Өнгөрсөн тавдугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар анги руу ачигдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Зайсан дахь 401 дүгээр ангид авчирчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, шүүхийнхэн “Дээрээс ирсэн шийдвэр. Хотод аваачиж эмчилгээ хийнэ” гэсэн тайлбар хэлсэн байна. Ц.Мөнхбаяр Хархорины хориход очсоноосоо хойш эмчлүүлэх тухай хүсэлт гаргаагүй бөгөөд өнгөрсөн баасан гаригт эсэргүүцэл үзүүлсэн ч хүлээж аваагүй аж. Тиймээс “Биеийн байдал нь хэвийн байхад эмчилгээ хийнэ гэсэн нь цаанаа учиртай асуудал” хэмээн холбооны гишүүд нь ХЭҮК-д ханджээ. Ц.Мөнхбаяртай хамт ял сонссон С.Дашцэрэнг биеийн байдлын улмаас хотод шилжүүлсэн байна. Дархан-Уул аймагт хуваарилагдсан тэрээр элэгний өвчтэй хэмээн Зайсан дахь 401 дүгээр ангийн эмнэлэгт хүргэгджээ.