Categories
мэдээ улс-төр

Ц.Идэрбат: Андлалын хөшөөг одоо яриад яахав. Дараа ярих боломж олон гарах байх

Нөхөн сонгуулийн дүнгээр УИХ-д сонгогдон, өнөөдөр парламентын гишүүний тангараг өргөж, үнэмлэх, тэмдгээ гардан авсан Ц.Идэрбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа танилцуулбал?

-Нөхөн сонгуулийн дүн баталгаажин, УИХ-ын гишүүний тангарагаа өргөснөөр өнөөдөр анхны чуулганы хуралдаандаа суулаа. Тангарагийн үгэнд бүх зүйл тодорхой байгаа. Улс орон, ард түмний эрх ашгийг дээдлэнэ гэдэг зарчим баримтална.

Яг одоо УИХ-аар 2022 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ хүрээнд асуудлаа тавина.

-Та намынхаа гишүүдийн дэмжлэгээр УИХ-ын гишүүн боллоо. Тэгвэл таньд санал өгөөгүй, сонгуульд оролцоогүй иргэдийн итгэлийг яаж олж авах вэ?

-Сонгуулийн ирцтэй холбоотой асуудлыг СЕХ-ноос асууж тодруулах нь зүйтэй болов уу. Энэ удаагийн сонгуульд зөвхөн МАН-ын гишүүд оролцсон гэж бодохгүй байна.

Сонгуулийн дүнтэй холбоотой асуудалд байр суурь илэрхийлэх нь миний хувьд зохимжгүй гэж бодож байна.

-Та хамгийн эхэнд ямар хуулийн төсөлтэй танилцсан бэ?

-Энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө Монгол Улсын төсвийн тухай хууль батлагдах ёстой. Тиймээс энэ хуульд анхаарах ёстой гэж ойлгож байгаа.

-Сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт хамгийн өндөр төсөв тавигдаж байгаа. Ирэх онд тус аймагт хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ?

-Сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь үнэн. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Засгий газраас гаргасан шийдвэр амьдрал дээр хэрэгжиж байгаагийн илрэл гэж харж байгаа. Монгол Улсын Засгийн газар цаасан дээрх бодлогоо хэрэгжүүлж байна.

-Хоёр тэрбум төгрөгөөр Андлалын хөшөө бариад, түүнийгээ нураасан нь Засгийн газрын бодлого гэж ойлгож болох уу?

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хэнтий аймагт хийж байгаа ажлуудын талаар танилцуулах боломж дараа нь гарах байх. Дөнгөж эхлээд нураасан Андлалын хөшөөг яриад яахав. Ярих боломж олон гарах байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *