Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон нь хууль зөрчөөгүй гэж мэдэгдлээ.
Тэрээр “Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх бол УИХ-аар асуудлыг оруулж, хэлэлцүүлэн батлуулдаг ч АТГ-ын дэд даргыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилохдоо өөртэй нь санал солилцсон. Тухайн хүн өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр хуулийн дагуу болдог юм байна. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Ерөнхий сайд бүтэц хүлээхгүйгээр томилгоо хийж болно. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой” гэсэн тайлбар хийлээ.