Categories
мэдээ цаг-үе

Ц.Жигдэнгомбо: Мал маллах сайхан

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн малчин, Улсын аварга малчин Ц.Жигдэнгомботой ярилцлаа.

-Сайхан зусч байна уу?

-Сайхан зусч байна аа.

-Хотод ямар ажлаар ирэв?

-Хөгшинтэйгээ хоёулаа, хувийн ажлаар ирлээ. Эмнэлэгт жилдээ нэг удаа бие хаагаа үзүүлдэг юм. Бас “Малчин” телевизэд ярилцлаганд орох ёстой. Тэрэндээ орчихоод л байж байна даа.

-Танай нутгаар зуншлага хэр байна вэ?

-Хавар гайгүй сайхан болж ирсэн шүү. Манай нутагт цас их унадаг учир цасныхаа чийгийг дагаад нэг сайхан ногоорсон. Тэр ногоорсон дээр нь нэмж бороо орохгүй, хүйтрэхээрээ цас хаялаад олигтой чийг өгөхгүй байсан болохоор сүүл рүүгээ нэлээд гандуухан болсон. Одоохондоо гандуу байгаа гэсэн. Би нааш гараад хориод хоночихлоо.

Хотод орж байгаа энэ бороо чинь шар тос, өөх шүү дээ. Энд бараг ган тайлагдах хэмжээнд бороо орлоо. Нийт нутгаараа иймэрхүү ордог бол их л сайхан байна даа.

-Завханд бороогүй байна гэнэ үү?

-Залгаж асуусан бороогүй байна гэсэн. Ер нь энэ бороо чинь хамрын наана цаана л орчихдог юм шүү дээ. Байгаль их сонин.

-Танайх хэдэн малтай вэ?

-Хонь, ямаа голдуу өсгөж байгаа. 150 орчим үхэртэй. 20 гаран адуутай. Хонь, ямаагаа 2000 хүргэж үзсэн. Манай нутаг чинь эрс тэс уур амьсгалтай. Их хүйтэрдэг, цас их унадаг ер нь хэцүү газар. Дулаан, бараг цас унадаггүй говь нутгийг бодвол манай тэнд малын маллагаа огт өөр. Тэнд сүүлийн хэдэн жил хур бороо бага ордог болчихоод байгаа.

-Зуд гэдэг залхуугийнх гэж яриад байдаг?

-Ер нь тийм л дээ. Бас л хамрын наана цаана л мал үхчихсэн байдаг л даа. Гайгүй хүнийхээс хэдхэн, залхуу хүнийхээс овоо хэдэн мал үхчихсэн байх жишээний. Тэр чинь л маллагаа шүү дээ. Манай тэндхийн мал маллагаа энэ дулаан, цас бага унадаг газрынхаас шал өөр. Өвөлдөө зарим үед хасах 58, 60 хүрнэ. Өнгөрсөн жил хасах 58 хэм хүрч хүйтэрсэн. 25-30 сантиметр зузаан цасыг хэвийн цас гэж үзнэ. Тэрийг бол манайхан өнтэй жил гэж тооцно. Цасны зузаан 30 сантиметрээс хэтэрвэл зудархуу байдал руугаа ордог ийм онцлогтой нутаг. Аль аравдугаар сард л цасанд хучигдчихаар хаана ямар өвс байгааг мэдэх боломжгүй болчихдог. Тэрийгээ л малчин хүн эртнээс харна шүү дээ. Цас шуургатай үед энд нэг өдөр идүүлээд авах юм байна шүү. Энэ цэцэг ургамалтай газар байгаа юм байна гэдгийг малчин хүн л харж тогтоож авна. Эндээс малчин аваачаад ажиллуулахаар юу ч мэддэггүй. Улаанбаатараас хоёр малчин авч өвөлжингөө сургалаа даа. Эмнэг сургадаг бол би хүн сургасаар байтал дуусах нь дээ (инээв).

Аравдугаар сарын эхээр цасан бүрхүүл тогтоход л мал цас цавчиж эхэлнэ. Дөрөвдүгээр сар хүртэл цас цавчиж өвс олж иднэ. Малынхаа чанарыг сайжруулах гээд энд тэндээс мал аваачихаар эхний хоёр, гурван жил их л тордолгоо авна шүү.

-Сүүлийн үед хот газрын хүмүүс яргуй идсэн ямааны мах, адуу, хурганы засаа иднэ гээд хөдөөг зорьдог боллоо?

-Уураг шүү дээ. Амьд малын биенээс тастаад авчихсан мах юм чинь амьд мах юм. Тэр чигээрээ уураг. Уураг нөхөхөд янзын байдаг л даа. Танайх хургаа засч байна уу, малаа засч байна уу, хэлээрэй гэж эртнээс захина. Монгол улс чинь бэлгэдлээ бодоод уут будаа, савтай юм барьчихсан хүрээд ирнэ. Хүний юмыг яаж зүгээр идэх вэ дээ гэнэ. Өдрийн сайныг харж байгаад малаа засна. Тэр өдрийг андахаа байчихсан, бөөгнөрөөд ирнэ. Би тэднийхээс, эднийхээс иднэ гээд бүр айлуудаа хуваарилаад авчихсан байдаг шүү дээ.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Зургаан хүү, нэг охинтой. Отгон хүү маань аравдугаар ангид сурдаг. Хоёр нь нутагтаа мал малладаг. Бусад нь аймгийн төв, хотод байна.

-Фэйсбүүк хаягтай юу?

-Фэйсбүүк байхгүй. Би чинь бас дээр үеийн хүн болчихлоо. Тэр талаар сонирхдоггүй. Утас шөрмөсөөрөө л ярихаас биш. Зурагтаар мэдээллээ авна. Бидний үеийг бодоход юм хөгжсөн сайхан байна шүү дээ. Хот, хөдөөгийн ялгаа гэж байхаа больсон.

-Лааны үе ард хоцорсон?

-Бид лааны гэрэлд сохойдог байсан бол надаас өмнөх үеийнхэн маань тулганыхаа галанд л цохолздог байсан гэдэг. Суманд өндөр хүчдэл ороод ирчихсэн. Нарны зайтай. Үзье гэсэн бүх юмаа үзэж байна. Зурагт нь байна, хөргөгч нь байна. Эндээс зам харгуйг нь тавьчихсан. Гэрэл гэгээ, зам нь орчихсон. Улаанбаатараас дутаад байх юм байхгүй шүү дээ.

-Та хэдэн туслах малчинтай вэ?

-Зундаа нэг, өвөлдөө хоёр туслах малчин авдаг. Манайд туслах малчны тусгай гэр гэж бий. Гэрээ бариад өгчихнө. Нэг юм уу, хоёр жил ажиллаад явчихаар нь гэрээ хураачихна. Хүрээд ирэхээр нь гэрээ гаргаад бариад өгчихдөг.

-Таныг нутаг усныхандаа мал хуй нэлээдийг өгсөн гэж дуулсан юм байна?

-Хэд хэдэн хүнд үнэгүй мал өгсөн. Бас тавин хувийн хөнгөлттэйгээр ч олон хүнд мал өгсөн. Залуучуудад нэлээд хэдэн мал өгсөн шүү. Надаас мал авсан залуус дунд Аймгийн аварга малчин, Сумын аварга малчин ч болчихсон хүмүүс байна. Улсууд манайхаас мал авах дуртай. Өсч үржиж байгаа айлаас мал авахдаа ихэд бэлгэшээнэ.

-Эртээд малчны зөвлөгөөн дээр нэгэн мундаг малчин залуусыг хөдөө очиж малчин бол, дэмжье, цалин өгье гэж уриалж байгаа харагдсан?

-Надад бас хүн олдохгүй байна. Би туслах малчин авна. Гэр бүлтэй залуустай ярина. “Ахдаа гурав юм уу, таван жил гэрээ хийгээд ажилчих. Ах нь нийгмийн даатгалыг чинь төлье, цалин өгье. Зохих хэмжээний өөрийн гэсэн малтай болоод ав. Амьдралыг чинь хөөрхөн болгоод, хөл дээр чинь босгоё” гэхээр сайндаа нэг жил болоод л яваад өгнө. Манай тэнд очсон хүмүүс байгалийн хүнд хүчрээс нь их зугтана. Хүйтнээс нь зүрх алдана. Надад Говь-Алтайн нэг залуу гэр бүлтэйгээ ирээд таван жил ажиллаад хөл дээр сайхан босч аваад явсан даа. Малын дөртэй болж өөрийн гэсэн малтай болсон. Одоо нутагтаа мал маллаж байна гэж утсаар ярьдаг юм.

-“…Мал маллах сайхан даа

Малчин бидний жаргал шүү” гээд дуу бий дээ?

-Дуучин Ч.Алтантүлхүүр энэ дууг их сайхан дуулж байна. Энэ чинь ерөөсөө л мал маллах сайхан гэдгийг бүхэлд нь илэрхийлсэн дуу шүү дээ.

Хөдөөний хамгийн сайхан үе бол зудтай ч бай, зудгүй ч бай хавар малаа онд оруулчихаад төлтэй нь нэвсийтэл туугаад явах шиг сайхан юм малчин хүнд байдаггүй л юм даа. Мал нь нэвсийсэн, төл, ишиг, хурга нь майлалдсан. Их сайхан. Мал маллах сайхан. Тариачин хүн намар тариагаа нэвсийтэл хурааж авч байгаатай ижил шүү дээ. Хавар цагт малчин хүн хамгийн сайхан баярламаар, сэтгэл өөдрөг явдаг нь тэрэнтэй л холбоотой. Хавар цагт тэгж малаа туугаад өвөлжөөнөөс гарах сайхан байдаг юм.

-Хотынхон намар болтол амарч, найрлаад хот бараг эзгүйрчихдэг. Харин малчид наадмын маргаашнаас л өвлийн бэлтгэлдээ ханцуй шамладаг?

-Наадмын дараа намар. Өвсөө энэ жил хаанаас авдаг билээ. Гандуу байгаа болохоор хаанаас тэжээлээ базаана даа гэж байнга бодно. Тэжээлээ олон хоногийн ард гарахаар нөөцлөх ёстой. Нэн ялангуяа манай нутагт сарын нөөцтэй байхгүй бол болохгүй. Тэр олон малыг онд оруулна гэдэг хэцүү шүү. Ганц шөнө л цас дарчихдаг. Өглөө нь мал хөдлөх боломжгүй болдог. Тэгэхээр сарын нөөц тэжээлтэй байх хэрэгтэй. Манайх жилд 1500-2000 боодол өвс авдаг. Би чинь бараг сумын нөөцтэй адил хэмжээний өвс нөөцөлж авдаг хүн шүү дээ. Одоо үед хуучных шиг гараараа хадлан хадна гэж байхгүй. Өвс нь байвал трактор, техник нь бэлэн. Өвс нь байгаад залхуугүй бол хадлан бэлтгэхэд хэцүү юм ер байхгүй.

-Малд нүдтэй, эмнэг сургадаг, сааль сүүнд сайн хүүхдүүд байна уу?

-Хөдөөгүүр эмнэгээ сургадаг хүүхдүүд байна аа байна. Харин мал саадаг, цагаан идээ боловсруулдаг хүүхэд ховордсон. Энэ бол хүний амьдрал дээшилсэнтэй холбоотой, хоёрдугаарт хүний эрхтэй холбоотой юм. Захиргаадалтын үед саахаас өөр аргагүй байсан. Одоо бол хүний эрх гэж сайхан юм ярьдаг болсон болохоор саалиа саана уу, үхрээ саана уу өөрийнх нь хэрэг. Амьдрал нь болж байвал тэр хүний л дурны ажил болчихсон юм даа. Хангалуун амьдралтай байх тусмаа малаа саагаад орон нутагтаа нэмэрлээд, байхгүйдээ байлгаж өгөөд, малаа энд тэнд тавиад сүү таргийг нь нийлүүлээд явж байхад өөртөө ч хэрэгтэй, өрөөлд ч сүү, тараг нь элбэг дэлбэг байж байвал сайхан л байна шүү дээ гэж боддог юм.

-Та сая малаа 2000 хүргэж байсан гэлээ. Цөөлсөн юм уу?

-Цөөлсөн. 2009 оны зуднаар бас нэлээдийг алдсан шүү. 2004 онд сумынхаа анхны Мянгат малчин болж байсан юм. 2007 онд бас л суманд Аймгийн аварга малчин байхгүй байхад аварга болж байлаа. Тэгээд 2009 онд 1800 гаран малтай байснаа 400 гаранг нь явуулаад “За даа, болохгүй юм байна” гэж бодоод өсгөхөө байгаад 1000-1500-гийн хооронд тоо толгойг нь барьдаг болчихсон. Би өнгөрсөн өвөл 36 жилийн дараа Улсын аварга малчин болсон.

-36 жилийн дараа гэдгээ тайлбарлахгүй юу?

-1982 онд манай сумаас Улсын аварга малчин төрөн гарсан байдаг юм. Тэгээд 36 жилийн турш дахин Улсын аварга малчин гараагүй байсан.

-Та хэдэн жил мал маллаж байгаа вэ?

-Насаараа мал маллаж байна.

-Таныг 1990-ээд онд мал хувьчилж аваад л хөдөө гарсан юм болов уу гэж бодож байлаа. Харахад насаараа мал дагасан шинжгүй, аль нэг төрийн байгууллагад ажиллаж байсан юм болов уу хэмээн таамаглахаар юм?

-Хүмүүс намайг анх хараад тэгж бодоод байдаг юм. Би чинь эхээс 13, 14-үүлээ л дээ. Аав маань намайг “Ганц хүүгээ би мэднэ” гээд ерөөсөө сургууль соёлд явуулаагүй. Аав минь эрдэм номтой лам хүн байсан. Намайг малчин болгоно гээд гуравдугаар ангиас сургуулиас гаргаад дэргэдээ авсан. Тэрнээс хойш л мал маллаж явна даа.

-Мянгат малчны мал гэж хөндийг бүрхсэн л юм хуйлраад ороод ирдэг сэн. Бас ч сүртэй шүү. 1500 мал гэхээр түүнээс ч их байлгүй?

-Их л дээ. Зуны цагт мэдэгддэггүй юм аа. Өвөл цас их унаад ирэхээр хотноос нь гаргахад сүртэй. “Энэ ч дээ, цас улам их орвол энэ их малыг онд оруулна гэдэг хэцүү ч юм аа даа” гэх ухааны юм бодогдоно доо (инээв).

-Хонь мянга хүрчихээр идэх юм олдоггүй гээд байдаг нь үнэн үү. Энэ ямар утгатай юм бол. Мал нь өсөх тусам харамч болчихдог гэж арай ойлгож болохгүй байх?

-Малаа өөрөө гаргана. Гаргахдаа учир утгатай гаргана. Маани уншина. Би аавынхаа хааяанд олон жил болсон болохоор хэдэн маань сураад авчихсан. Манай аав мал муулдаггүй байсан. Би тэр ажлыг хийхээс өөр аргагүй болсон. Ганцхан намайг мал дээрээ авсан гол зорилго нь тэр. Морио аргамжлуулж, малынхаа голыг тасдуулъя гэж дэргэдээ авсан юм билээ. Анх малаа гаргахдаа зүрх жигтэйхэн үхдэг байлаа. Харин сүүлийн үед би өөрөө мал гаргахаа байсан. Хүн амьтнаас голыг нь тасдаад өгөөч гэж гуйж байгаад гэртээ зул барьж, мэддэг, чаддаг мааниа уншина. Малчин хүн гэдэг чинь малаа барьж аваад л алаад идээд байдаг хүмүүс биш шүү дээ. Хоосон хонодог тэвчээртэй. Өнөөдөр юу гэхэв, цагаан идээгээ идээд хоноё гэнэ. Малыг муу өдөр муулахгүй. Бас дүйчин өдрүүдээр амийг нь таслахгүй. Малаа гадагшаа өгдөггүй цээртэй өдрүүд ч байна. Малчин хүн тэр бүх гариг, цагийг мэддэг.

Өөрийнхөө гараар, хөдөлмөрөөр өсгөсөн малаа аль болох л далд, нүднээсээ хол амийг нь таслуулахыг хичээдэг болчихдог юм билээ. Малчин хүн чинь мал тус бүрээ мэддэг, таньдаг болчихсон байдаг. Адуу зуу хүрэхээр унах морь олдоггүй, хонь мянга хүрэхээр идэх хонь олдоггүй гэдэг. Тэр олон мал дунд иртэй, чадалтай төл сайтай, ноолуур, ашиг шим сайтай нь бас бий. Тэр малаа хайрласаар л байгаад хамгийн сүүлд нь “Эвий минь олон жил буянаа хайрлалаа даа” гээд өөр хүнд өгөөд явуулдаг шүү дээ.

Та сая надаас асуулаа, 1990 онд мал хувьчилж аваад хөдөө гарсан юм болов уу гэмээр харагдлаа гэж . Малчин хүн гэхээр л хувцас нь гандсан, хар бараан царайтай хүмүүс байдаг гэж ойлгоод байдаг тал бий л дээ (инээв). Хүн өөрийгөө яаж авч явахаас л бүх юм шалтгаална шүү дээ. Би төрийн албанд ажиллаж, дарга, цэрэг хийж үзээгүй хүн.

Залуустаа хандаж хэлэхэд, энэ Улаанбаатарт ажилтай, ажилгүй овооролдож байхаар хөдөө ажлын байр их байна. Мал маллаач ээ. Хөдөө, хот хоёрын ялгаа байхгүй болсон. Хүний хардаг, үздэг бүх юм хөдөө байна. Хотод ажил олдохгүй байхад битгий хот руу яваач ээ. Хөдөө очиж малаа маллавал сайхан байна. Орон нутаг, засаг захиргаа нь харж үзнэ шүү гэдгийг залуустаа уриалъя.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *