Нээлт хийхэд тэр үеийн партизанууд, өөрийгөө гол дүр гэж бодож байсан зарим хүн хаалга савж гарч байсан. Нээлтэнд ирсэн энгийн үзэгчид бол өөрөөр хүлээж авсан л даа.

-Сүүлийн үед та юунд цаг их зарцуулж байна. Баримтат кинон дээр ажиллаж байгаа юу?

-Би уг нь жил болгон нэг түүхэн баримтат кино хийх санаатай ажилладаг. 2009 оноос хойш 25-26 кино хийсэн. Дандаа XX зууны түүхийг голчилж байгаа. Яагаад гэхээр XX зууны бараг 60-70 жил нь социалзмын үзэл суртлаас болоод өөрчлөгдсөн зохиомол түүх. Бид л энэ түүхийг зөвөөр нь олж мэдээд тайлж хүргэхгүй бол болохгүй. Өөртөө ийм зорилго тавиад, түүхэн баримтат кинон дээр ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил барсангүй. Ковидоос болоод хийж чадахгүй байна. “Жорлонгоо өөрчилье” төсөл маань дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. NTV-тэй хамтраад “Ногоон коммент” гээд долоо хоног тутмын нэвтрүүлэг хүртэл гаргалаа. Энэ жилийн том ажил тэр л байлаа. Одоо шинээр хөгжүүлж байгаа бүтээгдэхүүндээ хөрөнгө оруулалт хайж байна. Жорлонгоо өөрчлөхөд гол нь иргэдийн оролцоо чухал. Өнгөрсөн хугацаанд гэр хороололд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил яагаад амжилтад хүрээгүй гэхээр дээрээс зохион байгуулах гэж оролдсон. Бид ийм асуудлууд байна, үүнийг ингэж шийддэг арга замууд байна, эндээс та бүхэн өөрсдөө сонгоорой гэдэг. Мэдээлэлтэй иргэд олон сонголтоос өөрт тохирохыг сонгох учиртай. Орон сууцанд орж 30 жил хүү төлөх үү, эрчим хүчний хэмнэлттэй, био жорлонтой, саарал усны шийдэлтэй байшин бариад, хашаандаа сайхан амьдрах уу гэдэг сонголт бий болгох учиртай. Иргэн өөрөө шийдвэр гаргах ёстой. Шийдвэр болгоны цаана халааснаас нь мөнгө гарна. Хөрөнгө оруулж байгаа иргэнийг хүндлэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжье гэдэг. Шийдвэр гаргаж байгаа иргэд ч бас хөрөнгө оруулагч. Тэднийг хүндэлж, сонголт хийх эрх өгөх учиртай. Ийм л ажил хийж байна.

-Уран бүтээл хийх гэтэл санхүүжилт олдохгүй байна гэдэг. Та харин яаж санхүүжилт олоод байдаг юм бэ?

-Хийх хүн аргаа олно гэдэг шүү дээ. Эдийн засаг сайн байхад дотоодын компаниуд түүхэн баримтат киног сайн дэмждэг. Түүхийг гажуудуулсан гэдгийг тэд сайн мэддэг. Бизнесийн салбарт яваа хүмүүс дунд социализмын үед эмээ, өвөө нь хэлмэгдэж, хөрөнгөө хураалгаж байсан хүмүүсийн үр сад олон байдаг. Эрх чөлөөгүй байсан, хавчлагын талаар эмээ, өвөөгөөсөө сонссон байдаг учраас дуртай санхүүжүүлдэг. Гэтэл одоо эдийн засаг сууриараа муудаад, компаниуд эрсдэлд ороод эхлэхээр хандивлагчдын дэмжлэг багасаад ирнэ л дээ. Ер нь хийж байгаа ажил маань үнэхээр итгэл үнэмшил төрүүлэхээр бол спонсор олддог.

-Ковидын үед хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Таны хувьд амьдрал яаж өрнөж байна вэ?

-Монголчууд дэлхийн талыг эзлээд төвхнүүлж байсан улс. Алтаар орд харш бариад үлдээх боломж байсан. Гэсэн ч Монголоо яг байгаагаар нь үлдээсэн. Нүүдэлчид бол хойч үедээ хог үлдээдэггүй. Монголдоо олон шавар байшин үлдээгээгүй. Социализмын үед баригдсан шавар байшингууд одоо буулгахад ч засахад ч хэцүү болчихоод байна шүү дээ. Суурин иргэншлийн хэв шинжийг авахгүй, байгааг нь ашиглачихъя гэсэн сэтгэхүйгээр явж байсан. Тэд бүгдийг үзэж туулаад, амьдралын утга учир энгийн байх юм. Хэрэглээ багатай байх юм байна. Хүнд ер нь нэг их юм хэрэггүй гэдгийг бүхнийг эдэлж үзсэн хүмүүс мэдсэн хэрэг. Одоо ковид үүнийг баталж байна. Орчин үеийн хүмүүс гадуур хэсч мөнгө үрээд, тэр мөнгөө олох гээд их хөдөлмөрлөж, гэр орондоо бага цаг зарцуулж, түүндээ бухимдаад байсан. Стресс тайлах үйлчилгээнүүд бий болоод тэрийг нь бас мөнгөөр авдаг. Ингээд мөнгөний тойрогт орчихсон. Ковид дэлхийн хүмүүст юу ойлгуулж байна гэхээр амьдралд тийм их юм хэрэггүй шүү дээ. Заавал үнэтэй зоогийн газарт орох хэрэггүй юм байна. Гэртээ сайхан хоол хийчихдэг юм байна. Манайхан чинь бас гайгүй хоол хийчихдэг юм байна гэдгийг ойлгуулсан. Хүмүүс энгийн амьдрал руугаа буцаж байна. Америкт хийсэн нэг судалгаа харсан. Маш олон гэр бүл гэртээ хүүхдэдээ цаг зарцуулаад эхлэхээр энэ амьдралын зөв хэвшил байна. Нийт судалгаанд оролцогчдын 35-40 хувь нь цаашдаа энэ хэв маягаар гэрээсээ ажиллах нь зүгээр юм байна гэж үзсэн байна лээ. Урд нь амсаж байсан тэр их стресс байхгүй болж байна гэж хариулсан байна. Монголчууд угаасаа л бага хэрэглээтэй улс. Миний хувьд гэртээ цаг зарцуулах дуртай байсан. “Жорлонгоо өөрчилье” багийнхан маань хоёр жилийн өмнө “Мини шийдэл” гээд апп хийгээд, үйл ажиллагаа маань онлайнд шилжсэн учраас ковидоос болж амьдралын хэв маягт том өөрчлөлт гараагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *